САНХҮҮГИЙН ХЯМРАЛД ОРСОН ҮЕД АСУУДЛААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

САНХҮҮГИЙН ХЯМРАЛД ОРСОН ҮЕД АСУУДЛААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. Үйлс 20:24

Аливаа гэр бүл санхүүгийн хувьд хүнд байдалд орж, нөхцөл байдал хүндрэх үед ихэвчлэн хэрүүл маргаан үүсдэг. Ийм асуудлаас болоод эхнэр нөхөр хоёр бие биеэ буруутгаж, нөхцөл байдлын бурууг нэг нэгэндээ тохох гэж хичээдэг. Ийм маргаанд ихэвчлэн “чи, чамаас болж” гэсэн үг зонхилдог. “Энэ бүхэнд ганцхан ЧИ л буруутай”, “Хэрвээ ЧИ дураараа мөнгө үрээгүй бол бид ийм байдалд орохгүй байх байсан” гэж бие биеэ буруутгадаг. Гэтэл энэ дунд “Энэ бүхэн миний буруугаас боллоо”, “Би буруугаа хүлээж байна” гэсэн үгийг бид барагтаа сонсдоггүй.
Гэр бүл санхүүгийн хямралд орж, нөхцөл байдал хүндрэх үед бид ихэвчлэн бие биеэ буруутгах хандлагатай байдгаас гадна, эцэстээ хамтдаа Бурханыг буруутгах хандлага гаргаж эхэлдэг. Гэтэл үнэндээ Бурханыг буруутгах эхнэрээ эсвэл нөхрөө буруутгахаас илүү аюултай. Учир нь дэргэдээ байгаа нэгэнд уурлах нэг хэрэг. Харин орчлон ертөнцийг бүтээсэн Бүтээгч Бурханд уурлаж, Түүнтэй тэмцэлдэх гэж оролдоно гэдэг ухаангүй хэрэг. Гэвч зарим хүмүүс амьдралд нь тулгарсан аливаа асуудалд Бурханыг буруутгахыг урьтал болгодог. Гэтэл ийнхүү Бурханыг буруутгах үедээ тэд гэр бүлийнх нь мөнгийг Бурхан биш өөрсдөө захиран зарцуулсан гэдгийг мартдаг. Нөгөөтэйгүүр тэд өөрсдийнх нь үрэлгэн занд хүрэлцэхүйц мөнгө өгөөгүй хэмээн Бурханыг буруутгадаг.
Амьдралд нь бүтэлгүй зүйл тохиолдох үед Бурханыг буруутгадаг эсвэл дэргэдээ байгаа гэр бүлийнхнээ буруутгадаг хүмүүсийн хувьд тэд өөрсдийнх нь амьдралд өгөгдсөн хамгийн чухал хоёр эх сурвалжийг мартаж байдаг. Тэр бол Бурхан болон бидний гэр бүлийнхэн. Учир нь зовлонгийн цагт бидэнд хамгийн ойр байж, бидэнд тусалдаг нэгэн бол Бурхан билээ. Бас бидний гэр бүл.
Давид хаан “Зүрхээ цөхрөн доройтоход газар дэлхийн хязгаараас би Таныг дуудаж байна. Надаас өндөр хад уруу намайг хөтлөн гаргаач” (Дуулал 61:2) хэмээн шүлэглэсэн.
Зарим тохиолдолд биднээс огт шалтгаалахгүй зүйлээс болж бид санхүүгийн хувьд хүнд байдалд ордог. Эдийн засгийн хямрал, дарга захирлуудын гаргах шийдвэр, гэнэтийн золгүй явдлууд гээд биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйлээс болоод бид санхүүгийн хувьд хүнд байдалд орох үе бий. Мэдээж ийм зүйл тохиолдохыг бид урьдаас мэдэж байсан бол арай өөр шийдвэр гаргах байсан байх. Хэдийгээр ийм зүйл тохиолдохыг бид мэдээгүй байж болох ч Бурхан мэдэж байсан. Бурханы мэдлээс гадуур юу ч бидний амьдралд тохиолдох боломжгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдал дунд бид Бурханд итгэж, Түүнээс хүч чадал, мэргэн удирдамжийг асуун залбирах боломжтой. Тиймээс танд юу ч тохиолдсон та Бурханы эсрэг бүү тэрсэл. Мөн дэргэдэх хүндээ ч бурууг бүү тох.
Хүнд хэцүү цаг үе биднийг нэг бол хүчирхэгжүүлэн босгодог, үгүй бол биднийг нурааж унагаадаг. Тиймээс та хүнд хэцүү нөхцөл байдлаар дамжуулан өөрийгөө хүчирхэгжүүлэх үү эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлын өмнө сөхрөн унах уу гэдэг сонголтыг хийх ёстой.
Хуучин Гэрээний Хабаккук номыг харвал амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас Бурханд хандан залбирч буй Хабаккукын залбирал гардаг. Гэхдээ тэрээр залбирлынхаа төгсгөлд ийнхүү залбирсан байдаг. “Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана” (Хабаккук 3:17,18). Энэ бол хүнд хэцүү нөхцөл байдал дунд бидний тээх ёстой хандлага.
Магадгүй таны амьдралд яг одоо хүнд хэцүү цаг үе тулгарсан байж болох. Тийм бол тэрхүү хүнд хэцүү цаг үе дунд чинь танд туслах тусламж бий. Тэр бол Бурхан. Хүнд хэцүү нөхцөл байдал дунд амьдарч буй Өөрийн хүүхдүүддээ хандан Бурхан Исаиа 50:10 дээр “ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун” хэмээн айлдсан.


ҮНЭХЭЭР ХҮНД БЭРХ ЦАГТ БУРХАНД НАЙДАХ НЬ ХАМГИЙН САЙН АРГА ЗАМ!