ЗАВХАЙРЛЫН ГЭМ НҮГЛЭЭС ЭРГЭХ ЗУРГААН АЛХАМ

ЗАВХАЙРЛЫН ГЭМ НҮГЛЭЭС ЭРГЭХ ЗУРГААН АЛХАМ

Харин Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ. Дуулал 130:4

Садар самуун явдлын гэм нүглээс эргэж замаа олно гэдэг хэцүү. Гэхдээ боломжгүй алхам биш. Та өөрийн үйлдсэн ноцтой гэм нүглийг ухаарч, чин сэтгэлээсээ уучлал, эдгэрлийг хүсвэл таныг эдгэрэл өөд хөтлөх газрын зураг бий. Энэ газрын зургийг Дуулал 51-р бүлгээс харж болно. Энэ бүлэгт Давид хаан өөрийн туршлагаар дамжуулан энэхүү арга замыг зааж өгсөн байдаг. Сэргэлт, шинэчлэл рүү хөтлөх энэ газрын зургаас бид хэд хэдэн чухал зөвлөмжийг олж харах боломжтой.
1. Алдаа зөрчлийнхөө хариуцлагыг өөр дээрээ бүрэн хүлээ. Эш үзүүлэгч Натантай уулзсан даруйдаа Давид хаан “Би нүгэл үйлдсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дуулал 51-р бүлэгт Давид хаан “Би гэмт үйлдлээ мэднэ. Нүгэл минь үргэлж миний өмнө” гэж хүлээн зөвшөөрдөг. Тиймээс та өөрийнхөө генийг эсвэл таныг уруу татсан хэн нэгнийг эсвэл өөрийг чинь ойлгодоггүй эхнэрээ буруутгах хэрэггүй. Хамгийн эхний алхам бол та гэм нүгэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал. Та энэ гэм нүглийн “миний гэм нүгэл” хэмээн хүлээн зөвшөөр. Давид хаан ч мөн “миний гэм нүгэл, миний нүгэл хилэнц, миний алдаа зөрчил” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.
2. Алдаагаа гэм нүгэл гэж тооц. Давид ч бас үүнийг гэм нүгэл гэж хэлсэн. Учир нь энэ бол ямар нэгэн “буруу сонголт”, “бүтэлгүйтэл”, “алдаа”, “ёс суртахууны зөрчил” биш энэ бол гэм нүгэл. Харин Библид хэлэхдээ бид гэмшвэл гэм нүглийн уучлалыг хүлээн авна гэсэн байдаг. Тэгвэл бид хэний өмнө гэм нүглээ гэмших вэ? Давид хаан юуны түрүүнд Бурханы өмнө гэм нүглээ гэмшсэн. Учир нь бид юуны түрүүнд Бурханы эсрэг гэм нүгэл үйлддэг. Тиймээс ч Давид хаан “Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ” хэмээн гэмшсэн. Гэхдээ үүгээр зогсохгүй бид эхнэр нөхөр, үр хүүхдүүдийнхээ өмнө ч гэм нүглээ гэмших нь зөв. Библи “Гэмт үйлдлээ далдлагч хэзээ ч үл дэвжюү. Гэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү” (Сургалт үгс 28:13) гэж хэлдэг. 
3. Буруу харилцаагаа бүр мөсөн таслан зогсоо. Та буруу үйлдэл, буруу харилцаагаа бүр мөсөн таслан зогсоохоос нааш өөрчлөлт ирэх боломжгүй. Тиймээс ч Библид “Хэрэв би зүрхэндээ цөв мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй байх сан” (Дуулал 66:18) хэмээн бичигдсэн.
4. Өөрийгөө дараа дараагийн уруу татлагаас хамгаал. Хэрвээ ажлаа солих ёстой бол соль. Өөр газар луу нүүх ёстой бол нүү. Хэрвээ гэр бүлээ хайрлаж, ирээдүйдээ санаа тавьдаг л бол шаардлагатай алхмуудыг зоригтойгоор хий. “Үхэл биднийг салгах хүртэл...” хэмээн амласан амлалтаасаа нүүр буруулах нь ямар ноцтой алхам байсан билээ? Тэгвэл энэ үйлдлээс эргэхийн тулд үүнтэй адил хэмжээний шийдэмгий алхам хэрэгтэй. Давид хааны хувьд буруу цаг үед, буруу газарт байснаасаа болоод гэм нүгэлд унасан. Заримдаа бид тохиолдлоор буруу газраа байж таардаг. Гэхдээ ахин дахин тэр газраараа эргэлдээд байвал энэ нь тохиолдол биш харин таны шийдвэр гэсэн үг. 
5. Уучлал эдгэрлийг хүс. Бурханаас болон танаас болж зүрх нь шархалсан хүмүүсээс уучлал өршөөлийг хүс. Тэд таныг уучлах болов уу? Тэдний уучлах эсэх нь таны хандлагаас маш их шалтгаална. Хэдий хэцүү ч та тэднээс чин сэтгэлээсээ уучлал гуйвал тэд Бурханы нэгэн адил таныг уучилж болох юм. 
6. Сул талаа үргэлж хамгаал. Хэрвээ оройтохоор бол эхнэртээ урьдаас мэдэгд. Уншиж байгаа, үзэж байгаа зүйлсээ хяна. Зүрхээ хамгаал. Уруу татлагад орж болохуйц нөхцөл байдлаас зайлсхий. Эсрэг хүйсний хүнтэй хоёулхнаа үлдэхээс зайлсхий. Гэм нүглээс эргэж буцах зам амаргүй ч таны амьдралд үнэхээр тустай. Хугарсан яс бороолон эдгэхдээ өмнөхөөсөө илүү бат бөх болон эдгэрдэг. Хэдийгээр бидний энэ мэт алдаа бидний гэрлэлтийг илүү хүчирхэг болгохгүй ч энэ нь бидний сул тал, алдаа дутагдал, анзаараагүй бүхнийг бидэнд илчилж өгдөг. Улмаар бид алдаанаасаа суралцаж сул талуудаа хүчирхэгжүүлэх үед бидний гэрлэлт урьдынхаасаа илүү хүчтэй бат бэх болон өөрчлөгдөх боломжтой юм шүү.


БҮГД ГЭРЛЭЛТИЙГ ХҮНДЛЭГТҮН. ОР ДЭР НЬ Ч БУЗАРТААГҮЙ БАЙГ.