ДАГАЛДАГЧ БАЙХЫН УТГА УЧИР

ДАГАЛДАГЧ БАЙХЫН УТГА УЧИР

Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага.* Марк 8:34  

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Лук 9:23). Ингэж зоригтойгоор хэлсэн хүн хэн байсан бэ? Түүнийг түүхэнд Назарын Есүс хэмээн тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ Назар гэдэг нь зүгээр л Түүний өссөн тосгоны нэр юм.
Есүс түүхийг өөрчилсөн Нэгэн. Ингэхдээ Есүс Өөрийн дагалдагчдаар дамжуулан хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн. Гэхдээ Өөрийнх нь дагалдагч байх ямар хэцүү болохыг Есүс хэзээ ч нууж байгаагүй. Заримдаа Тэр дагалдагч нартаа хэрээс нь хэтэрсэн гэмээр нөхцөлүүдийг тулгадаг байсан. Учир нь зориулалт бүхий бүлэг дагалдагчид нь зөвхөн Ням гарагт цуглаанд ирээд долоо хоногийн бусад өдөр Түүнийг мартчихдаг үй олон хүмүүсээс хавьгүй ихийг гүйцэлдүүлж чадна гэдгийг Тэр мэдэж байсан.
“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Mат. 16:24) хэмээн Есүс айлдсан. Харамсалтай нь өнөөдөр итгэгч гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүсийн дотор өөрийгөө үгүйсгэдэг нэгэн их цөөхөн болсон байна. Чухамдаа ийм учраас өнөөдөр хүмүүс Христитгэлийг хуурамч, утга учиргүй зүйл мэтээр харах болсон байна. Есүсийг дагалдагч нартаа “өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” хэмээн хэлэх үед тэдний дотор загалмай төсөөлөгдөж байсан нь гарцаагүй юм. Тухайн цаг үеийн дагалдагчид загалмай гэж чухам юу болохыг маш сайн мэддэг байсан. Учир нь тэд загалмай дээр хадагдан хөдөлж чадахгүй болсон золгүй хүмүүсийг олон удаа харж байсан нь мэдээж .
Загалмай гэдэг нь үхлийг, зүгээр ч нэг үхэл биш аймшигтайгаар тарчилж үхэх үхлийг төлөөлж байгааг тэд маш сайн ойлгож байсан. Хэрвээ Есүсийг үнэхээр л дагахыг хүсэж байгаа бол өөрсдийнхөө хүсэл зориг, ашиг сонирхлыг хойш тавих ёстой гэдгийг тэд гүнээ ухамсарласан. Тэгвэл Есүс өнөөдрийн биднээс үүнээс багыг шаардана гэж үү? Өнөөдрийн итгэгчид бид ч бас Түүний хаанчлалыг өөрсдийнхөө ашиг сонирхлоос эн тэргүүнд тавих учиртай юм.
Вайклифф Библийн орчуулагч Кен Жакобс Мексикийн Чамула Индианчуудын хэл рүү Библийг орчуулахдаа “ҮГҮЙСГЭХ” гэдэг үгийг орчуулах гэж ихэд зүдэрсэн гэдэг. Учир нь тэдний хэл соёлд “өөрийгөө үгүйсгэх” гэдэг ойлголт байдаггүй ажээ. Өөрийгөө цохих, өөрийгөө зодох гэдэг үг байдаг ч өөрийгөө үгүйсгэх гэдэг үг байдаггүй.
Ингээд Кен энэ эшлэлийг “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийнхөө зүрхнээс өөрийнхөө хүслийг гаргаж хаяад, загалмайгаа авч Намайг дага” хэмээн орчуулсан гэдэг.
Эцэст нь хэлэхэд Есүсийг дагана гэдэг бүхэлдээ сайн дурын үйлс юм. Есүс хэнийг ч хүчилдэггүй. Есүс хэнийг ч “тэнгэрт байгаа төгс гэр, энэ дэлхий дээрх төгс амьдралаар” хахуульддаггүй. Есүс зүгээр л “Нааш ир, Намайг дага” хэмээн урьдаг. Гэхдээ Тэр нэг л зүйлийг шаарддаг. Өөрийг нь дагаж байгаа бол Өөрийг нь нэгдүгээрт тавихыг Тэр шаарддаг.
Өнгөрсөн хугацаанд загалмайн үг өчүүхэн ч өөрчлөгдөөгүй юм. Төмрөөр сийлсэн ч бай, алтаар цутгасан ч бай ялгаагүй загалмай бидэнд өөрийгөө үхүүлж бидний дотор буй Христийг амьдруулах тухай л өгүүлдэг. Үхлийн дараа амьдрал ирдгийг байгалийн хууль хүртэл бидэнд нотолдог. Үр үхэж газарт булагдах үед тэндээс шинэхэн нахиа дэлбээлдэг.
Тиймээс өнөөдөр ч Есүс биднээс адил зүйлийг шаарддаг гэдгийг та битгий мартаарай. Тэр бидэнд хэлэхдээ “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага” (Марк 8:34) гэдэг.


ЭНЭ БОЛ ТӨГСГӨЛ ҮГҮЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ.