МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ ЗӨРӨЛДӨӨНИЙГ ШИЙДЭХ ДӨРВӨН АРГА

МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ ЗӨРӨЛДӨӨНИЙГ ШИЙДЭХ ДӨРВӨН АРГА

... бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн...  2 Коринт 8:5

Мөнгийг бид гурван янзаар л хэрэглэх боломжтой. Нэг бол мөнгийг зарцуулна, үгүй бол хуримтлуулна, эсвэл бусдад өгнө. Ердөө гуравхан сонголт. Гэтэл гэр бүлд тохиолддог зөрчилдөөний ихэнх шалтгаан нь мөнгөтэй холбоотой.
Хүмүүс хичнээн бага эсвэл хичнээн их мөнгөтэй байхаасаа үл хамаараад мөнгийг хэрхэн захиран зарцуулахаас болоод хоорондоо зөрчилддөг. Гэр бүл дэх асуудлуудын 85 хувь нь мөнгөтэй холбоотой байдаг гэсэн судалгаа бий. Эндээс үзвэл олон хүний хувьд мөнгийг хэрхэн захиран зарцуулахтай холбоотой асуудал нь хамгийн ноцтой томоохон асуудал болдог.
Хүмүүсийн хувьд мөнгийг захиран зарцуулахтай холбоотойгоор асуудал үүсэх гол шалтгаан нь тэдний хүслээс үүдэлтэй. Учир нь нэг нь нэг юм хүсэж байхад нөгөөх нь тэс өөрийг хүсдэг. Энэ хоёр хүслийн хоорондох мөргөлдөөнөөс бүх зөрчилдөөн үүсдэг.
Олон жилийн өмнө мөнгө санхүү барих тал дээр эмэгтэйчүүд одоогийнхоос харьцангуй идэвх султай байсан. Харин сүүлийн үед энэ байдал эрс өөрчлөгдөж эмэгтэйчүүд гэр бүлийн санхүүд дорвитой хувь нэмэр оруулах болсон бөгөөд тэр хэрээр гэр бүлийнхээ санхүүг захиран зарцуулах тал дээр ч илүү эрх мэдэлтэйгээр оролцох сонирхолтой болсон.
Жон Уэсли “Чадлынхаа хэрээр мөнгө ол. Чадлынхаа хэрээр хуримтлуул. Чадлынхаа хэрээр бусдад зориул” хэмээн зөвлөсөн. Өнөөдөр бид энэ зөвлөгөөний “мөнгө олох” гэсэн хэсгийг сайн хэрэгжүүлдэг атлаа, мөнгөө хуримтлуулах болон бусдад зориулах гэдэг зөвлөгөөг нь орхигдуулдаг.
Олон хосын хувьд хэрвээ тэд өөрсдийнх нь мөнгө эцсийн дүндээ хэний мөнгө вэ гэдгийг шийдэж чадвал тэдний зөрчилдөөний ихэнх хувь аяндаа үгүй болно. Жишээ нь: эхнэр нь “Би гэрийнхээ нийт орлогын 50 хувийг олдог. Тиймээс надад өрхийн санхүүгийн 50 хувийг захиран зарцуулах эрх байх ёстой” гэж хэллээ гэж бодъё. Тэр эмэгтэй өрхийн орлогын 50 хувийг бүрдүүлж байгаа нь үнэн. Тэглээ гээд тухайн бүлийн нийт санхүүгийн тал нь эхнэрийнх, тал нь нөхрийнх гэж үзэх нь хэр оновчтой вэ? Энэ мэт энгийн математикаар мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй.
Итгэгчид бидний хувьд, Есүс Христэд итгэж, Түүнд амьдралаа зориулсан хүмүүс гэдэг утгаараа энэ асуудалд бүр ч өөр өнцгөөс хандах учиртай. Бид гэр бүлийнхээ санхүүг харахдаа “тал нь минийх, тал нь чинийх” гэж харах биш харин “бүхэлдээ Эзэнийх” хэмээн харах нь чухал. Библид хэлэхдээ бидэнд байгаа бүхэн биднийх биш харин Бурхан Эцэгээс бидэнд өгсөн бэлэг гэдгийг онцолсон. Тиймээс итгэгч хосуудын хувьд эд хөрөнгөө чинийх, минийх хэмээн хуваах гэж оролдох нь энэ чухал үнэнийг мэдэхгүй байна гэсэн үг.
Бид эд хөрөнгөө харахдаа энэ бол бидний болон бусдын хэрэгцээнд зориулан Бурханаас хариуцуулж өгсөн эд хөрөнгө, бид үүнийг ухаалгаар захиран зарцуулах учиртай нярвууд хэмээн харах нь чухал. Үүнээс гадна гэр бүл болсон хосууд өөрсдийгөө хамтдаа нэгэн бие болсон гэдгээ ухамсарлах нь чухал. Тиймээс ч Паул Ефес 5:21-д “Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд” хэмээн эхнэр нөхрүүдэд захисан. Өөрөөр хэлбэл, нөхөр эхнэр хоёрын хувьд санхүүгийн тал дээр “чиний”, “миний” гэсэн хандлагаа бүр мөсөн орхих нь зүйтэй.
Хэрвээ таны гэр бүлд мөнгө санхүүгээс үүдэлтэй зөрчилдөөн үүссээр байгаа бол дараах дөрвөн зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.
1. Таны болон таны гэр бүлийн мөнгө санхүү таных биш харин Эзэнийх гэдгийг сана.
2. Эхнэр эсвэл нөхрөөсөө илүү их эрх мэдэлтэй байх гэсэн шунал, хувиа хичээсэн хандлагынхаа төлөө Эзэнээс уучлал гуйн гэмш.
3. Эхнэр эсвэл нөхөртэйгөө хамт сууж, Бурханаас хариуцуулж өгсөн санхүү мөнгийг хэрхэн зөвөөр захиран зарцуулах мэргэн ухааныг Бурханаас гуйн залбир.
4. Хамтдаа мөнгө санхүүгээ захиран зарцуулах төсвийг боловсруулж, тэрхүү төсвийнхөө хүрээнд амьдар. Өөрсдийнхөө хэрээс хэтэрсэн мөнгийг хэрэглээндээ зориулж бүү төсөвлө.
Эцэст нь хэлэхэд, мөнгийг бид шагнал эсвэл зэвсэг болгон ашиглах ёсгүй. Энэ бол зүгээр л бидний амьдралыг бүрдүүлж буй нэгэн төрлийн эд материал юм. Энэ материалыг Бурхан Эцэг маань бидэнд өгсөн.


ТИЙМЭЭС ТА МӨНГИЙГ УХААЛГААР ХЭРЭГЛЭЭРЭЙ.