АМРАХ ЦАГ БОЛЛОО!

АМРАХ ЦАГ БОЛЛОО!

Тэр тэдэнд —Та нар зэлүүд газарт оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэдэнд юм идэх ч зав байсангүй.) Марк 6:31

Хол газар болох нэгэн чухал уулзалт руу яарч явтал гэнэт машины чинь бензиний шар гэрэл анивчиж эхлэх үе танд тохиолдож байсан уу? Тэгээд та чухал уулзалтанд яарч яваа учраас зогсож бензин авалгүйгээр шууд явахаар шийднэ. Хүрэх газартаа ойртох тусам та бензинийхээ заалт руу хяламхийж, бензин дуусчих вий гэсэн айдас чинь улам бүр нэмэгдэнэ. Таны машины бензин хүрэх болов уу, хүрэхгүй болов уу? Бензиний заалт доошлох тусам таны дотор улам бүр тавгүйцнэ. Уг нь бол замаасаа гарч түр саатаад машиндаа бензин хийхэд л энэ бүх стресс үгүй болно шүү дээ.
Өнөөдөр хүмүүс урьд урьдынхаас илүү ачаалалтай амьдрах болжээ гэдгийг нэрт эмч Ричард Свенсон баталсан байдаг. Түүний судалгаанаас үзвэл 3 хүн тутмын 1 нь цаг үргэлж “яарч” байдаг ажээ. Мөн өнөө үеийн хүмүүс өмнөх үеийнхнээсээ 2 цаг 30 минутаар бага унтдаг болсон гэдгийг тэрээр тогтоосон байсан. Цаашилбал энэ үеийнхэн өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахааргүй ихээр нойрны эм хэрэглэх болсон байна.
Орчин үеийн технологийн хөгжил, фейсбүүк, гар утас, интернет зэрэг нь бидний амьдралыг амар хялбар болгохын оронд харин ч бидний өдөр тутмын амьдралд илүү их дарамт авчирдаг болохыг Др.Свенсон тогтоосон байна.
Бид урьд өмнөхөөсөө илүү их ажил хийдэг болсон гэдгээ мэддэг ч, бидний ажлын ачаалал бидэнд ихдэж байгааг мэдэрдэг ч тэр бүр зогсож чаддаггүй. Бид хурдаа сааруулах биш харин улам бүр нэмэгдүүлэхийг хүсдэг.
Тэгвэл үйлчлэлийнхээ ид оргил үед Есүс үе үе зориудаар олон хүмүүсээс холдож Эцэгийнхээ оршихуйд амрах цагийг гаргадаг байсан гэдгийг бид мартаж болохгүй. Иохан 7:53 болон түүний дараагийн эшлэл болох Иохан 8:1 гэсэн хоёр эшлэл өөр хоорондоо зөрчилдөж байх шиг бидэнд санагддаг. Иохан 7:53-т хэлэхдээ Есүстэй уулзахаар зүтгэж байсан хү хүмүү гэр гэр уруугаа явсан тухай өгүүлсэн байдаг бол Иохан 8:1-д хэлэхдээ “Харин Есүс Чидун уул өөд явав” гэсэн байдаг. Есүс ийнхүү гав ганцаараа Бурхан Эцэгтэйгээ хамт байж Өөрийн хүч тамирыг сэлбэх цагийг гаргадаг байсан юм.
Үүний нэгэн адил бидний хувьд ч бас биднээс илүү их ажиллахыг шаардан хашхирах тэр бүх дуу хоолойноос холдож, Бурханы оршихуйд зогсохыг эн тэргүүнд тавих учиртай юм. Шинэ өдөр бүрийг Бурханы үгээр эхлүүлж, и-мейлүүдээ шалгахаас өмнө Бурханы үгийг уншиж, Бурханд хандан залбирах нь илүү чухал юм. Тийнхүү та шинэ өдрийг эхлүүлэхдээ Ариун Сүнсний намуухан дуу хоолойгоор эхлүүлээрэй.
Та өөрийнхөө хийх ёстой ажлуудаа ач холбогдлынх нь дарааллаар жагсаагаад хамгийн чухал гэсэн ажлаасаа, бас Бурханы танаас хүсэж байгаа гэж бодсон тэр ажлаасаа эхлээрэй.
Бурханы агуу үйлчлэгчдийн нэг болох Двайт Л.Мүүди хэлэхдээ амжилттай хүн гэдэг нь 10 хүний ажил хийдэг хүн биш харин арван хүнийг ажлыг нь хийлгэж чаддаг хүн юм гэсэн байдаг. Энэ бол дагалдуулалтын утга санаа юм. Үнэндээ цаг хугацаагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг шийдвэрийг чинь танаас өөр хэн ч гаргах эрхгүй юм.
Миний хувьд шинэ өдөр бүрийг залбирлаар эхлүүлдэг зуршилтай болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Дараа нь би тухайн өдрийнхөө ажлуудыг жагсааж бичдэг. Тэгээд хамгийн чухал, хамгийн тулгамдсан ажлуудаа нэн тэргүүнд хийдэг. Сонирхуулж хэлэхэд би утсаар ярихыг хүсэхгүй байгаа хүнтэйгээ хамгийн түрүүнд ярьдаг. Тэгж байж тэр таагүй ажлаа хийх ажлынхаа жагсаалтаас хамгийн түрүүнд авч хаядаг юм. 


ТАНЫ АЖЛЫН ХУВААРИЙГ ТАНААС ӨӨР ХЭН Ч ШИЙДЭХ ЭРХГҮЙ ГЭДГИЙГ ТА БИТГИЙ МАРТААРАЙ.