АВРАГЧТАЙ БАЙХЫН УТГА УЧИР

АВРАГЧТАЙ БАЙХЫН УТГА УЧИР

Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд, Миний тусламж, миний Бурхан, Түүнийгээ би дахин магтах болой. Дуулал 43:5

Карл Кроу нэгэн сонирхолтой түүхийг ярьсан юм. Нэгэн Библийн орчуулагч, илгээлтийн эзэн эмэгтэй нэгэн омгийн хэл рүү Библийг орчуулах ажлыг хийж байжээ. Тэр омгийн хэлэнд бичгийн хэл байдаггүй байв. Тэгээд ийнхүү ажиллаж байх үедээ тэрээр тухайн хэлэнд Аврагч гэдэг үгийг идинидэ гэж орчуулдаг болохыг анзаарч. Идинидэ гэдэг нь “дээш өргөгч” буюу “газар унасан ямар нэгэн юмыг авсан нэгэн” гэдэг утгатай. Тэгээд тэр дотроо “Энэ тийм ч оновчтой үг биш байна даа” гэж бодсон байна.
Гэтэл удалгүй түүний үйлчилж байсан омгийн нэгэн эмэгтэй амаржих болж омгийнхон түүнийг шинэ төрсөн хүүхдийн идинидэ буюу “дээш өргөгч” болохыг урьсан байна. Юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй ч тэр дөнгөж амаржсан эхийн гэрт оров. Гэтэл дөнгөж мэндэлсэн бяцхан хүү халуун орны тэр гэрийн шалан дээр хэвтчихсэн байдгаараа чарлаж байхтай таарчээ. Харин төрүүлсэн эх нь газар хэвтэж буй хүүгийн дээр дүүжин орон дээр хэвтэж байв. Илгээлтийн эзнийг ороход бяцхан хүүгийн эх нь түүнийг хүүгийнх нь “дээш өргөгч” болохыг хүссэн байна. “Би яах ёстой вэ?” гэж түүнийг асуухад эх нь “Та эхлээд хүүг гартаа ав” гэж хэлэв. Ингээд илгээлтийн эзэн эмэгтэй хүүг газраас өргөн авч биед нь наалдсан өвс навч болон бие дээгүүр нь гүйлдэх шоргоолжнуудыг цэвэрлэжээ. “Одоо та хүүг угаах ёстой” гэж эх нь түүнд хэллээ. Тэр хавьд ус байхгүй учир илгээлтийн эзэн эмэгтэй жижигхэн сав бариад ойрхон байдаг горхи руу гүйж ус авчраад бяцхан хүүг чадах чинээгээрээ угааж цэвэрлэжээ.
“Одоо яах вэ?” гэж түүнийг асуухад эх нь “Хүүг авч тосгон руу очоод аавд нь үзүүл” гэж хэлж. Ингээд нөгөө эмэгтэй хүүг энгэртээ тэврээд тосгон руу очиж эцгийг нь олоод түүнд хүү нь төрсөн гэдгийг хэлсэн байна.
Энэ бүх үүрэгт ажлаа гүйцэтгэж дууссаныхаа дараа нөгөөх илгээлтийн эзэн эмэгтэй Аврагч гэдэг үгийг яагаад “идиндэ” буюу “дээш өргөгч” гэдэг үгээр илэрхийлэх болсныг ойлгосон гэдэг. Учир нь утга агуулгын хувьд энэ үг Аврагч гэсэн үгтэй бүрэн дүйж байсан юм. Тухайн омгийн соёлд Аврагч гэдэг үгийг илэрхийлэх үүнээс илүү оновчтой үг байгаагүй юм. Бас Есүсийн бидний төлөө хийсэн бүхнийг зураглан харуулах илүү оновчтой зураглал байгаагүй. Учир нь Есүс биднийг ганцаардал дунд, сэтгэлийн шаналан дунд, цөхрөл, зовлон, гэм нүгэл дунд хэвтэж байхад олж авсан. Тэр биднийг цэвэрлэн угааж, биднийг гэмт мөн чанар болон ёрын муу зуршлуудын хүлээснээс чөлөөлж, эцэст нь биднийг Эцэг Бурханд авчран өгч “Энэ бол Таны шинээр мэндэлсэн хүү. Түүнийг гэр бүлдээ хүлээн авахын тулд Би амиа өгсөн юм шүү” хэмээн хэлдэг.
Үнэндээ Есүсээс илүү “дээш өргөгч” гэж үгүй. Библид 55 удаа Эзэн Есүсийг Аврагч хэмээн илэрхийлсэн байдаг бөгөөд тухай бүрт нь Түүнийг биднийг гэм нүглээс, бүтэлгүйтлээс, ёс бус байдлаас, алдаа зөрчлөөс, хүнд хэцүү нөхцөл байдлаас авран чөлөөлсөн Нэгэн хэмээн илэрхийлсэн. “Тэр Өөрийн ард түмнийг гэм нүглээс нь аврах болно” хэмээн тэнгэрэлч Иосефт хэлсэн.
Тэгвэл таныг дээш өргөж, таныг байгаагаар чинь хайрладаг Нэгэн бол Есүс Христ гэдгийг та мэдэх үү? Тэр таныг 12 алхамт хөтөлбөрийг гүйцээсний чинь дараа хүлээж авдаг Нэгэн биш. Эсвэл таныг сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл санаагаа хэвийн болгосны дараа, эсвэл бүх муу бүхнээсээ ангижирсны чинь дараа таныг хүлээж авдаг Нэгэн биш ээ. Тэр таныг байгаагаар чинь хүлээн авч, “Би чамайг байгаагаар чинь уучилж байна” хэмээн хэлдэг Нэгэн.
Тэгвэл би танаас асууя. Өнөөдөр танд, таныг татан босгох “дээш өргөгч” хэрэгтэй байна уу? Чухамдаа энэ бол Есүс Христийн энэ дэлхий дээрх үндсэн үүрэгт ажил байсан. Тэр одоо ч үүнийгээ хийсээр. Газар хэвтэж байсан бяцхан хүүг дээш өргөж, түүний идинидэ болсон илгээлтийн эзэн эмэгтэй шиг таныг хүнд хэцүү нөхцөл байдлын балчиг шавраас татан гаргах идинидэ болооч хэмээн Есүсээс та гуйгаарай. Тэр таны амьдралыг өөрчилж, Таныг Бурханы Эцэгийн өмнө хөтлөн аваачиж, Таныг Бурхан хүүхэд болгох болно. Тэр таныг тусламж гуйн хашхирах үед үргэлж таны дэргэд байдаг.


ЕСҮС ӨНӨӨДӨР Ч ТАНЫ ИДИНИДЭ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙГААГ ТА БИТГИЙ МАРТААРАЙ.