ЭЛБЭГ ХАНГАЛУУН БАЙХЫН НУУЦ

ЭЛБЭГ ХАНГАЛУУН БАЙХЫН НУУЦ

Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. 2 Коринт 9:7

Өнөө үеийнхэн амжилт бүтээл, алдар нэр, хөрөнгө мөнгөний хойноос улайран зүтгэх тал дээр өмнөх үеийнхнээсээ хамаагүй илүү болсон мэт надад санагддаг. Тэд амьдралаас авч болох таашаал бүхнийг алдалгүй амтлахыг хичээдэг. Хэдийгээр энэ нь тийм ч муу зүйл биш боловч үүний үр дүнд хүмүүс хүний үнэ цэнийн талаар нилээд алдаатай ойлголттой амьдрах болсон гэж боддог. Улмаар хүмүүсийн амин хувиа хичээх үзэл улам бүр даамжирч, бусдыг үл тоох, бусдын үнэ цэнийг үл хайхрах хандлага илүүгээр гаргах болсон. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийнхөө зүрх сэтгэлийг хааж, өөрийнхөө хүч хөдөлмөр, санхүү мөнгийг бусдаас харамлан амьдардаг хүний амьдрал шиг жижигхэн ертөнц гэж үгүй.  
Заримдаа бид яг л аавынхаа авч өгсөн тоглоомоор байшин барьж тоглож байгаа гурван настай жаал шиг аашилдаг. Чадварлаг барилгачин аав нь хүүдээ сайхан байшин барьж өгсөн ч хүү нь тэр дор нь нураагаад өөрийнхөөрөө барьж эхэлдэг. Аав нь хүүдээ “Надад жаахан өгөөч, хамт байшин барья” гэж хэлбэл жаалхүү “Үгүй ээ, энэ чинь бүгд минийх” гэж харамладаг. 
Тэгвэл өнөөдөр таны гарт байгаа тоглоомууд эцсийн дүндээ хэнийх вэ? Таны гэр орон, хөрөнгө мөнгө чинь, таны гэсэн бүхэн үнэндээ таных гэж үү? Эсвэл танд энэ бүхнийг өгсөн Тэнгэрлэг Эцэгийнх чинь үү?
Үнэндээ эд хөрөнгө, мөнгө санхүүгийн тал дээр Бурханы үгийг нухацтайгаар авч үздэг итгэгчид харьцангуй цөөхөн байдаг. Маш олон хүн өөрсдийнхөө эд хөрөнгийг зөвхөн өөрийнх нь хэмээн бодож, эд хөрөнгөө өөрийнхөө хүссэнээр захиран зарцуулахыг хүсдэг. Үүнийхээ хажуугаар бусдад багахан зүйлийг илүүчлэхдээ өөрсдийгөө үнэхээр агуу зүйл хийчихлээ гэж боддог. 
Харин Библи бидэнд хэлэхдээ байгаа бүхнээ бид өөрсдийнхөө төлөө амин хувиа хичээсэн байдлаар хэрэглэх ёсгүй гэдгийг сануулсан. Эсрэгээр, бидэнд байгаа бүхэн гэр бүл болон эргэн тойронд байгаа дутагдаж гачигдсан хүмүүсийн хэрэгцээнд зориулан Бурханаас бидэнд хариуцуулж өгсөн зүйлс гэдгийг Библи сануулдаг. Энэ үнэндээ цоо шинэ санаа гэж үү? Үгүй ээ, гэхдээ хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхдөө тийм ч дуртай байдаггүй.
Жишээ нь Паул Титэд хандан “Мөн манайхан үр жимсгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээний төлөө сайн үйлст зүтгэхэд суралцаг” (Тит 3:14) хэмээсэн. Мөн Ефесийн чуулганд хандан бичсэн захидалдаа Паул бусдын зүйлсийг дураараа авч хэрэглэдэг, залхуу хойрго хүмүүст хандан “...гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ” хэмээн сануулсан байдаг. Паул ийнхүү зөвлөхдөө тэднийг илүү том байртай, илүү том машинтай болохын тулд зүтгэ гэж хэлээгүй. Харин дутагдаж гачигдсан хөршдөө хуваалцах юмтай байхын тулд зүтгэ хэмээсэн билээ.
Паулын хувьд мөнгө санхүүтэй холбоотой сэдвээс хэзээ ч зугтаж, зайлсхийж байгаагүй. Харин ч хүмүүст эд хөрөнгөө Бурханы хүслийн дагуу захиран зарцуулахыг сануулж буйгаа тэдэнд том тус хүргэж байна гэж үзсэн. Паул Коринтын итгэгчдэд хандан “Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог” (2Коринт 9:11) хэмээн бичсэн.
Бид “авах” тал дээр хэтэрхий анхаарах үедээ “өгөхийн” баяр хөөрийг мэдрэлгүй өнгөрдөг. Харин бусдад өгөөмөр хандахын сайхныг ухаарах үедээ бид жинхэнэ элбэг хангалуун байдлыг мэдэрдэг.  
Өнөөдөр та, аавынхаа авч өгсөн тоглоомоос аавдаа буцааж өгөхийн оронд бүгдийг өөртөө авах гэж харамлан зүтгэж буй бяцхан жаалтай адил нөхцөл байдалд байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол та нэг зүйлийг ойлгоорой. Таных гэж бодож байгаа бүхэн үнэндээ таных биш харин Бурханы Эцэгийнх чинь юм. 


БУРХАНААС ХҮЛЭЭН АВСАН БҮХНЭЭ УХААЛГААР ЗАХИРАН ЗАРЦУУЛ.