БҮХ ЗҮЙЛД ТАЛАРХАЛТАЙ ХАНДАХ НЬ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ

БҮХ ЗҮЙЛД ТАЛАРХАЛТАЙ ХАНДАХ НЬ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ

Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. 1 Тесалоник 5:18

Нэрт зохиолч Энн Воскампын “Мянган бэлэг” хэмээх ном маш олон хүний амьдралд өөрчлөлт авчирсан. Энэ номыг уншсаныхаа дараа маш олон эмэгтэйчүүд шинээр дэвтэр худалдан авч амьдралд нь өгөгдсөн “бэлгүүдийг” жагсаан бичиж тэдгээрийн төлөө том бага гэлгүй талархаж эхэлсэн. Энэ бол маш чухал дасгал. Учир нь та тэдгээр бэлгүүдийг жагсаасаар 1000 хүрэх үед та амьдралыг цоо шинээр харж эхэлсэн байх болно.
Бидний амьдралд өгөгдсөн Бурханы ивээл ерөөлүүдийг олж харахаар хичээж эхлэх үед бид эргэн тойрноо илүү өөр нүдээр харж эхэлдэг. Бид жижигхэн зүйлээс ч Бурханы хайр ивээлийг олж харж эхэлдэг. Борооны дараа чийглэг агаар, гүйцэд боловсорсон амтлаг жимс, хайртай хүний дотно тэврэлт, гадаа ургаж буй ногоон модод гээд эргэн тойрондоо байгаа бүхий л зүйлээс та Бурханы хайр ивээлийг олж харна.
Та энэ бүх бэлгийг олж харах “хараагаа” хөгжүүлж чадвал таны амьдралд хандсан Бурханы бэлгүүд ямар элбэг баян болохыг ухаарна.
Тэр бүү хэл хүнд хэцүү нөхцөл байдлууд дунд ч Бурханы бэлгүүд бидэнд дүүрэн өгөгдсөөр байдаг. 1Тесалоник 5:18 эшлэлд “Бүх зүйлд талархлаа өргө” хэмээсэн. Энд “бүх зүйлд” гэж хэлжээ. Бидний амьдралд ивээлтэй, баяр хөөртэй цаг олон байдаг шиг хүнд хэцүү, зовлон бэрхшээлээр дүүрэн үе ч цөөнгүй. Хэдийгээр тэр бүх хүнд хэцүү цаг үед Бурхан талархах нь хэцүү ч ямар ч үед Бурханд үргэлжлүүлэн талархсаар байх сонголтыг бид хийх бүрэн боломжтой.
“Бүх зүйлд талархлаа илэрхийлэх нь бүх зүйлээр дамжуулан ажиллаж байдаг Бурханы гүн гүнзгий нууцыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм” хэмээн Энн Воскамп өөрийн блогтоо бичсэн. Тэрээр үргэлжлүүлэн бичихдээ “Бид өөрсдийн мэдрэмжийн улмаас биш харин Бурханы мөн чанарын улмаас Бурханд талархал өргөдөг. Хичнээн их харууссан ч бид өнгөрснийг өөрчлөх боломжгүй. Хичнээн их санаа зовсон ч бид ирээдүйг өөрчилж чадахгүй. Харин өчүүхэн төдий боловч талархах сэтгэл бидний одоо цагийг өөрчилж чаддаг. Тиймээс хүнд хэцүү цаг үедээ та Бурханыг эрэн хайгаарай. Зовлон бэрхшээлийн дунд та Бурханыг магтаарай. Аймшигтай цаг үе ирэхэд Бурханд итгээрэй. Тэгээд бүх зүйлд Бурхандаа талархаарай” хэмээсэн.
Хүнд хэцүү цагт бидэнд ирдэг тэрхүү Бурханы бэлгүүдийг Бурханы гайхамшигт нигүүлсэл хэмээн тооцох нь зүйтэй. Учир нь Есүст итгэсэн итгэгч хүмүүсийн хувьд Бурхан тэднийг харж, сонсож буйгаа онцгой байдлаар илэрхийлж өгдөг. Тиймээс ч Бурханы өөр нэгэн нэр нь Эл Рой гэсэн нэр. Учир нь Бурхан биднийг хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч харж, хамгаалдаг. Тэр биднийг хашхирах дууг сонсож, бидэнд өршөөл нигүүлслээ илгээдэг.
Үйлс номын 26, 27-р бүлэгт элч Паул болон түүнтэй хамт хоригдож байсан хоригдлууд, тэднийг харгалзаж байсан хянагчид болон хөлөг онгоцны багийнхан Ром хүрэхээр явах замдаа Газар дундын тэнгист далайн шуургатай тулгарсан тухай өгүүлдэг. Тэд бүтэн 14 хоногийн туршид далайн шуурганд нүдүүлж, хөлөг онгоц нь давлагаанд цохигдон нааш цааш шидэгдэн явсан. Хөлөг дээрх хүмүүст Паул Бурханы үгийг дамжуулж, бүгд аврагдах болно хэмээн урам зориг өгсөн. Улмаар хүмүүс урам зориг орж хөлгөө хуурай газар луу ойртуулахыг хичээсэн ч хөлөг нь элсэнд зоогдож улмаар юу ч үгүй эвдэрсэн байна. Харин Бурхан тэдэнд ямар нигүүлсэл үзүүлснийг та мэдэх үү? Хөлөг дээр байсан 276 хүн бүгдээрээ хөлөг онгоцны сүйрлээс амьд гарч чадсан. Тэр бүү хэл сэлж чаддаггүй хүмүүс нь ч эсэн мэнд гарч чадсан юм.
“Сайн сайхан хийгээд хайр энэрэл насан туршид минь намайг лавтай яа дагана” хэмээн Дуулал 23-р бүлэгт өгүүлдэг. Тэгвэл бид өөрсдийн амьдралаас тэрхүү сайн сайхан, хайр энэрлийг олж харахаар нүдээ нээж байна уу? Бурханы гайхамшигтай мөн чанаруудыг ухаарч, Түүний бэлгүүдийг олж харах нь биднийг бүхлээр нь өөрчилдөг. Тийнхүү бидний амьдрал дахь Түүний оролцоог болон биднийг гэсэн Түүний хайрыг бид олж хардаг. Амьдралд өнөөдөр юу ч тохиолдсон бай бид Бурханд талархал өргөх нь зүйтэй. Учир нь бид цаг үргэлж, бүх зүйлд талархлаа илэрхийлэх бүрэн боломжтой!


ТАЛАРХАЛ БИДНИЙГ ӨӨРЧИЛДӨГ.