БИДНИЙГ ӨӨРСДИЙГӨӨ ГОЛОХ ҮЕД БУРХАН БИДЭНД ЮУ ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

БИДНИЙГ ӨӨРСДИЙГӨӨ ГОЛОХ ҮЕД БУРХАН БИДЭНД ЮУ ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Ефес 2:10

Шинжлэх ухааны ихэнх томоохон нээлтүүд анхандаа олны хэл ам, тоглоом тохууны бай болж байсан гэдэг. Анх дэлхий хавтгай биш бөгөөд дэлхийн хязгаар хүртэл усан онгоцоор аялах боломжгүй гэдгийг нотлох үед бүх хүмүүс шоолон инээлдэж байсан гэдэг. Николай Коперник анх дэлхий нарыг тойрдог гэсэн онолоо дэвшүүлээд үүнээс болоод хавчигдаж гадуурхагдаж, онолоосоо ухрахад хүрсэн байдаг. Хенри Фордыг анхны машинаа зам дээр турших үед хүмүүс түүнийг дэмий зүйлд хамаг цагаа үрсэн тэнэг амьтан гэж үзэж байсан. Ихэнх шинэ нээлтүүд болон шинэлэг санаанууд анх танилцуулагдах үедээ олны доог болж байсан юм.
Харин сэтгэл судлаачид “ӨӨРИЙГӨӨ ГОЛОХ КОМПЛЕКС” гэдэг нэр томъёог гаргаж ирэх үед бүх хүмүүс энэ шинэ ойлголтыг халуун дулаанаар хүлээж авсан юм. Сонин байгаа биз? 1000 ажилтан удирдаж байгаа захирал ч бай, гадаа гараад тоглож буй 6 настай хүүхэд ч бай ялгаагүй бидний хүн нэг бүрийн дотор их бага ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө голох мэдрэмж байдаг.
Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ өөрсдийгөө голох мэдрэмжийг мэдэрч үздэг. Харамсалтай нь олон хүмүүс өөрсдийгөө бусдаас хэтэрхий доогуур хэмээн дорд үздэг. Биднийг ийнхүү өөрсдийгөө дорд үзэхэд САНАА ЗОВНИЛ, БУРУУТГАЛ, УУР ХИЛЭН гэсэн 3 хүчин зүйл голчлон нөлөөлдөг байна. Үргэлж санаа зовниж байдаг хүний хувьд тэрээр аажимдаа өөрийгөө бусдаас доогуур хэмээн бодож эхэлдэг байна. Улмаар тэр хүн өөрийгөө чадахгүй байх вий гэсэн айдаст автаж, тэрхүү айдсаасаа болоод түүний ажлын бүтээмж гүйцэтгэл улам бүр мууддаг.
Хоёрдугаарт, буруутгал бидний доторх өөрийгөө дорд үзэх хандлагыг улам бүр нэмэгдүүлж байдаг байна. Ямар нэгэн үйлдэл эсвэл хандлагаасаа болоод өөрийгөө буруутгах үедээ аливаа хүн өөрт нь ямар нэгэн буруу, бүтэхгүй зүйл байгаа юм шиг төсөөлж эхэлдэг байна. Зарим хүмүүсийн хувьд өөрийнхөө дотор байгааг илэрхийлж чаддаггүйгээсээ болоод өөрийгөө голдог байна.
Гуравдугаарт, уур хилэн биднийг өөрсдийгөө эргэн тойронд байгаа хүмүүсээс дорд нэгэн болсон юм шиг мэдрэмжийг бидний дотор төрүүлдэг.
Харин бидний аз болоход Бурхан бидний амьдралд санаа тавьж, бидний өөрийгөө дорд үзэн голж буй мэдрэмжийг ойлгож байдаг. Тэгвэл энэ цагт би танаас нэг зүйлийг асуумаар байна. Таныг бусдаас дор гэж хэн танд хэлсэн юм бэ? Лав л Бурхан хэлээгүй нь тодорхой. Учир нь Бурханы үг бидэнд хэлэхдээ бидний хүн нэг бүр Бурханы өмнө давтагдашгүй бөгөөд үнэ цэнэтэй, онцгой гэж гэрчилдэг. Тиймээс бусдын төлөө хийсэн зүйлээ Бурхан таны төлөө ч мөн хийх болно. Та өөрийгөө бусдаас дор гэж голох тусам та өөрөө өөрийгөө ялагдуулж байдаг гэдгийг битгий мартаарай. Бид ийм хандлагад хэт автах үедээ бид өөрсдийгөө Бурханы нүдээр биш энэ дэлхийн хүлээлтээр харж эхэлдэг. Тиймээс та Бурханаас хүчийг гуйж, өөрийгөө энэ дэлхийн хүлээлтээр биш харин Бурханы нүдээр харж эхлэхэд минь туслаач хэмээн залбираарай. Танд хандсан Бурханы зорилгыг олж харахад туслаач хэмээн гуйгаарай. Тэр цагт таныг хэн нэгэн хүн юу гэж харах биш харин Бурхан юу гэж харж байгаа нь л хамгийн чухал болохыг та ухаарах болно. Өөрсдийгөө дорд үзэн голдог хүмүүсийн 95 хувь нь өөрсдөөсөө өөр хэн нэгэн болж хувирах гэж хичээснээсээ болоод ийм мэдрэмжид автдаг юм.
Тиймээс ч элч Паул хэлэхдээ “Хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг” (1 Коринт 7:7) гэсэн юм. Мөн Ефес 2:10- хэлэхдээ “Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ” гэсэн байдаг.
Бидний амьдралын нөхцөл байдлыг Бурхан бидэнд зөвшөөрч өгсөн юм. Учир нь үүгээр дамжуулан бид Түүний ажлуудыг гүйцэлдүүлэх боломжтой. Танд даалгасан ажил Бурханд бий. Бурханаас үүрэг даалгавар хүлээн авсан нэгнийг хэн өөлж голох билээ?


БУРХАНЫ АЖЛУУДАД Л АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ.