ЗАВХАЙРЛЫН ГЭМ НҮГЛИЙН ДАРАА ХЭРХЭН ЭДГЭРЛИЙГ ОЛОХ ВЭ?

ЗАВХАЙРЛЫН ГЭМ НҮГЛИЙН ДАРАА ХЭРХЭН ЭДГЭРЛИЙГ ОЛОХ ВЭ?

Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач. Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун Сүнсээ надаас бүү аваач. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч. Дуулал 51:10-12

Нигүүлсэл гэдэг нь бид хүртэх ёсгүй сайн сайхныг хүртэхийн нэр. Харин шударга ёс гэдэг нь бид хүртэх ёстойгоо хүртэхийн нэр. Тэгвэл өршөөл гэдэг нь бид хүртэх ёстойгоо хүртэлгүй хэлтрүүлэгдэхийн нэр. Давид хаан үүнийг маш сайн ойлгож байсан. Тиймээс ч Батшебатай завхайрсан гэм нүглийнхээ дараа Давид Бурханаас өршөөлийг гуйн залбирч “Бурхан, хайр энэрлийнхээ учир намайг нигүүлсээч. Арвин их өршөөлийнхөө учир гэмт үйлдлийг минь арилгаач” хэмээн хашгирсан.
Дуулал 51-р бүлэг бол завхайрлын гэм нүглээсээ гэмшин уучлал өршөөлийг гуйж буй хамгийн сэтгэл хөдөлгөм залбирлуудын нэг.
Юуны түрүүнд Давид энд бүх хариуцлагыг өөр дээрээ бүрэн хүлээсэн. Натантай уулзсаныхаа дараа Давид гэм нүглээ гэмшин “Би нүгэл үйлджээ” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Давид гэм буруутай үйлдэлдээ Батшебаг буруутгах гэж оролдоогүй. Өөрийн үйлдсэн ёрын муу бүхэнтэйгээ Батшебаг хутгах гэж оролдоогүй. Харин бүх буруугаа өөр дээрээ хүлээсэн.
Үргэлжлүүлээд Давид хаан “Хилэнцээс минь намайг олонтаа угааж, нүглээс минь намайг цэвэрлээч” хэмээн залбирсан. Өнөөдөр маш олон хүн гэр бүлээс гадуурх харилцаа, садар самуун явдалтай орооцолдчихоод Давид шиг ийнхүү харуусан гашуудалгүйгээр юу ч болоогүй мэт амьдарсаар. Гэм нүглийнхээ төлөө Давид шиг гашуудах нь баригдсандаа харамсах эсвэл хов живд орооцолдсондоо эвгүйцэхээс эрс тэс ялгаатай. 
Давидын залбиралдаа хэрэглэсэн үгсээс бид түүний чин сэтгэлийг харж болно. Түүний залбиралд “арилгах, угаах, цэвэрлэх, бүтээх, сэргээх, шинэчлэх, аврах” гэсэн үгсийг ашигласан нь түүний уучлал, ариусгалыг хүссэн чин сэтгэлийг илтгэж байгаа юм. 
Давидын залбиралд нийтдээ найман гуйлт хүсэлт гардаг. Тэрээр залбирлынхаа эхэнд “Балуунаар гэмийг минь цэвэршүүлээч. Би цэвэр болно” хэмээсэн. Балуун гэдэг нь Ираильчууд Египетээс гарах үедээ хаалганыхаа тотгыг хурганы цусаар будахдаа хэрэглэсэн сагсгар ургамал. Дараа нь Давид “Намайг угаагаач, би цаснаас цагаан болно” гэж залбирсан. Еврей хэлэнд “угаах” гэдэг үгийг хоёр янзын үгээр илэрхийлдэг. Нэг нь аяга таваг угаах гэхэд хэрэглэдэг үг. Харин нөгөөх нь бохир хувцсыг голын эрэг дээр хирийг нь гартал чулуунд цохиж угаах гэсэн утгатай үг байдаг. Тэгвэл Давид хаан энд энэ хоёрын үгийн сүүлийнхийг нь ашиглажээ. Хожим нь эш үзүүлэгч Исаиа “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно” (Исаиа 1:18) өгүүлсэн. 
Гэм нүглээс нь болоод түүний амьдрал бүхэлдээ ямар ч баяр хөөргүй болсон учир Давид Бурханаас “Надад баяр хөөр, баясгаланг сонсгооч” хэмээн залбиран гуйсан. Цааш нь тэрээр үргэлжлүүлэн “Гэм нүглээс минь нүүрээ буруулж, хилэнц бүхнийг минь арилгаач” хэмээн залбирсан. 
Эндээс бид нэгэн сонирхолтой зүйлийг харж болно. Давид өөрийн үйлдлийг бүтэлгүйтэл, буруу сонголт, алдаа гэж хаацайлаагүй. Харин “гэм нүгэл” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ Давид гэм нүглээ Бурханы өмнө хүлээж Түүнээс уучлал өршөөлийг гуйсан. Тиймээс бид ч бас садар самуун, завхайрлыг ямар нэгэн байдлаар хаацайлж, өмгөөлөх биш харин Бурхан болон гэр бүлийнхнийхээ эсрэг мөн өөрсдийнхөө эсрэг үйлдсэн гэм нүгэл хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
“Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач” хэмээн Давид хаан залбирсан. Учир нь бид гэм нүгэлд уруу татагдах, гэм нүгэлд автагдах нь бидний зүрхтэй холбоотой гэдгийг тэр маш сайн ойлгож байсан. 
Дараа нь Давид хаан Бурханаас “Өөрийг нь оршихуйгаасаа бүү холдуулаач, Ариун Сүнсээ бүү аваач, авралын баяр хөөрөө сэргээж өгөөч” хэмээн гуйсан. Харин Бурхан Давидын гуйлтанд хариулсан болов уу? Тиймээ. Бурхан хариулсан. Тиймээс ч Давид хаан хожим нь “Танаас эмээхийн тулд Уучлал нь Танд байдаг билээ” (Дуулал 130:4) хэмээн шүлэглэжээ.
Хэрвээ өнөөдөр та ч бас Давидтай адил алдааг гаргасан бол, тэгээд танд эдгэрэл, уучлал, тусламж хэрэгтэй бол хэн нэгэн хүн рүү яаран гүйхийн оронд Дуулал 51 бүлэг руу очоорой. Тэндээс та танд зориулсан Бурханы тусламжийг, эдгэрлийн иж бүрэн хөтөлбөрийг олох болно.


ЭЦЭСТ НЬ ГЭМШИЛД ЗОХИСТОЙ ҮР ЖИМС ГАРГААРАЙ.