ӨӨРСДИЙГ МААНЬ ОЙЛГОХ ХҮМҮҮС БИДЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

ӨӨРСДИЙГ МААНЬ ОЙЛГОХ ХҮМҮҮС БИДЭНД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилж, тэр эмэгтэй босоод Түүнд үйлчлэв. Матай 8:15

Оксфордын толь бичигт “хүрэх” гэдэг үгийг маш олон янзаар тодорхойлдог. Энэ үг өөрөө бидний хувьд маш чухал утга учир бүхий үг учраас энгийн хэдхэн үгээр илэрхийлэн тайлбарлахад хэцүү. Хэрвээ “хүрэх” гэдэг зүйл байхгүй бол бидний таван чухал мэдрэхүйн нэг нь үгүй болно гэсэн үг.
Рэнд МкНалли дэлхийн газрын зургийг тодорхойлон зурсан байдаг шиг нэрт эрдэмтэн Максимилиан вон Фрей бидний биеийн мэдрэлийн системийг ч мөн газрын зураг мэт тодорхойлон зуржээ. Тэрээр хүний биеийн мэдрэлийн системийн нарийн түвэгтэй зохион байгуулалтыг зураглан тодорхойлж, бидний биеийн мэдрэхүй хэрхэн ажилладаг талаар бидэнд бага ч болов төсөөллийг өгч чадсан.
Уяман өвчнийг эмчлэн тал дээр онцгой ахиц гаргаж чадсан нэрт мэс засалч Пол Брэнд хэлэхдээ “Бидний хүрэлцэх мэдрэхүй бол бидний хамгийн чухал мэдрэхүй” хэмээн онцолсон. Библи хүмүүсийг аймшигтай бөгөөд гайхамшигтайгаар бүтээгдсэн хэмээдэг. Гэвч хүний биеийн тэрхүү гайхамшигтай бүтэц зохион байгуулалтыг бид тэр бүр анзаардаггүй.
Бурхан хүний биеийг бүтээхдээ хүний арьсны гадаргууд онцгой анхаарал хандуулсан. Тиймээс ч Бурхан бидний арьсанд маш онцгой мэдрэлийн эсүүдийг тараан байршуулж өгсөн. Улмаар бидний хүрэлцэх мэдрэхүй маш өндөр хөгжсөн бөгөөд бидний арьс бидний биеийн бусад хэсгүүдээс илүүгээр таагүй байдлыг онцгойлон мэдрэх чадвартай болсон байна.
Филиппиний хойд хэсэг болох Ифугао мужид очихдоо би тэндэхийн уугуул иргэд бараг нүцгэн шахуу амьдардаг болохыг олж харсан юм. Тэдний арьс амьдралынх нь хэв маягаас болоод бүхэлдээ маш ширүүн болж эвэршсэн. Тэгвэл Др.Максимилиан вон Фрей хүний биеийн арьсан дахь мэдрэх эс харилцан адилгүй ажилладаг болохыг олж тогтоожээ. Жишээ нь бидний хөл гэхэд нэг миллиметр квадрат талбайд 250 миллграмм даралтаар дарж байж өвдөлт мэдэрдэг. Харин бидний шуу нэг мм квадрат талбай дээр 33 мгм даралтаар дарж байж өвдөлт мэдэрдэг бол бидний алганы ар тал нэг мм квадрат талбай дээр 12 мгм даралтаар дарах үед өвдөлт мэдэрдэг байна.
Харин бидний биеийн гадаргуугаас хамгийн мэдрэмтгий хэсэг нь бидний хурууны өндөг болон хэл байдаг байна. Гэхдээ хэрвээ бид нүдэндээ багахан хэмжээний шороо оруулахад л мэдрэмж гэж юу болохыг шууд ухаардаг шүү дээ. Бидний нүдний цөцгий бол бидний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг. Нүдний цөцгийн нэг мм квадрат талбай дээр мгм-ийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний даралт мэдрэгдэхэд бидэнд шууд өвдөлт мэдрэгддэг байна. Чухамдаа тийм учраас бидний нүдэнд өчүүхэн жижиг үртэс ороход л бидний бие бүхэлдээ өвддөг.
Тэгвэл элч Паул чуулганы хүний биетэй зүйрлэсэн нь тохиолдол байгаагүй. Коринтын чуулганд хандан бичихдээ чуулганыг хүний биетэй зүйрлэж, хэдийгээр бидний биеийн эрхтнүүд өөр хоорондоо ялгаатай ч нягт холбоотой байдаг шиг чуулган ч бас үүнтэй адил гэдгийг сануулдаг.
Тэгвэл хүний биеийн нэг хэсэг өвдөхөд мэдрэлийн эсүүдээр дамжуулан бүхэл бие бүхэлдээ өвдөлтийг мэдэрдэг шиг итгэгчид бид ч бас бие биеийнхээ эдэлж буй зовлон бэрхшээлд мэдрэмжтэй ханддаг байх нь чухал. Учир нь итгэгчид бид бие биеийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх үед бид хамтдаа Христийн биеийн нэг хэсэг гэдгээ ухамсарладаг. Тийнхүү бид зовж шаналж буй нэгэнтэй хамт зовж, баярлан хөөрч байгаа нэгэнтэй хамтдаа баярлаж чаддаг.
Эцэст нь хэлэхэд хүний арьс эвэршиж хатуурах үед тэр хэсгийн мэдрэхүй эрс сулардаг. Үүний нэгэн адил бид бие биедээ хатуурхан хандах үед бидний бие биеэ гэх сэтгэл суларч байдаг.


БИЕ БИЕЭ ГЭХ СЭТГЭЛЭЭ ХӨРГӨХГҮЙ БАЙЖ, БУСДЫН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ ХУВААЛЦАЖ СУРАХ НЬ ЧУУЛГАН БОЛСОН БИДНИЙ ХУВЬД АМИН ЧУХАЛ.