АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭЧИХСЭН МЭТ САНАГДАХ ҮЕД Ч АМАР ТАЙВАН БАЙХ ШАЛТГААН

АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭЧИХСЭН МЭТ САНАГДАХ ҮЕД Ч АМАР ТАЙВАН БАЙХ ШАЛТГААН

Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, усан үзмийн мод ч үр жимсгүй, чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. Хабаккук 3:17-18

Тэнгэр харанхуйлж бүх зүйл буруугаар эргэж, хүндээр өвчилж, эсвэл насан туршдаа ажиллана гэж бодож байсан ажлаасаа халагдах үед бидний амьдрал орвонгоороо эргэчих шиг санагддаг. Ийм үед Паулын хэлсэн “Бүх зүйлд талархлаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” гэсэн үг зовлон мэт санагддаг. Бүх зүйлийг сайнаар эргүүлэх гэж яаж ч хичээсэн ерөөсөө болохгүй байгаа юм шиг санагддаг. 
Үнэнийг хэлэхэд ийм мэдрэмжийг мэдэрч үзсэн хүн ганцхан та биш. Үүнтэй адил зүйлийг мэдэрсэн нэгэн хүний тухай Библи өгүүлдэг. Түүний нэр бол Хабаккук. Тэр хүн Христийг мэндлэхээс 600 орчим жилийн өмнө аймшигтай их үймээн самууны үед амьдарч байсан. Агуу улс үндэстнүүд хүчирхэгжиж жижиг улс орнуудыг эзэлж байлаа. Хабаккукын ард түмэн болох Израильчуудын хувьд ямар ч найдвар байхгүй мэт түүнд санагдаж байсан. Сүйрэл ирэх нь гарцаагүй гэдгийг ч мэдэж байв. Израильчууд хээл хахуульд идэгдэж, эмх замбараагүй байдал, үймээн самуунд автагдсан байлаа. “Бурхан яагаад оролцохгүй байгаа юм бэ?” хэмээн тэр шаналж байсан. “Бурхан яагаад зөв шударга шүүлтээ буулгахгүй байгаа юм бэ? Энэ сүйрлийн цаг үед Бурхан яагаад чимээгүй байгаа юм бэ? Бурхан яагаад намайг сонсохгүй, надад туслахгүй байгаа юм бэ?” гэж тэр асууж байсан. 
Гэхдээ Хабаккук хариултаа авсан. Бурхан түүнд асуудлаасаа давж харах ёстой гэдгийг ухааруулсан. Энэ дэлхий дээр юу ч тохиолдож байсан Бурхан орчлон ертөнцийг захирсан хэвээрээ гэдгийг түүнд сануулсан. Тэр бол мөнхийн мөнхөд оршигч Нэгэн. Тиймээс ч Дуулал 102:25-28 эшлэлд “Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм. Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно. Харин Та хэвээрээ, Таны он жилүүдэд эцэс үгүй. Зарц нарын тань хөвгүүд амьдарсаар, үр удам нь Таны өмнө бат зогсоно” хэмээсэн байдаг. 
Хабаккукт асуулт байсан. Гэхдээ асуултдаа хариулт олохын тул тэр зөв алхмыг хийсэн. Тэр асуултуудаа Бурханы өмнө авчирсан. Харин Бурхан түүний асуултуудад хариултыг өгөөд зогсохгүй түүний зүрхэнд магтуу дууг өгсөн. Нөхцөл байдлаасаа болоод тэр үймрэн шаналж байсан ч Бурхан руу эргэх үедээ тэр баяр хөөрийг олсон.   
Бурханыг таньж мэдэх гол түлхүүр нь Түүний Хүү Есүс Христийг таньж мэдэх явдал. Учир нь Тэр “Намайг харсан нь Эцэгийг харсан” хэмээсэн. Тухайн үед Есүс Христийг хүмүүс баярлан хүлээж аваагүйг бид санах хэрэгтэй. Түүнийг үл тоож, үзэн ядаж, тэр бүү хэл Ромын цэргүүд Түүнийг цовдолсон.
Энэ дэлхийд амьдрах үед нь Есүс хэцүү бэрхтэй нүүр тулсан. Тэр зовлон эдэлсэн. Гэхдээ энэ бүхэн нь өнөөдрийн та бидний төлөө байсан. Христ үхлийг ялан дийлсэн учраас та ч бас нөхцөл байдлыг ялан дийлж чадна. Тэр бүү хэл тэр бүх нөхцөл байдал дунд Бурханд талархал өргөж, Бурханы хүч чадал, хангалт дүүргэлтийг тунхаглаж чадна. 
Хабаккук эргэлзээ, тээнэгэлзэл, зовлон шаналлаас илүү цаадахыг харж чадсан юм. Тийнхүү харах үед өөрт нь тохиолдсон асуудал үнэндээ юу ч биш болохыг ойлгосон. Бидний амьдрал нуран унаж буй мэт санагдах тэр үед ч бид амар тайван байж болох юм байна гэдгийг ойлгохыг хүсвэл Хабаккук 3-р бүлгийг уншаарай. Та Бурханыг Хабаккукын нүдээр харахад л хангалттай. Хар үүлсийн цаана нарны туяа нуугдаж байдаг гэдгийг та санаарай.
Нэгэн хөлөг онгоц дотор тэр хөлгийн ахмадын охин аялж явжээ. Гэвч аяллын үед шуурга дэгдэж ахмад бүх зорчигчийг аврах хандааз өмсөхийг сануулав. Онгоцны үйлчлэгч охиныг сэрээж аврах хантааз өмсөхийг сануулахад тэр “Хөлгийг хэн жолоодож байгаа юм бэ?” гэж асууж. Үйлчлэгч “Чиний аав” гэж хариулав. Харин охин хариуд нь “Хэрвээ аав маань жолоодож байгаа бол бүх зүйл сайхан болно оо” гэж хэлсэн гэдэг. Хүнд хэцүү цаг үед бидэнд чухамдаа ийм л итгэл хэрэгтэй. Бидний тэнгэрлэг Эцэг энэ дэлхий ертөнцийг удирдаж байгаа шүү.


ЭЦЭСТ НЬ БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО.