ИТГЭЛИЙН УТГА УЧИР

ИТГЭЛИЙН УТГА УЧИР

Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Еврей 11:6

Куакерын эрдэмтэн Элтон Трүблад “Итгэл гэдэг нь аливаад баримтгүй нотолгоогүйгээр үнэмшихийн нэр биш” хэмээн хэлсэн. Олон хүн итгэл болон бодит байдал хоёр хоорондоо зөрчилддөг гэж боддог. Еврей номд “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Еврей 11:1) хэмээн бичигдсэн байдаг. Хүмүүсийн хувьд гарт баригдах болон гарт баригдахгүй, үзэгдэх болон үл үзэгдэх, материаллаг болон сүнслэг зүйлсийг хооронд нь үргэлж харьцуулж авч үзэж байдаг. 
Дагалдагчид амилсан Эзэний тухай хэлэх үед Томас “Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй” гэж хэлсэн (Иохан 20:25). Өөрөөр хэлбэл Томас “Би нүдээрээ харахаас нааш итгэхгүй” гэсэн юм. 
Өнөөдөр ч маш олон хүн “Харж байж л итгэнэ” гэж хэлдэг. Гэхдээ бодит байдал дээр бид олон зүйлийг “итгэж байж хардаг”. Есүс ингэж заасан.
Энэ үнэний тухай Иохан 10-р бүлэгт өгүүлдэг. Тухайн үеийн шашны удирдагчид Есүстэй ам муруйдаг байсан. Тэр бүү хэл тэд Есүст “Чөтгөр шүглэсэн” гэж гүтгэж байсан (Иохан 10:19). Харин Есүсийн сургаалыг сонссон, удирдагчдаасаа илүү сүнслэг ойлголтоор дүүрэн жирийн хүмүүсийн хувьд тэд “Чөтгөр шүглэгчийн үг энэ биш ээ. Сохрын нүдийг чөтгөр нээж чадах уу?” (Иохан 10:21) гэцгээж байсан.
Өөрийг нь шүүмжлэгсдэд хандан Есүс “... та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлст итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно” (Иохан 10:38) хэмээн хэлж байсан. Энд Есүсийн хэлсэн гурван үйл үгээс бид сүнслэг ойлголтын гурван үе шатыг харж болно. Эхлээд итгэх, дараа нь мэдэх, дараа нь ойлгох.
Харин бид үүнийг эсрэгээр нь болгочихдог. Бид эхлээд бүхнийг ойлгохыг хүсдэг. Бид хөдөлшгүй нотолгоо баримт, баталгаа хүсдэг. Тэгээд бүх зүйлийг хөдөлшгүй үнэн болохыг нь мэдэж байж дараа нь итгэхийг хүсдэг. Үүнд бидний асуудал оршиж байна.
Энэ дэлхийн оюун санаа хэзээ ч итгэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэтэл “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм” (Еврей 11:6). Итгэх нь эхлээд байдаг гэдгийг Есүс хэлсэн. Дараа нь мэддэг, дараа нь ойлгодог болно.
Гэхдээ энд бид нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Итгэл гэдэг нь мухар сүсэг биш! Ямар нэг зүйлд мухар сохроор итгэхийн нэр биш. Энэ нь худал зүйлд итгэчихээд, түүнийгээ үнэн байгаасай гэж хүсэхийн ч нэр биш. Есүс “үйлст итгэ” хэмээн айлдсан. Өөрөөр хэлбэл танд гэрчилж буй баримтанд итгэ гэж хэлсэн байна. Энэ үгийг өнөөдрийнхөөр хөрвүүлвэл, “Хоосон булшийг үз. Амилалтын нотолгоог зөвшөөр. Өөрчлөгдсөн амьдралуудыг хар” гэсэн үг юм. Энэ бүх баримтад итгэ. Тэгвэл энэ нь итгэлийн эхний алхам байх болно. Харин үүнийг мэдэх болон ойлгох нь дагах болно. Харин Есүсийн сургаалыг сонсож байсан хүмүүсийн хувьд тэд Түүний ер бусын үйлст итгэхийг хүсээгүй.
Сохор хүмүүс хараа орсон. Дүлий хүмүүс сонсож байсан. Есүсийн гурван жилийн үйлчлэлийн хугацаанд дор хаяж гурван хүн үхлээс амилсан. Ийм зүйл өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй. Гэвч зарим хүмүүс энэ үйл явдалд итгэхээс татгалзсан.
Энд гарч байгаа дараалал надад маш чухал санагддаг. Эхлээд итгэ, дараа нь мэд, эцэст нь ойлго. Зарим зүйлсийг та эхлээд итгэхээс нааш хэзээ ч ойлгож чадахгүй. Паул үүнийг сайн ойлгож байсан. Тиймээс Коринт захидалд “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй” (1 Коринт 2:14) гэж бичигдсэн байдаг.
Найз минь, чи энэ дарааллыг өөрчилж, эхлээд ойлгоод дараа нь итгэнэ гэж бодож байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол эсрэгээр нь оролдоод үзээрэй. 


ИТГЭ. ИТГЭЛЭЭР ДАМЖУУЛАН МЭДЛЭГ ИРНЭ. ДАРАА НЬ ТЭР БҮХ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОДОГ БОЛНО.