БИД ЯАГААД БАЙГАЛЬ ДЭЛХИЙДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

БИД ЯАГААД БАЙГАЛЬ ДЭЛХИЙДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.  Иов 41:11

Газрын тос тээвэрлэж явсан хөлөг далайд живснээс асар их хэмжээний газрын тос далайд асгарч далайг бохирдуулж байгаа тухай бид сонсдог. Хуванцар хог хаягдлууд болон химийн хог хаягдлуудаас болж загас болон далайн амьтад үхэж үрэгдэж байна. Гялгар уут болон лааз савны хаягдлууд хээр талыг бохирдуулж байна. Тэгвэл энэ бүхнийг сонсоод таны сэтгэл өвддөг үү? Таны санаа зовнидог уу?
Малти Бабкокийн өнгөрсөн зуунд зохиосон нэгэн гайхалтай магтуу дуунд “Энэ бол миний Эцэгийн дэлхий. Байгаль дэлхий бүхэлдээ Түүний алдрыг магтаж байгааг би сонсож байна” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл тэр гайхамшигтай дэлхий ертөнц одоо ч Бурханых хэвээрээ юм. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Сүүлийн нэг зуун жилийн хугацаанд хүн амын өсөлт эрчимтэй явагдаж, хүмүүс хуванцар, синтетик материалуудыг ихээр хэрэглэх болж, химийн хог хаягдал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор экологийн тэнцвэртэй байдал эрс алдагдсан байна. Байгалийн бохирдол, хөрсний бохирдол, агаарын бохирдол, далай тэнгисийн бохирдол хаа сайгүй газар авч өнгөрөгч зууны хүмүүсийн хэзээ ч төсөөлж чадахааргүй тийм аймшигтай бохирдол дэлхий ертөнцөд нүүрлээд байна.
Нэг удаа би хүүхдүүдтэйгээ ууланд аялж яваад тэртээ хол нэгэн бяцхан горхи, горхины эхэнд нэгэн жижигхэн модон байшин байхыг харсан юм. Тэр жижигхэн байшинд дээр үед модчид амьдардаг байсан байх гэж бид бодоод тийшээ очиж үзэхээр шийдэв. Гэтэл тэрхүү орхигдсон модон байшин руу ойртон очоод бид нүдэндээ ч итгээгүй юм. Учир нь тэр нь модон байшин биш уул аялагчидын орхиод явсан овоо шиг овоорсон их хуванцар, лааз, шилний хаягдал байсан юм.
Тэгвэл би танаас асууя. Христэд итгэгчид бид байгаль орчноо хайрлан хамгаалах асуудалд анхаарлаа хандуулах ёстой юу? Өнгөрсөн хугацаанд итгэгчид бид байгаль орчны төлөө тэмцэгчид, ногоон энх тайвныг сурталчилдаг либералуудтай төдийлөн дуу хоолойгоо нэгтгэж байсангүй.
“Тэд нар арай хол явчихсан нөхдүүд” гэж зарим итгэгчид ярихыг би сонсож байсан. Гэтэл үнэндээ Бурханы бүтээсэн байгаль дэлхийг өмгөөлж хамгаалах тал дээр тэд хэтэрхий хол яваад, бид хэтэрхий хойно үлдчихсэн бол үүнээсээ бид ичих ёстой юм. Бид тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэн амьсгалах агаар, уух ус, үр хүүхдүүдээ өсгөх байгаль дэлхийнхээ төлөө тэмцэх ёстой. Хэрвээ бид энэ дэлхий ертөнц Бурханых гэдэгт итгэдэг л юм бол бид өөрт байгаа нөөц бололцоо, нэр нөлөө, ур чадвар, хөрөнгө мөнгө, хөлс хүч бүхнээ Бурханаас бидэнд хариуцуулан өгсөн энэхүү үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг хайрлан хамгаалахад зориулах учиртай. 
Бидний үр хүүхэд хохироогүй юм чинь, миний дарга ийм зүйл хийгээгүй юм чинь, манай гэрийн эргэн тойрон бохирдоогүй юм чинь надад хамаагүй гээд тэр бүх зүй бус байдлыг үл тоосноороо бид бүгд өөрсдийгөө л хохироож байдаг.
Эдмунд Бөрк хэлэхдээ “Сайн хүмүүс юу ч хийхгүй байх үед бузар муу нь ялж байдаг” хэмээн хэлсэн байдаг.
Мэдээж та бүх талбар дээр тэмцэл өрнүүлээд байж чадахгүй. Гэхдээ та өөрийнхөө хийж чадах зүйлийг хийх л ёстой. Бид үр хүүхдүүдээ хогоо хаа хамаагүй хаяхыг нь болиулж чадна. Бидэнд таалагдахгүй байсан ч хамаагүй бид хогоо ангилж, дахин боловсруулж чадна.
Та бодоод үзээрэй. Магадгүй модыг их хэмжээгээр огтолсноос болоод устаж үгүй болж буй ширэнгэн ой, дэлхийн дулаарал, далай тэнгисийн төвшин дээшилж байгаа зэргийг та зогсоож чадахгүй байж болно. Гэхдээ та хаа байгаа газартаа мод тарьж, цэцэг ургуулж, бензин их иддэг машиныхаа оронд дугуй унаж, эко тээврийн хэрэгсэл ашиглаж, агаарын кондишн ашиглахын оронд сэнс ашиглаж болно шүү дээ.


ХЭРВЭЭ ЭНЭ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БУРХАНЫХ ЮМ БОЛ,
ХЭРВЭЭ ТА БУРХАНЫ ХҮҮХЭД ЮМ БОЛ,
БУРХАНЫ ЭЗЭМШИЛД САНАА ТАВИХ ЦАГ ХЭДИЙНЭЭ БОЛЖЭЭ.