ХҮЧИРХЭГ ГЭР БҮЛИЙН ЗУРГААН НУУЦ

ХҮЧИРХЭГ ГЭР БҮЛИЙН ЗУРГААН НУУЦ

“Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа.  Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв”. Лук 10:41-42

Өөрт нь 18 сарын нас үлдсэнийг мэдээд Ларри Александр маш хүнд цохилтод оржээ. Түүнд туршилтын мэс засал хийх нэг найдвар үлдсэн ч ерөнхийдөө ирээдүй нь маш бүрхэг болов. Түүний эхнэр Энни хэвлийдээ гурав дахь хүүхдээ тээж байсан учир гурван хүүхдээ ганцаараа өсгөх нөхцөл байдалтай нүүр тулжээ. Түүгээр зогсохгүй Энни үр хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар өвчтэй нөхрөө асрах ёстой болсон. 
Хэдийгээр ийм байдалд орсон ихэнх гэр бүлүүд сэтгэл санаагаар маш их унадаг ч Александрынхан сэтгэлээр унасангүй. Харин ч энэ хүнд хэцүү нөхцөл байдал тэднийг улам бүр ойр дотно болгож хүчирхэгжүүлсэн юм. 
Ларри ч хүнд өвчинд бууж өгөхийг хүссэнгүй. Их сургуулийн багш байсан Ларри урьдын адил өндөр цалинтай ажил хийх боломжгүй болж гэр бүл нь санхүүгийн хувьд хүнд байдалд орсон ч тэдний гэр бүл тэрхүү саад бэрхшээлээр дамжуулан улам бүр ойртон дотносчээ. 
“Бид урьдынх шигээ санхүүгийн хувьд хангалуун байхаа больсон ч бид байгаагаа хүргэж, өөр хоорондоо улам бүр дотно болж чадсан” хэмээн Ларри дурсан ярьсан юм.
Яагаад зарим хүнд хэцүү нөхцөл байдал зарим гэр бүлийг нурааж, зарим гэр бүлүүд үүгээр дамжуулан улам бүр хүчирхэгждэг юм бол оо? Энэ асуултын хариултыг олохоор Др.Ник Стиннет болон Др.Жон ДеФрейн нар 3000 гаруй гэр бүлийг нарийвчлан судалжээ. Тэдгээр гэр бүлүүдийн дунд Александрынхан ч мөн багтсан. Улмаар судалгааныхаа үр дүнг тэд “Хүчирхэг гэр бүлийн нууц” хэмээх номдоо өгүүлжээ.
Стресстэй хүнд хэцүү нөхцөл байдалд эерэг хариу үйлдэл үзүүлж чадсан гэр бүлүүдийг судлаад үзэхэд зургаан нийтлэг хүчин зүйл ажиглагдсан байна. Эдгээр нь
1) Зориулалт; 2) Талархах сэтгэл; 3) Харилцаа; 4) Хамтдаа байх цаг; 5) Сүнслэг байдал; 6) Хүнд хэцүү асуудлыг давна гэсэн шийдэмгий байдал.
Эдгээр чанарыг гэр бүлдээ бий болгоход туслахын тулд дараах хэдэн зөвлөгөөг танд өгье. Стресс дарамтанд илүү хүчирхэгжиж чадсан гэр бүлүүдийн хувьд тэд хамтдаа байх цагийг илүү ихээр гаргадаг бөгөөд ингэхдээ хамтдаа цуглаанд очиж Бурханыг хүндлэн мөргөж, тэдний гэр бүлд хандсан Бурханы төлөвлөгөөг таньж мэдэхээр эрэлхийлж, ямар ч үед хамтдаа байж бүхнийг даван туулна гэсэн шийдвэр дотор бат зогсдог байна. 
Жишээ нь Александрынхан Ням гараг бүр цуглаанд өглөө, орой хоёр удаа суудаг байсан бөгөөд Лхагва гараг бүр Библи судлалын хичээлд хамрагддаг байжээ. Эннигийн ажлын хуваарь давхардаагүй үед Энни нөхөртэйгөө хамт хүүхдүүдийнхээ сургууль дээр очиж тэдэнтэй хамт байх цагийг гаргадаг байв. 
Хүнд хэцүү нөхцөл байдлыг амжилттай даван гарсан гэр бүлүүд нь чуулгандаа илүү идэвхтэй хамрагдаж, гэртээ хамтдаа залбирч, Библи судлах, Бурханы үгийг тунгаан бодох цагийг түлхүү гаргадаг болохыг хоёр эрдэмтний судалгаа нотолсон. 
Тэд Бурханд зориулах цагаа нэмэгдүүлснээрээ гэр бүлээ илүү хүчирхэгжүүлсэн байна. Улмаар тэд хамтдаа тоглож, ярилцаж, хамт байх цагийг илүү их гаргах болсон байна. Тэд бие биедээ улам илүү анхаарал хандуулж, бие биедээ улам илүүгээр санаа тавих болсон байна.
Александрын гэр бүлийнхний аливаад илүү талархалтайгаар ханддаг чанар нь үнэхээр онцгой. Тэд хайр хүндлэл, талархлаа илэрхийлэхээс цааргалдаггүй бөгөөд бие биедээ үргэлж тусалж, “Баярлалаа” гэдэг үгийг бие биедээ харамгүй хэлдэг байна. 
Мэдээж Ларри Александрт тохиолдсон шиг зүйлс танд хэзээ ч бүү тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр ирээдүйд бидний амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс та гэр бүлээ ирээдүйд бэлтгээрэй. Цаг нь ирэхэд танай гэр бүл ч бас тодорхой хэмжээний хүнд хэцүү нөхцөл байдал, стресс дарамттай тулгарах болно. Харин тэр цагт хүнд хэцүү нөхцөл байдлыг хамтдаа хэрхэн даван туулахаа та мэддэг байх нь чухал юм шүү.


ХАМТДАА ХҮЧИРХЭГ!