ХАРИЛЦААГ УСТГАДАГ НОМЕР НЭГ ДАЙСНААС ХЭРХЭН ЗАЙЛСХИЙХ ВЭ?

ХАРИЛЦААГ УСТГАДАГ НОМЕР НЭГ ДАЙСНААС ХЭРХЭН ЗАЙЛСХИЙХ ВЭ?

Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. 2 Коринт 2:10

“Хүндэт Сала, нөхөр бид хоёр маргалдахаар нөхөр маань яваад өгдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа юу ч болоогүй юм шиг хүрээд ирдэг. Намайг гомдоосон үедээ ч уучлал гуйдаггүй. Үүнд нь миний уур их хүрдэг. Түүнтэй огт харилцмааргүй санагддаг. Танд бидэнд өгөх зөвлөгөө байна уу?” хэмээн нэгэн сонсогч маань асуусан байна.
Өөр нэгэн сонсогч маань “Хэрвээ эр хүн эхнэрээ ном шиг уншиж чадна гэж бодож байгаа бол тэр хүн өөрөө бичиг үсэг тайлагдаагүй хүн байна” хэмээн хошигнон бичсэн байсан. Эрэгтэй эмэгтэй хүмүүс олон талаараа ялгаатай байдгийн дотор зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаараа эрс ялгаатай байдаг. Яагаад энэ нь тийм чухал юм бэ гэвэл эмэгтэйчүүд ихэвчлэн зөрчилдөөнийг дуусгавар болгохыг хүсдэг.
Хэдийгээр та үүнийг сайтар ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох ч үнэндээ зөрчилдөөн өөрөө хэзээ ч харилцааг устгадаггүй. Харин ч зөрчилдөөн харилцааг улам бэхжүүлдэг. Харин тэрхүү зөрчилдөөнийг шийдвэрлэхээс зайлсхийснээрээ бид харилцаагаа нураадаг. Гэтэл эвлэрч, уучлал гуйж, уучлахгүйгээр зөрчилдөөн шийдэгддэггүй.
Эрчүүдийн хувьд уурлаж муудалцсаныхаа дараа гарч яваад цагийн дараа юу ч болоогүй юм шиг эргэн ирж чаддаг. Эсвэл тухайн асуудлыг цаашид огт ярихгүй байж, зүгээр л юу ч болоогүй юм шиг байхыг хүсдэг. Тэд тэвэрч, үнсэж, үүгээрээ бүх зүйл ОК болчихлоо гэж итгэхийг хүсдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд тэд шийдвэрлэгдээгүй зөрчлүүдийг дотроо хадгалж, хураасаар байдаг бөгөөд үүнээсээ болоод тэд стресстэж, тэдний уур бухимдал дээд хуримтлагдсаар байдаг.
Тэгвэл шийдэл яагаад чухал юм бэ? Учир нь энэ бол буруу үйлдлийн үр дагаварыг таслан зогсоох цорын ганц арга зам. Зөрчилдөөн үүсвэл нүүр тулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Есүс сургаж байсан. Тэрээр дагалдагч нартаа хандан хэрвээ хэн нэгэн тэдний эсрэг буруу зүйл хийсэн бол тэд тухайн хүн дээр очиж буюу тухайн хүнтэйгээ нүүр тулан уулзаж, өөрт нь ямар буруу зүйл хийснийг хувьчлан хэлэх ёстой гэж сургасан байдаг. Шинэ Гэрээн дээр гардаг “УУЧЛАЛ” гэсэн Грек үгийн утга нь “БУУЖ ӨГӨХ”, “ОРХИХ” гэсэн утгатай үг байдаг.
Уучлал гэдэг үг нь та өөрийг чинь хохироосон хэн нэгнийг хариу хохироох эрхээсээ татгалзана гэсэн үг юм. Хэн нэгнийг жинхэнээсээ уучилна гэдэг нь тухайн зүйлийг тэр чигт нь хойш тавьж, тэр зүйлийг дахиж сөхөхгүй гэсэн үг.
Бид бусдыг уучлахдаа Бурхан биднийг уучилсан шиг уучлах ёстой гэдгийг Библи бидэнд тодорхой хэлдэг. Харин бид бусдыг уучлахаас татгалзаж, уур хилэн, атаа хорслоо тээн амьдрах үедээ бид ямар их уучлал өршөөлийг Бурханаас хүлээн авснаа мартдаг.
Зарим хүмүүсийн хувьд, ялангуяа эрчүүдийн хувьд “Уучлаарай, миний буруу, намайг өршөөгөөрэй” гэж хэлэхэд маш хэцүү байдаг. Учир нь ингэж хэлснээрээ зөрчилдөөн маргаанд ялагдаж байгаа юм шиг түүнд санагддаг. Гэхдээ өөрсдийн нураасан харилцааг сэргээж, амар тайвныг эргүүлэн авчирч л байвал маргаанд хэн ялах нь тийм чухал гэж үү?
Есүс хэлэхдээ, “Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна" (Марк 11:25) гэсэн байдаг.
Зөрчилдөөнийг шийдвэрлэж, хаана гэдэг маш чухал. Тэгвэл муудалцсан хүнээ тэврээд үнсчихээр л асуудал шийдвэрлэгдчихдэг гэж үү? Эрчүүд ингэж боддог. Харин эмэгтэйчүүд өөр бодолтой байдаг. Бурханы өмнө болон бусдын өмнө буруугаа ухамсарлаж, буруугаа хүлээх нь эдгэрлийг авчирдаг. Тэр цагт асуудал жинхэнээсээ хаагддаг.
Энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах биш харин зүрх сэтгэлээсээ хандах нь чухал юм. Хэрвээ таны төрж өссөн гэр бүлд уучлалын ач холбогдлын талаар танд зааж сургаагүй бол Ариун Сүнс танд Бурханы хэмжээлшгүй уучлал өршөөлийг зааж сургахын төлөө залбираарай. Тэгээд Бурханы уучлал өршөөлийн загварын дагуу би ч бас бусдад тийнхүү хандъя гэсэн шийдвэрийг гаргаарай. 
Элч Паул бичихдээ, “Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил” (Колоссай 3:13) гэсэн байдаг.
Зөрчилдөөн маргааныг нэг тийш нь болгож хаах нь мэс засалч мэс заслаа хийснийхээ дараа шархыг цэвэрлэж, нямбайлан оёхтой адил чухал. Хэрвээ ингэхгүй бол тэр шарх дахин үрэвсэх болно. Тэгвэл бидний зүрх сэтгэл ч үүнтэй адилхан.


БУРУУГАА ХҮЛЭЭХ НЬ ШАРХЫГ ЦЭВЭРЛЭХ МЭТ, УУЧЛАЛ ӨРШӨӨЛ НЬ ШАРХЫГ ОЁХ МЭТ ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ.