ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ ЧИНЬ ТАНД ЮУГ САНУУЛЖ БАЙНА ВЭ?

ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ ЧИНЬ ТАНД ЮУГ САНУУЛЖ БАЙНА ВЭ?

Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Тооллого 14:9

Өөрөөс нь хоёр гурван тохой өндөр нуруутай, хүчтэй нэгэн тулж ирээд сүрдүүлэх юм бол хэр баргийн хүн сүрдэж таарна. Учир нь бид бүгд өөрсөдтэйгөө нуруу ойролцоо дайсныг илүүд үздэг шүү дээ. Өөрийнхөө хэр хэмжээнд таарсан зүйлтэй өрсөлдөж байж бидэнд ялах боломж гарч ирнэ гэсэн үг. Гэвч амьдрал тэр бүр шударга байдаггүй.
Заримдаа амьдрал бидний хэрээс хэтэрсэн дэндүү том асуудлуудыг бидэнд өгдөг. Тэр асуудлуудын дэргэд бид яг л балчир хүүхэд шиг, юу ч хийж чадахүй сул дорой нэгэн мэт болж хувирдаг. 
Иошуа Калеб хоёр бусад 10 хүний хамтаар Амлагдсан газрыг туршихаар явсан. Харин тэдгээр туршуулууд эргэж ирэхдээ “Тэр нутагт бид Анакуудын үр удмыг харлаа” гэж тэд дуу алдсаар ирсэн. Тэдгээр 12 туршуулаас 10 нь тэр дороо бууж өгөөд Египетийн боолчлол руу буцаж явахад бэлэн болсон байсан. Харин тэдний дундаас хоёр хүн болох Иошуа, Калеб хоёр “Тэр нутагт аварга биетнүүд амьдардаг нь үнэн боловч Бурхан тэднийг бидэнд гарцаагүй өгөх болно” хэмээн итгэлтэйгээр тунхагласан. 
Нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Иошуа нэгэн гайхамшигтай үгийг хэлсэн. “Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун” (Тооллого 12:9) хэмээн тэр уриалсан. “Дайснууд бидний хоол болно” гэж Иошуа хэлсэн. Энд гарч байгаа “хоол” гэдэг үг нь зарим орчуулганд “талх” гэсэн үг байдаг. Тухайн үеийн талх нь бидний мэдэх бинтэй адилхан байсан. Өөрөөр хэлбэл “та нарын айгаад байгаа бидний дайснууд бидний өмнө хавтгай бин шиг болох болно” гэж хэлсэн. 
 “Тэднийг Бурхан хэрхэн бут цохихыг харахдаа та нарын итгэл батжих болно, хүн хоол идээд хүчтэй болдог шиг дайснууд чинь бут цохигдохыг хараад Бурханд итгэх итгэл чинь хүчтэй болох болно” гэж Иошуа тунхагласан. 
Тэгвэл өнөөдөр таны амьдралд тулгараад байгаа аварга том асуудлууд ч гэсэн үүнтэй адилхан юм. Мэдээж та аварга том дайсантай нүүр тулъя гэж хүсэхгүй нь лавтай. Гэхдээ хоол байхгүй бол бид үхнэ. Үүний нэгэн адил амьдралд чинь тулгарах тэр том асуудлуудыг Бурхантай хамт ялан дийлэхээс нааш Бурхан бол бидний амьдрал дахь ямар ч том асуудлаас илүү агуу Нэгэн гэдгийг бид ойлгон ухаарч чадахгүй шүү дээ. 
Аварга том асуудлууд бидний сул талыг бидэнд харуулдаг. Мөн бид өөрсдийн мэргэн ухаан, хүч чадлаар биш харин Бурханы хүчээр тэдгээрийг ялан дийлдэг юм байна гэдгийг бидэнд ухааруулдаг. Мөн танд төрж буй айдсын хэмжээ нь таны итгэлийн хэмжээг харуулж байдаг юм. Ихэнх тохиолдолд бид аварга том асуудлаасаа дээгүүр харцаа өргөн Бурханы хүч чадлыг олж харж чаддаггүй. Харин бид тийнхүү Бурханы хүч чадлыг харах үед Бурхан тэр бүх аварга асуудлуудыг өчүүхэн жижиг болгон харагдуулдаг. 
Нэгэн мэргэн хүн хэлэхдээ “Хүнд хэцүү асуудалтай нүүр тулах бүртээ өөрөөсөө ингэж асуу. “Би энд өлсөж үхэх үү эсвэл би үүнийг идэх үү?” гэж. Хэрвээ та ялалт байгуулахын тулд Бурханд найдаж байгаа бол, Бурханы амь таны дотор дүүрэн бялхахыг зөвшөөрч байгаа бол тэр цагт та дахин хооллож тэнхрэх болно. Хоолоо сайн идэхгүй бол өсч том болохгүй. Тэгвэл бидний хувьд Бурханы үг бидний хоол болдогоос гадна бидний өмнө тулгардаг аварга том асуудлууд ч бидний хувьд хоол болдог юм шүү” гэсэн байдаг. 
Тиймээс хэрвээ өмнө чинь аварга том асуудал тулгарвал та инээмсэглээд өөртөө “Миний идэх талх ирж байна” гэж хэлээрэй. Аварга том асуудлуудыг ч ялан дийлж чадах Бурханд бүх талархлыг өргөцгөөе. 
Иошуагийн зөвлөгөө одоо ч бидэнд ач тустай хэвээрээ. Бурханы эсрэг бүү тэрсэл. Аварга том асуудлаас бүү ай. Харин Давид шиг Эзэний нэрээр нүүр тул. 


АВАРГА ТОМ АСУУДАЛ ЧИНЬ ТАНЫ ИТГЭЛИЙГ ТЭТГЭХ ТАЛХ БОЛОН ХУВИРНА.