ӨӨРИЙН АМЬДРАЛД ХАНДСАН БУРХАНЫ ЗОРИЛГЫГ ХЭРХЭН ОЛЖ МЭДЭХ ВЭ?

ӨӨРИЙН АМЬДРАЛД ХАНДСАН БУРХАНЫ ЗОРИЛГЫГ ХЭРХЭН ОЛЖ МЭДЭХ ВЭ?

Давидын хувьд тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсож, эцэг өвгөдийнхөө дунд тавигдан, ялзралыг үзсэн ажгуу. Үйлс 13:36

Библи бол гайхалтай ном. Учир нь энэ бол Бурханы онгодоор бичигдсэн бөгөөд амьтай ном юм. Нөгөөтэйгүүр Библи маш шударга ном. Библиэс бид янз бүрийн цаг үед амьдарч байсан, Бурханаар гайхамшигтайгаар хэрэглэгдэж байсан хүмүүсийн түүхийг олж уншиж чадна. Бурханыг маш ихээр хайрладаг ч маш том алдаа гаргаж байсан хүмүүсийн талаар ч бид унших боломжтой. Тэгвэл Бурханд итгэх итгэлээр дүүрэн ч, амьдрал нь алдаа зөрчлөөр дүүрэн байсан нэгэн хүний түүхийг санацгаая. Тэр хүн бол Давид юм. Түүний амьдрал бидэнд тэдгээр итгэлийн баатрууд ч мөн бидэнтэй л адил хүмүүс байсныг гэрчилдэг. Хэдийгээр бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс боловч бид энэ дэлхийд амьдрахдаа гэм нүгэлтэй мөн чанарыг тээн амьдардаг. Тиймдээ ч бид байнга гэм нүгэл үйлдэж байдаг. 
Хоньчин хүүгээс эзэн хаан болж чадсан Давидын түүхийг мэдэх үү? Бурхан түүнийг тодорхойлохдоо “Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрсдийнх нь амьдралд хандсан Бурханы зорилгыг олж мэдэхийг хүссэн хүмүүсийн хувьд Давидын амьдралаас сурч мэдэх зүйл маш их. Давид амьдралдаа зовлон бэрхшээл, айдас түгшүүр, сэтгэлийн шаналал, бүтэлгүйтэл, алдаа зөрчил гээд бүгдийг амсаж үзсэн. Түүний амьдралын тухай өгүүлэхдээ Библид түүнийг бусдын эхнэртэй завхайрсан тухай өгүүлээд зогсохгүй, хуйвалдаан зохион байгуулж тэр эмэгтэйн нөхрийн амийг хөнөөсөн тухай хүртэл өгүүлсэн байдаг. Гэвч энэ бүх алдаа зөрчлөөс үл хамаараад түүний Бурханы төлөө гэсэн сэтгэл хувиршгүй хэвээрээ байсан. Тэрээр Бурханы өмнө ямагт чин сэтгэлээсээ байж, Бурханд өөрийгөө зориулах чин хүсэл эрмэлзлээр ямагт дүүрэн байсан юм. 
Түүний бичсэн нэгэн Дуулалд биднийг өөрсдийн амьдралд хамгийн чухал зүйлст анхаарлаа хандуулан амьдрахад тустай хэд хэдэн зөвлөгөө байдаг. Дуулал 37:1-т хэлэхдээ Давид “Ёр мууг үйлдэгчээс болж санаа бүү зов, бурууг үйлдэгчдэд бүү атаарх” гэсэн байдаг.  Энд шударга бус, ёрын муу замаар амжилтад хүрэгсдийн талаар өгүүлэхдээ Давид “ТЭДЭНД БҮҮ АТААРХ” гэж хэлсэн. Тэдний худал хуурмаг, хууран мэхлэлтээс болж бүү уурлаж бухимд гэсэн. Учир нь “тэд удахгүй өвс шиг хорчийн хатна. Ургамал ногоо шиг хагдарна” гэсэн. Үүний оронд бид Бурханд болон бидний амьдралд хандсан Түүний зорилгод анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дараа нь тэр дөрвөн үйл үгийг дараалуулан хэрэглэсэн байдаг. ИТГЭХ, БАЯРЛАХ, ЗОРИУЛАХ, АМРАХ.
Юуны түрүүнд тэрээр, “ЭЗЭНд итгэж, сайныг үйлд” гэж хэлсэн. Үүнийг үйлдэгчид нь “газар нутагт сууж, үнэнч байдлыг хоолоо болгоно” гэж хэлсэн. Энд хэлсэн “сайныг үйлд” гэсэн нь зөвхөн зөв сайн зүйлсийг ярих тухай хэлээгүй. Харин зөвт амьдралаар амьдрах, зөв шударгыг үйлдэх тухай өгүүлсэн байна.
Дараа нь Давид хэлэхдээ “ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний хүслийг чинь өгнө” гэж хэлсэн. Та бодоод үзээрэй. Та юунд баярладаг вэ? Өөрийн гадаад үзэмж үү? Өөрийн нэр нөлөө юу? Өөрийн авъяас чадвар, хүч чадал уу? Тэгвэл энэ бүхэн улиран одох болно гэдгийг Давид хаан амьдралаараа олж мэдсэн. Мөн итгэгч бидний хувьд Эзэнд баярлан амьдрах учиртайг тэр ойлгосон. Бурханы сайн сайхан, Түүний өршөөл нигүүлсэлд баярлах хэрэгтэй гэж гэрчилсэн. Учир нь Бурхан бидний зүрхний хүслийг биелүүлдэг, мөнгөөр худалдан авч чадахааргүй тэр ивээл ерөөлүүдийг Бурхан бидэнд өгдөг гэж Давид гэрчилсэн. 
Дараа нь Давид “ЭЗЭНд замаа даатга. Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө” гэж хэлсэн. Бид өөрсдийн хүслийг Бурханд тулгах тухай Давид хэлээгүй. Харин бидний амьдралд хандсан Бурханы зорилгыг мэдэж, Түүнд өөрсдийн хүслийг захируулах үед, тэгээд Бурханд чин сэтгэлээсээ итгэж найдах үед Бурхан тэр бүх зүйлсийг биелүүлэх болно гэж Давид хаан тунхагласан. 
Эцэст нь тэр анх ярьж байсан сэдвээ буюу ёрын муу хүмүүсийн талаар дахин өгүүлсэн. Ингэхдээ Давид хаан, “ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос, хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!” гэж хэлсэн. Учир нь “Мууг үйлдэгчид таслагдана” гэж Давид тунхагласан. Өөрөөр хэлбэл ёс бусыг үйлдэж буй тэр бүх хүмүүсийг Бурхан шударгаар шүүх болно.  
Харин тэр цагийг хүртэл бид Давид хаанаас суралцаж илүү чухал зүйлст анхаарлаа хандуулан амьдрах учиртай. Энэ нь биднийг илүү сайн хүмүүс, илүү бурханлаг хүмүүс болгон өөрчлөх болно.