САНАА ТАВИХ, САНАА ЗОВОХ ХОЁР ЯЛГААТАЙ ЮУ?

САНАА ТАВИХ, САНАА ЗОВОХ ХОЁР ЯЛГААТАЙ ЮУ?

Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Филиппой 4:6

Заримдаа бид санаа зовсноосоо болоод шөнө унтаж ч чаддаггүй. Та шөнө дунд орондоо эргэж хөрвөөн, “Бурхан минь энэ зүйл дээр Та надад туслаач” хэмээн залбирдаг ч нойр хүрч өгдөггүй. Та орондоо хөрвөөж “Би яах вэ?” гэж толгойгоо гашилгавч ямар ч арга танд байдаггүй. Тэгсэн хэрнээ та санаа зовсноороо юуг ч өөрчилж чадахгүй гэдгийг мэдээд байдаг. Бид ийм тохиолдолд цөөнгүй удаа орж үзсэн.
Тэгвэл Библийн Филиппой номын 4:6-д хэлэхдээ "Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл” гэсэн байдаг. Энд хэлэхдээ биднийг юунд ч санаа зоволгүйгээр харин бүх зүйлийн талаар залбир гэж хэлсэн байна. Бурханд бүх хэрэгцээгээ хэлж, Бурханы хариултуудад талархахаа битгий мартаарай гэж сануулсан байна.
Магадгүй өнөөдөр ч та маш том асуудлаас болоод өөрийн эрхгүй санаа зовниж байж болох юм. Магадгүй та надад “Үгүй ээ, би санаа зовоогүй, зүгээр л санаа тавьж байна” гэж хэлж болох юм. Тэгвэл санаа зовох, санаа тавих хоёр ялгаатай гэж үү? Маш том ялгаатай. Хамтдаа энэ ялгааны талаар Библид юу гэж өгүүлсэн болохыг авч үзэцгээе.
Нэгдүгээрт, Библид хэлэхдээ санаа зовох нь буруу гэсэн байдаг. Учир нь санаа зовсноороо бид өөрсдийн амьдралаас Бурханыг түлхэн гаргаж, бүх асуудлын шийдэл ганцхан биднээс хамаарч байдаг юм шиг хандлага гаргадаг. Тийм ч учраас Шинэ Гэрээнд хэлэхдээ “бүү санаа зов” хэмээн дахин дахин сануулсан байдаг. Гэхдээ үүнтэй зэрэгцүүлээд “үүнийхээ төлөө залбираарай” гэсэн сануулгыг ч дахин дахин өгсөн байдаг. Бид бүх асуудлын шийдэл Бурханд байдаг бөгөөд биднийг зовоогоод байгаа нөхцөл байдлыг ганцхан Бурхан өөрчилж чадна гэдэгт итгэх үед бидний санаа зовнил санаа тавилт болон хувирдаг.
Санаа зовох, санаа тавих гэсэн хоёр үгийг Библийн үүднээс тайлбарлах юм бол маш сонирхолтой дүр зураг харагдах болно. Учир нь Грек хэлэнд санаа зовох, санаа тавих гэсэн 2 үг нь хоёулаа меримнао гэсэн нэг үг байдаг. Өөрөөр хэлбэл асуудалд хандаж байгаа бидний хандлагаас бидний санаа зовох эсвэл санаа тавих нь шалтгаалж байдаг байх юм. Үүнийг би тайлбарлаж өгье. Хэрвээ та Библийг нухацтай судлаад үзэх юм бол Бурхан зарим зүйлд маш их санаа тавьдаг болохоо дахин дахин илэрхийлсэн байдаг.
Жишээ нь Бурхан Абрахамтай байгуулсан гэрээнийхээ улмаас Абрахамын удмынханд маш их санаа тавьдаг байсан. Езекиел 36:21-д хэлэхдээ “Гэвч очсон үндэстнүүдийнхээ дунд Израилийн гэрийнхний бузарласан ариун нэрийнхээ төлөө Би санаа тавилаа” гэсэн байдаг. Гэхдээ Бурхан санаа тавьдаг болохоос санаа зовдоггүй. Санаа тавилт нь эерэг үйлдэл рүү хөтөлдөг бол санаа зоволт нь биднийг Бурханы хүч чадлыг мартахад хүргэдэг.
Санаа зовнилын талаар Есүс ч тэр, Паул ч тэр маш олон зүйлийг хэлсэн байдаг. Есүс Өөрөө бидэнд сургахдаа “Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов” гэсэн байдаг. Ингэхдээ Бурхан бидэнд санаа тавьдаг учраас бид санаа зовох шаардлагагүй гэж тайлбарласан байдаг.
Үнэнийг хэлэхэд би өөрөө ч зарим зүйлд маш их санаа зовдог. Харин тэр үед миний зүрх намайг зэмлэдэг. Тэгээд би Бурханы өмнө ирээд “Бурхан минь энэ асуудал миний хувьд хэтэрхий ахдаж байна. Би бүх асуудлаа Таны мутарт даатгаж байна” хэмээн залбирдаг. Есүс бидэнд “Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай” (Mатай 6:34) хэмээн сургасныг та битгий мартаарай. Бидний Бурханы ивээл ерөөл хүч чадлыг умартаж, асуудлаасаа болж санаа зовж өнгөрүүлсэн өдрүүдийг Бурхан уучлах болтугай.


ХАМТДАА ИРЭХ ӨДРҮҮДЭД БҮХ АСУУДЛАА БУРХАНД ДААТГАЖ САНАА ЗОВЖ БИШ САНАА ТАВЬЖ АМЬДАРЦГААЯ.