ЯАГААД ЧИ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

ЯАГААД ЧИ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ. Дуулал 23:4   

Библийн нэрт багш, Др.Стэнли Коллинс зүрхний шигдээс болох үедээ Бурханаас өөрийн эрхгүй “Яагаад би гэж? Эзэн минь?” гэж асуусан гэдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд өөрийнх нь төлөө Бурханы хийсэн бүхнийг Коллинс дурсан санасан. Харин тэрхэн мөчид Бурхан өөрт нь “Яагаад чи байж болохгүй гэж?” хэмээн асуух шиг болсон гэдэг.
Бид бүгдээрээ л үүнтэй адил зүйлийг асуудаг. “Яагаад би гэж, Бурхан минь?” гэж бид асуудаг. Та ингэж Бурханаас асууж байсан уу? Би ч бас олон удаа ингэж асууж байсан. Гэвч тухай бүрт нь миний дотор “Бурханыг хайрладаг тушаалуудыг нь сахидаг хүмүүсийн сайны төлөө Тэр бүхнийг ажиллуулдаг байтал би Бурханаас ингэж асуух нь зөв гэж үү?” гэх бодол төрдөг.
Саяхан надтай уулзсан нэгэн хуульч залуугийн зүрхэнд ч мөн ийм асуулт төрж байсан нь лавтай. Тэрээр жилийн өмнө хуулийн сургуулиа төгсөж, саяхан шинэ ажилд оржээ. Сургуульд сурах мөнгө олохын тулд тэрээр байраа барьцаанд тавин зээл авч, түүнийг суралцах хугацаанд гэр бүлээ тэжээхийн тулд эхнэр нь ганцаараа ажил хийдэг байв. Гэвч түүнийг ажилд ороод удаагүй байтал түүний бүх хичээл зүтгэл талаар өнгөрчээ. Сарын дараа түүнийг ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдэгдэл түүнд ирсэн байна. Тэр залуу даргадаа болон Бурханд маш их уурлаж. Хэдийгээр тэр аман дээрээ ингэж хэлээгүй ч дотроо “Яагаад би гэж, Бурхан минь?” гэж хашхирч байгаа нь илхэн байв.
Амьсгалын замын өвчнөөс болоод бяцхан хүүхдээ алдсан залуу эх ч бас “Яагаад миний хүүхэд гэж?” гэж шаналж байсан юм. “Яагаад миний хүүхэд гэж? Хүүхэдтэй болохыг хүсээгүй олон эмэгтэйчүүд хүүхэдтэй болсон байтал хүүхэдтэй болохыг хамгийн ихээр хүссэн миний хүүхдэд яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэж тэр уйлан шаналж байлаа. Бүх зүйл буруугаар эргэх үед бидний зүрх сэтгэлийг тайтгаруулж чадах хариулт үнэндээ бий гэж үү?
Заримдаа бид Бурханы хүүхэд байх гэдэг нь яг ямар утга учиртай болохыг гүйцэд ойлгоогүйн улмаас стресстдэг. Бидний ихэнх нь Бурханы хүүхэд байна гэдэг нь бүх зүйл дандаа сайн сайхан байхын нэр гэж ойлгодог. Тэнгэр нь дандаа цэлмэг, өвчин зовлонгүй, хэрүүл шуугиангүй амьдралаар амьдарна гэж төсөөлдөг. Гэвч Бурхан зөвт болон зөвт бус хүмүүсийн дээр ялгаагүй бороо оруулж, ялгаагүй нар мандуулдаг гэдгийг бид заримдаа мартдаг. Зовлон бэрхшээлийн хөндийгөөр бидэнтэй хамт алхах болно гэж Бурхан амалсан. Харин бид заримдаа энэ амлалтыг мартдаг. Хүнд хэцүү нөхцөл байдал дунд бидэнтэй хамт байна гэж Бурхан амласан болохоос бидэнд ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал тулгарахгүй гэж огт амлаагүй.
Тиймээс Бурхан бидэнд зовлонгоос ангид амьдралыг амлаагүй харин зовлон бэрхшээлийн дунд бидэнтэй хамт байж, тэрхүү асуудлаас илүү агуу Нэгэн гэдгээ бидэнд ойлгуулдаг гэдгийг хэдий чинээ эрт ухаарна, төдий чинээ бидэнд тустай.
Нэг удаа найз маань надаас “Чи хэлсэн үгэндээ ороогдож байсан уу?” гэж асуусан юм. Би эргэлзэх зүйлгүйгээр “Бидний хэлсэн үг яг л бумеранг шиг. Заримдаа нисэж ирээд бидний нүүрийг хүчтэй цохидог” гэж хариулсан.
Учир нь та бүхэнтэй хуваалцаж байгаа бүхнээ би амьдралаараа туулж мэдсэн. Энэ бүх зөвлөмжийг Бурхан миний амьдралаар дамжуулан надад зааж сургасан. Тиймээс та эдгээр сургамжуудыг сайтар тогтоож аваарай. Бурханы үг үнэн. Бурхан бидэнд “Би чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч мартахгүй” гэж амласан. Таны амьдралд өнөөдөр юу тохиолдсон байгаагаас үл хамаараад энэ амлалт үнэн. Тиймээс магадгүй дараагийн удаа та Стэнли Коллинсийн нэгэн адил “Яагаад би гэж, Эзэн минь?” гэж хашхирах үедээ та Бурханы хариултыг анхааралтай сонсоорой. Тэр цагт Бурхан танд “Яагаад чи байж болохгүй гэж?” хэмээн хэлэхийг та сонсож мэдэх юм.


ЯАГААД ЧИ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ? БАС БҮҮ МАРТ. ҮХЛИЙН ХАРАНХУЙ ХӨНДИЙГӨӨР ТУУЛСАН Ч БИ ЧАМТАЙ ХАМТ БАЙХ БОЛНО. – БУРХАН