ХЭРХЭН СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ ВЭ?

ХЭРХЭН СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ ВЭ?

Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн.  1 Тимот 6:6

Нэрт сэтгэл судлаач Жосеф Крейслер хүний амьдралд тохиолддог аливаа зовлон бэрхшээлүүдийг судалж үзсэний үндсэн дээр сэтгэл хангалуун байдал маш чухал болохыг олж тогтоожээ. Др.Крейслер “Хэрвээ та зөвхөн өөрийнхөө тухай бодож, өөрийнхөө юу хүсэж байгаа, өөрийнхөө юунд дуртай, хүмүүс танд хэр их анхаарал хандуулах ёстой талаар бодсоор байвал хэзээ ч сэтгэл хангалуун амьдарч чадахгүй. Та өөрийн хүрсэн ойртсон бүхнээ бохирдуулна. Эцсийн дүндээ та Бурханаас танд илгээсэн бүхнээс зөвхөн сэтгэлийн зовлонг л мэдэрдэг хүн болж хувирна” хэмээн хэлсэн.

“Итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн” – энэ бол амьдралын тулаанд гаршсан ахмад дайчин Паулаас шинэхэн цэрэг Тимотод өгсөн зөвлөгөө. Мэдээж Тимот бол зэвсэг барин дайтдаг дайнч эр байгаагүй. Харин тэр сүнслэг тулаанд ордог нэгэн байсан. Тиймээс ч Паул түүнд энэ чухал зөвлөгөөг өгсөн.
Энэ бүхнээс үзвэл бидний хэр их сэтгэл хангалуун амьдрах, аз жаргалтай амьдрах эсэх нь өөрсдийн сонголттой холбоотой. Энэ бүхнийг шийдэх гол хүчин зүйл нь бид өөрсдөө байдаг.
Сэтгэл хангалуун амьдрал бол агуу ашиг гэж сургасан хүн ганц Паул биш. Христ ч мөн цэргүүдийг төр засагтаа үнэнч байхыг, ажилчдыг ажлын хөлсөндөө сэтгэл хангалуун байхыг сургаж байсан. Паул өөрөө ч Христийн энэхүү сургаалаас эш татсан. Анхны үеийн Христэд итгэгчэд тэднийг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахыг сургасан. Гэхдээ Паулын хувьд сэтгэл хангалуун амьдралын талаар хамгийн сайн мэддэг нэгэн байсан. Тиймээс ч Паул Тимотод хандан бичихдээ “Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно” хэмээсэн. Мөн Филиппойн чуулганд хандан Паул “Би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан” хэмээсэн.
Тэгвэл амьдралдаа сэтгэл хангалуун байхыг сурталчилж байсан энэ хүн өөрөө яг ямар хүн байсан юм бэ? Амар хялбар амьдралаар амьдарч байсан нэгэн үү? Эсвэл ашиг хонжооны хойноос хөөцөлдсөөр цөхөрсөн нэгэн байсан уу?
Юуны түрүүнд, Паул Тарс хэмээх хотод өссөн маш өндөр боловсролтой нэгэн байв. Улмаар тэр бага насандаа Иерусалимд очиж тэндэхийн хамгийн агуу Рабби нарын нэг их багш Гамалиелын шавь болсон. Тэр анхандаа чуулганы өстөн дайсан байлаа. Тэр Назарын Есүсийн дагалдагч нарыг барьж хорьж, амьдралыг нь сүйрүүлдэг нэгэн байсан. Гэвч Паул Дамаск орох замдаа Христтэй уулзсан. Энэ уулзалт түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн.
Ингээд дараагийн 30 жилийн хугацаанд Паул Христитгэлийн агуу багш болсон. Олон жилийн сүнслэг тэмцлийн үр дүнд тэрээр аз жаргалтай амьдралд юу хэрэгтэй болохыг олж мэдсэн. Тийм ч учраас Паул Тимотод хандан “итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн” хэмээн хэлсэн.
Бурханыг олсон хүний хувьд сэтгэл хангалуун байдал гэдэг илүү гүн гүнзгий утга учиртай. Учир нь сэтгэл хангалуун байдал гэдэг нь ямар нэгэн хүрэх ёстой зогсоол биш. Бурханы хүсэл дотор алхах үед бид үүнийг хамгийн ихээр мэдэрдэг. Тэгвэл та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Та байгаа байдалдаа сэтгэл дундуур, урам зориггүйхэн амьдарч байна уу?
Үнэндээ бол “Би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан” хэмээн хэлсэн тэр хүн бол гурван удаа хөлөг онгоцны сүйрэлд өртөж, таван удаа 39 ташуурдуулсан. Тэр Бага Азийн ихэнх нутгийг хөндлөн гулд аялан явсан. Түүнд найдвартай орлого, тэтгэвэр тэтгэмж байгаагүй. Гэвч тэр энэ төрлийн аливаа сэтгэл зовнилоос ангид амьдарч чадсан юм. Учир нь Бурхан өөрт нь санаа тавина гэдгийг тэр мэдэж байв.


ХЭРВЭЭ ТАНЫ ИТГЭДЭГ БУРХАН АМЬДРАЛД ТАНЬ САНАА ТАВЬДАГ ГЭДГИЙГ МЭДВЭЛ ТА Ч БАС СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДАРЧ ЧАДНА.