ТАНЫГ ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 4 ШИНЖ ТЭМДЭГ

ТАНЫГ ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 4 ШИНЖ ТЭМДЭГ

Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ. Ефес 4:13

Тэр олноос онцгой нэгэн байсан ч хүмүүсээс хол хөндий нэгэн байсангүй. Тэр нээлттэй, итгэл төрүүлэхүйц, өвөрмөц нэгэн байсан. Түүний нүд гал цогтой ч хайр энэрлээр дүүрэн байсан. Хүүхдүүд Түүнд хайртай байлаа. Гэтэл зарим хүмүүсийн хувьд Тэр тэдний нүдийг нь биш зүрхийг нь нэвт ширээд байх шиг санагддаг байв. Тэр хүний нэр бол Есүс. Түүний аливаад хандах хандлага нь өнөөдрийн бидний хандлагаас олон талаараа ялгаатай байсан юм.
Христэд өөрсдийгөө бүрэн зориулсан бүлэг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө төлөө бүхнийг хийдэг шашинлаг дүртэй үй түмэн хүмүүсээс хавьгүй илүүг гүйцэлдүүлж чадна гэдгийг Есүс мэдэж байсан. Тиймээс ч Есүс ихэвчлэн дагалдуулалтын талаар ярьдаг байсан. Дагалдагч байхын утга учрыг ч Тэр Өөрийн амьдралаараа үлгэрлэн харуулсан. Тэгвэл хамтдаа “ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ ГЭЖ ХЭН БЭ?” гэсэн асуултад Есүсийн сургаалын дагуу хариулцгаая.
Нэгдүгээрт, Есүс хэлэхдээ Түүний дагалдагч бол Түүнийг дагадаг хүн байх ёстой гэж хэлсэн. Есүс дагалдагч нартаа “Загалмайг үүрч Намайг дага” гэж хэлсэн. Итгэлийн амьдралын нууц гэж байдаг бол тэр нь өдөр бүр загалмайгаа үүрч Христийг дагах явдал юм. Итгэгч бид Есүсийг ийнхүү дагах үед бидний дотоод хүн шинэчлэгдэж байдаг. Тиймээс ч Паул хэлэхдээ “Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна” (2 Коринт 4:16) гэсэн юм. Христийг дагана гэдэг нь өдөр бүр Түүний мөрөөр алхаж, Түүнийг даган дуурайж амьдрахын нэр юм.
Хоёрдугаарт, Есүс хэлэхдээ Түүний дагалдагч нь суралцагч байх ёстой гэж хэлсэн. Дагалдагч гэдэг Грек үг нь матетес гэдэг үг байдаг. Энэ үгийн үндэс нь “мантано” буюу “суралцах” гэсэн үг юм. Тиймээс Христийн жинхэнэ дагалдагч нь “суралцдаг нэгэн” байх ёстой. Ингэхдээ тэр Ариун Сүнсний заавраар суралцах учиртай. Та Бурханы Үгийг хэр сайн мэдэх вэ? Та Хуучин гэрээний номууд болон Шинэ гэрээний номуудыг ялгаж салгаж мэдэх үү? Еврей номыг хэн бичсэнийг та мэдэх үү? Хэрвээ Библи бидний амьдралын үндсэн гарын авлага юм бол, бидний сүнслэг сэргэлтийн гол үндэс юм бол бид Библиэ маш сайн сурч мэдэх хэрэгтэй.
Харамсалтай нь маш олон итгэгчид одой модтой адилхан амьдардаг. 50 орчим см өндөртэй энэ мод гаднаас нь харахад яг том мод шиг харагддаг ч хэзээ ч өсдөггүй одой мод юм. Олон жилийн өмнө анх Япончууд аливаа модны үндсийг тайрч, мөчрүүдийг нь сайтар арчлах юм бол тухайн модны жижигрүүлсэн одой хувилбарыг гаргаж авч болдгийг нээсэн байдаг.  Энэ бол өнөөдрийн маш олон итгэгчдийн дүр зураг юм. Тэд бол Христийн төлөвшилд хэзээ ч хүрч чаддаггүй одой моднууд юм. Тэгвэл 1 Петр 2:2-т хэлэхдээ “үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид Бурханы үггүйгээр төлөвшилд хүрэх боломжгүй гэсэн үг юм.
Гуравдугаарт, Есүс хэлэхдээ Түүний дагалдагч нь хайрлагч байх ёстой гэж хэлсэн. Тэр хүн Есүсийг хэнээс ч илүүгээр хайрлах учиртай гэж хэлсэн. Тиймээс ч Есүс хэлэхдээ “Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ” (Матай 10:37) гэсэн юм.
Эцэст нь, Есүс хэлэхдээ Түүний дагалдагч Христийг амьдралынхаа үнэ цэнээ болгосон нэгэн байх ёстой гэж хэлсэн. Нэрт илгээлтийн эзэн Дэвид Ливингстоун “Би өөрт байгаа бүхнийг үнэлж үзэхдээ гагцхүү Бурханы хаанчлалтай холбож үнэлэх болно” гэсэн үгийг амьдралынхаа уриа болгон амьдардаг байсан гэдэг.
Бид Христ дотор дахин төрөх үедээ Христийн дагалдагч болон төрдөг. Гэхдээ үүнийхээ хажуугаар бид амьдралынхаа туршид Есүсийг дагаж, Түүний мөрийг даган алхсанаар бид Түүний жинхэнэ дагалдагчид болон төлөвшдөг. Мэдээж Христийн дагалдагч гэхээрээ төгс хүн байдаг юм бишээ. Христийн дагалдагчид бүгд алдаа гаргадаг. Гэхдээ хэдийгээр бид төгс биш ч төгс Эзэнийг даган амьдардаг юм.


БИД ТҮҮНИЙ МӨРИЙГ ДАГАН АЛХАЖ, АЛДАА ГАРГАН БҮДРЭН УНАХДАА Ч БУРХАНЫ ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛЭЭР ДАХИН ӨНДИЙН БОСЧ, ЕСҮСИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДАГАСААР БАЙДАГ.