БИБЛИЙГ ХЭРХЭН СУДАЛЖ ЭХЛЭХ ВЭ?

БИБЛИЙГ ХЭРХЭН СУДАЛЖ ЭХЛЭХ ВЭ?

 “Үг минь галтай адил бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил бус уу?” Иеремиа 23:29

Танд өглөө бүр таван минут л гардаг. Тэгээд та ажилдаа явж, өдөржин ажиллаад орой ядарч ирээд орондоо ордог гэж бодъё. Бидний ихэнх нь ийм амьдралын хэмнэлээр амьдардаг. Харин олон тохиолдолд мөс чанар маань биднийг ятгаж, энэ таван минутаа Библи уншихад зориулахыг сануулдаг. Гэхдээ тав аравхан минутын дотор Библийг уншаад ойлгож чадна гэж үү? гэж бодож болох. Тэгвэл би танд үр дүнтэй нь нотлогдсон дөрвөн чухал зөвлөмжийг өгье.
1.  Энэ цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд таны хандлага хамгийн чухал. Таныг Библиэ бариад суух үед хамгийн түрүүнд таны анхаарлыг сарниулах олон төрлийн бодол санаа толгойд эргэлдэж болох. Та энэ бүх бодлоо бүхэлд нь орхиод зөвхөн уншиж буй зүйлдээ л анхаар. Тэгээд өөртэй чинь ярихыг Бурханаас гуйн залбир. Та Библиэс хэр их зүйлийг уншихаас илүү уншсан хэсгээсээ хэр их зүйл ойлгох нь чухал. Зарим хүмүүс Библийг нэг жилд уншиж дуусгах төлөвлөгөөг гаргадаг. Зарим хүмүүс өөр янз бүрийн төлөвлөгөө ашигладаг. Гэхдээ аль нэг номыг уншиж дуусгах эсвэл төлөвлөгөөний дагуу уншихаас илүүгээр Библид бичигдсэн үнэнийг ойлгох хүртлээ унших нь илүү чухал.
2. Та уншиж буй хэсгээ анхааралтай ажиглаж, ойлгож байж ашиг тусыг нь хүртэнэ. Бидний хувьд маш олон зүйлийг уншсан хэрнээ дараа нь нэг ч юм санахгүй байх тохиолдол цөөнгүй. Заримдаа замын хажууд унасан үртэй адил тухайн өдөр хийх ажлуудынхаа талаар бодсоор бид уншиж байгаа зүйлээ нухацтай ажиглаж чаддаггүй. Хэрвээ та анхаарал төвлөрөлт сул бол Библиэ чангаар уншаад үз. Ингэж уншихдаа нэрнүүдийг тогтоож, хэн юуны талаар хэнд бичсэн болон газарзүйн байрлал, түүхэн үйл явдлуудыг тогтоох гэж хичээгээрэй. Хэрвээ та шинэ итгэгч бол Иоханы сайнмэдээнээс эхлээрэй. Дараа нь Үйлс номыг уншаарай. Тэгвэл та ерөнхий ойлголттой болно. Гэхдээ нөгөөтэйгүүр Хуучин Гэрээг бүү орхигдуулаарай. Учир нь Хуучин гэрээ биднийг Шинэ гэрээ рүү хөтөлдөг.
3. Тухайн хэсэгт яг юуны тухай өгүүлсэн байна гэдгийг тайлж ойлгох нь чухал. Ерөнхийдөө энгийн, тодорхой тайллууд нь зөв тайлал байдаг. Зөвхөн итгэлийн мундаг баатрууд л Библийг зөвөөр ойлгож чаддаг гэж бүү эндүүрээрэй. Харин ч бусдын ойлгож чадаагүй зүйлийг ганцаархнаа онцгой байдлаар ойлгосон гэж зааж байгаа хүмүүс өөрсдөө сэжигтэй. Учир нь Бурхан энэ номоо теологчдод биш эгэл жирийн хүмүүст зориулан бичсэн.
4. Энэ үнэнийг би амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Библийн ихэнх сургаал нь эрс шулуухан байдаг. Бурхан энэхүү гайхамшигт ном өгсөн нь биднийг Бурханы хүслийн дагуу хэрхэн амьдрахыг мэдээсэй гэсэндээ. Эрүүл амьдрал, Бурханы төлөвлөгөө, Түүний заавар гээд бүгд Библид буй. Тиймээс та “Энэ үг миний амьдрал дээр хэрхэн бууж байна вэ?” гэж асуугаад энэ асуултад хариулж өгөхийг Ариун Сүнсээс гуйгаарай. Ариун Сүнсний чухал үүргүүдийн нэг нь энэ. Иохан 16:13 эшлэлд “Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана” хэмээсэн. Библи өөрийгөө тодорхойлон хэлэхдээ “Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй” (Еврей 4:12) гэсэн байдаг. Та Библитэй хамт байх цаг гаргаарай. Тэгээд энэ ном таны мэдэх ямар ч номоос тэс өөр болохыг та ойлгоно.


БИ БИБЛИЙГ БҮХЭЛД НЬ 100 УДАА УНШСАН. ГЭХДЭЭ УНШИХ БҮРТ БИ ЦОО ШИНЭ ЗҮЙЛИЙГ СУРДАГ. УНШИХ БҮРТ БИБЛИ НАДАД ЦОО ШИНЭ НОМ МЭТ САНАГДДАГ. ЖОРЖ МЬЮЛЛЕР