АХМАД НАСТНУУДАД ӨГӨХ ТАВАН ЗӨВЛӨМЖ

АХМАД НАСТНУУДАД ӨГӨХ ТАВАН ЗӨВЛӨМЖ

Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй. Дэд хууль 34:7

“Хүндэт Сала, нас 80 хол давсан, амьдрал нь ямар ч зорилгогүй болсон мэт санагдаж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? Би өөрөө 82 настай, тэргэнцэр дээр суудаг. Надад хүч тэнхээ гэхээр зүйл огт үлдсэнгүй. Заримдаа өөрийгөө ямар ч хэрэггүй хүн болчихсон мэт санах юм” гэж нэгэн сонсогч маань бичиж билээ.
Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдсээр, өндөр настай ахмадуудын тоо улам бүр нэмэгдэх болжээ. Үүнийг дагаад цоо шинэ сорилтууд өмнө маань тулгарах болсон. Насжилттай холбоотой асуудлуудын талаар зөвлөгөө хүссэн сонсогчдын тоо ч жилээс жилд нэмэгдсээр. Энэ талаар бодохдоо би хоёр зүйл хийсэн. Нэгдүгээрт, би дахиад л “Энэ талаар Бурхан Өөрийн үгэндээ юу гэж өгүүлсэн байна вэ?” гэж асуусан. Хоёрдугаарт, би өндөр насыг насалсан азай буурлуудтай уулзаж, тэдэнд юу тустай байсан, юу хэцүү байсан талаар асууж ярилцсан юм.
Баримтаас үзвэл сүүлийн 20 жилд 80-аас дээш настай ахмадуудын тоо эрс нэмэгдсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ, эм тариа, витамин нэмэлт тэжээл зэрэг зүйлс илүү хөгжсөнөөр хүмүүсийн насжилт нэмэгдэж, ахмад настангууд улам бүр олширсоор. Анагаах ухаан олон төрлийн өвчнийг бүрэн эмчилж эдгээж чаддаг болсноор ахмад настнууд хүнд өвчнөө ялан дийлж, амьдралын он жилүүдээ уртасгаж байна. Хүссэн ч хүсээгүй ч он жил урсан өнгөрч, бидний хийж чаддаг зүйлс улам бүр багассаар, хүч чадал минь улам бүр суларсаар байх болно. Тэгвэл ахмадууд бид амьдралын энэ сорилтыг хэрхэн даван гарах вэ?
Зөвлөмж #1: Та амьд мэнд байгаа нь тохиолдол биш харин Бурханы хүсэл гэдгийг ухаар. Бурхан алдаа гаргадаггүй. Юунд ч гэнэддэггүй. Паул “бүх юмыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон” хэмээсэн. Та хэзээ ч битгий мартаарай. Бурхан таныг Өөртөө дуудсан л бол танд хийх ажил байнаа л гэсэн үг.
Зөвлөмж #2: Таны хувь хүний жинхэнэ үнэ цэнэ таны ажлын бүтээмжид биш харин зан чанарт оршиж байдаг гэдгийг сана.
Бидэнд байдаг нэг алдаатай бодол бий. Ялангуяа нас ахих тусам бид өөрсдийгөө ямар нэгэн зүйл хийж бүтээхгүй л бол үнэ цэнэгүй гэж боддог. Гэтэл энэ бодол нь өөрөө Библийн сургаалын эсрэг ойлголт. Библи бидэнд хэлэхдээ бид өөрсдийн хийж буй ажил үйлсийнхээ улмаас үнэ цэнэтэй болдог биш харин байгаагаараа үнэ цэнэтэй байдаг гэж гэрчилдэг. Уран зураг, сайн ном зохиол он жил өнгөрөх тусам үнэ цэнэтэй болдог шиг хүмүүс бид ч мөн адил.
Зөвлөмж #3: Хүч чадал чинь суларч байгааг өгөөмөр сэтгэлээр хүлээн зөвшөөр. “Би шинэ өдөр бүрийг бэлэг гэж хүлээж авдаг” хэмээн 90 настай Биатрис Коул бичсэн. Түүний амьдралын сүүлийн 10 жил буюу 80-90 нас хүрэх энэ цаг хугацаа амьдралынх нь хамгийн гайхалтай бэлэг байсан гэж хэлсэн юм. Хэдийгээр тэр энэ цаг хугацааны ихэнхийг тэжээвэр нохойтойгоо хоёулхнаа өнгөрүүлсэн ч энэ нь түүнийг амьдралаа талархалтайгаар хүлээж авахад нь саад болоогүй юм.
Зөвлөмж #4: Гарч, хүмүүстэй уулзаж, идэвхтэй байхад өөрийгөө хүчил. “Этелийгээ алдсанаас хойш би өөрийгөө хүчилж, аяллаар явж, гольф тоглож, хүмүүстэй хамт байхыг хичээх болсон. Гэртээ сууж бусадтай харилцахаас зайлсхийх нь ганцаардлыг чинь улам бүр нэмэгдүүлэх болно” хэмээн Франк Эмэри бичсэн.
Зөвлөмж #5: Бууж өгөхөөс татгалз. Теологич Др.Уилбур Смит “Нас дээр гарна гэдэг гэм нүгэл биш ч энэ нь маш их тавгүйцлийг авчирдаг” хэмээн бичсэн. Эхнэр бид хоёр ханилаад 60 жил болж байна. Бид хоёр хамтдаа саяхан “Нас бол зүгээр л тоо” гэдэг ном бичсэн. Одоо бид хоёулаа 80 гарлаа. Тиймээс амьдралаараа туулж үзсэн зүйлийн талаар бичих үнэхээр таатай санагдсан. Хэрвээ та өндөр нас зооглосон бол амьдралын туршлагаа үр хойчтойгоо заавал хуваалцаарай. Тийнхүү танаас хойно ч дурсамж тань тэдэнд үлдэнэ.


ТҮҮНЭЭС ӨГСӨН АМЬДРАЛЫН ӨДӨР ХОНОГ БҮРИЙГ НАНДИГНАН ХАЙРЛА.