ЗОГСОЖ ЧАДАХГҮЙ ҮЕДЭЭ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

ЗОГСОЖ ЧАДАХГҮЙ ҮЕДЭЭ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” (Матай 11:28).

Та хангалттай шатахуунгүйгээр ямар нэгэн газар луу явж үзсэн үү? Машины шатахуун дуусаж байгааг та мэдэж байгаа ч чухал уулзалт руу эсвэл өөр ямар нэгэн зүйл рүү явахаас аргагүй болдог. Энэ үедээ бид “Бензин хүрчих байхаа” гэж өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Гэвч бидний дотор эргэлзээ айдас төрсөөр байдаг. Шатахууны заалт руу ахин дахин хяламхийж, хүрэх газартаа хэр ойртож буйгаа тооцоолно. Удалгүй бензиний шар гэрэл асдаг. Тэр үед бид улам бүр түгшин сандардаг.
Уг нь бол ийм асуудлыг шийдэх тийм ч хэцүү биш л дээ. Зүгээр л зогсоод бензин авахад болно. Гэтэл бидний олонх нь сэтгэлзүйн хувьд иймэрхүү нөхцөл байдалтайгаар амьдарсаар байдаг. Гэхдээ энэ тохиолдолд энэ асуудлыг шийдэх нь замаас гарч бензин авахаас хавьгүй илүү хэцүү.
Бид сэтгэлзүйн банкаа дүүргэлгүй явсаар нэг л мэдэхэд сэтгэлзүйн хувьд цаашид алхах тэнхэлгүй болж хувирдаг. Бид ачааллаа нэмэгдүүлсээр, сэтгэлзүйгээ амрааж тэнхрүүлэхээ мартаж урагш явсаар нэг л мэдэхэд өөрийгөө гарахын аргагүй хүнд байдалд оруулж орхидог.
Хэдэн жилийн өмнөөс ийм байдлыг илэрхийлэх “burn-out” гэдэг хэллэг бий болсон. Энэ нь орчуулбал “шатаж дуусах” гэсэн утгатай. Бид өөр дээрээ үүрэх ачааллаа улам бүр нэмэгдүүлж, амарч сэргэх цаг гаргалгүй зүтгэсээр эцэст нь өөрийгөө “шатааж дуусгадаг”.
Өнөөгийн нийгэмд ажлын ачааллаа хэтрүүлэх нь ноцтой үзэгдэл болоод байгаа тухай нэрт эмч Ричард Свенсон өгүүлсэн. Бидний гурван хүн тутмын нэг нь цагт баригдан яарч явдаг болохыг судалгаа баталдаг. Өнөөдөр хүмүүс 150 жилийн өмнөх хүмүүсээс дунджаар хоёр цаг 30 минутаар бага унтах болсон. Мянга мянган хүмүүс нойрны эмгүйгээр унтаж чадахгүй байдалд оржээ. Мөн орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил бидний амьдралыг илүү амар хялбар болгох биш харин байнгын утасны дуудлага, и-мэйл, зурвас зэргээр биднийг дарж амьдралыг маань улам хүндрүүлэх болсныг Ричард Свенсон нотолж байна.
Бидний ихэнх нь урьд өмнөхөөсөө илүү их ажиллах шаардлагатай тулгарч байна. Гэвч ихэнх тохиолдолд бидэнд замын дундаас орхих эрх байдаггүй. Жишээ нь дөрвөн жаахан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд амарч зогсох боломж төдийлөн олдохгүй шүү дээ.
Тэгвэл бид ийм байдлаас яаж өөрсдийгөө сэргийлэх вэ? Юуны түрүүнд бид шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Бид бусдад таалагдах, бусдын сэтгэлд нийцэх гэсэн хүслээ ялан дийлэх хэрэгтэй. Өмнөх ажлуудаа аль нь чухал аль нь чухал биш болохыг ялгаж, чухал ажлууддаа илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Гэхдээ үүгээр зогсохгүй. Юу ч болж байсан урагш алхахаас өөр замгүй болох үедээ бид Эзэнээс илүү чанга зуурах учиртай юм. Тийнхүү өмнөө тулгарсан салхи шуургыг бид Эзэний тусламжтайгаар даван гарч чаддаг.  
Зарим нөхцөл байдлыг бид өөрчилж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм тохиолдолд бид Эзэний өмнө өвдөг сөгдөөд “Эзэн минь, энэ асуудал миний хэрээс хэтэрсэн асуудал байна. Би үүнийг Танд өргөж байна” гэж залбирах учиртай. Элч Петр ч мөн бидэнд “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” (1 Петр5:7) хэмээн зөвлөсөн.
Өөр нэгэн чухал зүйлийг энд заавал хэлэх хэрэгтэй гэж би бодож байна. Та зарим өдрүүдэд ажлаасаа өөрийгөө түр ч гэсэн холдуулаад ганц өдөр ч болов амарч, хөдөө байгальд гарч амрах нь таны ажлын бүтээмжийг илүү нэмэгдүүлж, сэтгэл санааг ч сэргээх болно.
Эцэст нь таны одоогийн нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад та өөрийг чинь “burn out” болоход ойрхон байгааг чинь илтгэх ямар нэгэн дохиог бий болгоорой. Тэгж байж та нөхцөл байдал хэтэрхий оройтохоос өмнө арга хэмжээ авч чадна.


БИДНИЙ АЗ БОЛОХОД ЕСҮС “ЗҮДЭЖ ЗҮТГЭГСЭД ХИЙГЭЭД ХҮНД АЧАА ҮҮРСЭН БҮГД ЭЭ, НАД ДЭЭР ИР. БИ ТА НАРЫГ АМРААЯ” (МАТАЙ 11:28) ХЭМЭЭН АЙЛДСАН.