ЕСҮС БУРХАН МӨН ГЭЖ ҮҮ?

ЕСҮС БУРХАН МӨН ГЭЖ ҮҮ?

Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Иохан 1:1

Заримдаа жаахан хүүхдийн амнаас эцэг эх битгий хэл, хүүхдийн цуглааны багш, тэр бүү хэл теологчдыг ч тулгамдуулахаар хэцүү асуултууд гардаг. Жишээ нь нэг удаа хүү маань таван настай байхдаа асуусан асуултаараа намайг бүр тулгамдуулж орхиж билээ. “Ааваа, Есүс яахаараа Бурхан болчихдог билээ?” гэж хүү маань асуув. Энэ асуулт намайг үнэхээр барьц алдуулсан. “Үнэхээр Есүс хэзээ яаж Бурхан болсон юм бол? Тэр анх төрөхдөө Бурхан болсон юм болов уу? Эсвэл Анхнаасаа Бурхан байсан ч хүн шиг харагддаг байсан юм болов уу?”
Ричард Халверсон “Чуулган дахь анхны тэрс үзэл нь Есүсийн Бурханы мөн чанарыг үгүйсгээгүй харин Түүний хүмүүний мөн чанарыг үгүйсгэх явдал юм. Биет зүйлсийг ёрын муу гэж үздэг Гностик үзэлтнүүд Христийг бодит биетэй байсныг нь үгүйсгэж, Тэр зүгээр л “хүн шиг харагддаг байсан” гэж тайлбарлаж байсан юм” гэж бичсэн байдаг. 
Энэ сэдвээр талаар маш олон жил маргаан үргэлжилсэн. Тэр бүү хэл одоо бидний үеийнхэн ч энэ сэдвээр маргасаар. Зарим хүмүүс Есүсийн хүмүүний мөн чанарыг хэтэрхий онцлоод Түүний Бурханы мөн чанарыг орхигдуулсан байдаг бол зарим нь Түүнийг Бурхан гэдгийг нотлох гэж дэндүү хичээхдээ Түүний хүмүүн мөн чанарыг орхигдуулдаг. Зарим тохиолдолд бид Түүнтэй хэтэрхий дундаа орчихсон байдлаар ханддаг. Эсвэл бид Түүнийг алс холын хаа нэгтээ байдаг Нэгэн мэтээр төсөөлдөг. 
Нэгэн удаа Есүс Петрээс “Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуусан. Есүс өмнө нь түүнээс хүмүүс “Өөрийг нь хэн гэж ярьж байгаа” тухай асуусан. Петр Түүнд хүмүүс Есүсийг эш үзүүлэгч, агуу хүн мэтээр ярьж байгаа тухай хэлсэн. Харин Есүс Петрээс өөрийнх нь үзэл бодлыг асуусан. Харин Петр Түүнийг “Амьд Бурханы Хүү” хэмээн гэрчлэх үед Есүс түүнд үүнийг мах цус биш харин тэнгэр дэх Эцэг илчилсэн гэж хэлсэн байдаг (Матай 16:15-17).
Бид Есүсийг нэгэн зэрэг 100 хувь хүн, 100 хувь Бурхан байсан гэдгийг бүрэн ойлгохын тулд бидэнд Бурханаас өөр хэн ч тусалж чадахгүй. Учир нь бидний ойлголтоор бол хүү нь эцгээ дуурайдаг, хүүхэд эрэгтэй эмэгтэй хүний дундаас төрдөг шүү дээ. 
Тэгвэл Есүсийн биежилтийн түүх онгон Мари Ариун Сүнсээр хүүхэд олсон тухай өгүүлдэг. Биежилт гэдэг нь “Бурхан хүмүүн биеийг олох” гэсэн утга. Бурхан Марид хүрч тэрээр зуун хувь хүн, зуун хувь Бурхан болох Есүсийг тээсэн. Та үүнийг ойлгож байна уу? Мэдээж үүнийг ойлгоход бэрх. Үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх нь бүр ч ярвигтай. Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Гэхдээ бид Есүсийг таньж мэдэхийг хүсвэл Түүнийг жинхэнэ Бурхан атлаа жинхэнэ хүмүүн болон бидний дунд амьдарсан гэдгийг ойлгож мэдэхээс өөр аргагүй. 
Гэхдээ Есүс Христийн биежилтийг ойлгохоос илүү чухал нэг зүйл бий. Тэр бол Есүс Христийг таньж мэдэх. Олон тохиолдолд бид чуулганы зааж сургаж байгаа зүйлстэй санал нэгддэг атлаа Есүс Христийг хувьчлан таньж мэддэггүй. Бид теологийн тал дээр зөв байр суурийг баримталдаг байж болох ч бидний зүрх сэтгэл өөрөө хоосон хөндий байх боломжтой. Тэгвэл та Есүс Христийг хувьчлан таньж мэдэхийг хүсэж байна уу? 


ТА НАР МӨНХ АМЬТАЙ ГЭДГЭЭ МЭДЭЭСЭЙ ГЭСЭНДЭЭ ТА НАРТ ҮҮНИЙГ БИЧЛЭЭ. 1ИОХАН 5:13