БУРХАНЫ ДУУДЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

БУРХАНЫ ДУУДЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?

Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг. Филиппой 3:14

“Тэр үйлчлэлийнхээ дуудлагыг 16 насандаа хүлээн авсан”, “Тэр Африк дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахаар дуудагдсан.”
Бидний ихэнх нь Бурханы дуудлагыг үйлчлэл, илгээлттэй холбож ойлгодог болохоос үүнийг “жирийн” итгэгчдийн амьдралтай холбоотой зүйл гэж тэр бүр хардаггүй. Харин тийм биш болохыг Пстор Тим Келлер нотолдог. Итгэгч бүрийн амьдралд хандсан Бурханы дуудлага бол маш чухал ойлголт гэдгийг Тим онцолж, түүний энэ үгийг Библийн үгс ч нотолж байна. Элч Паул “Үүний тулд Тэр бидний сайнмэдээгээр та нарыг бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан” (2Тесалоник 2:14) хэмээн бичсэн байдаг. Мөн “Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ” хэмээсэн. Элч Иохан ч мөн “Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана” (Иохан 10:3) хэмээдэг.
“Итгэгч хүн бүр Бурханы дуудлагыг сонсох ёстой” хэмээн Келлер бичсэн. Харин Бурхан дуудлага бидэнд ирэх үед үүнийг нь анзааралгүй өнгөрөх аргагүй хэмээн тэрээр тодорхойлсон.
1. Бурханы дуудлага хүч дотор ирдэг. “Бурханы дуудлага биднийг даруу болгож, хугалж, ятгаж, итгүүлж бас сэгсэрдэг. Бурханы дуудлага үгүй бол бид хуурамч шүтээн шүтэгчдээс нэг их ялгарч чадахгүй” хэмээн Келлер бичсэн. Бидний хүн нэг бүр өөрсдөөсөө бид Бурханы тэрхүү дуудлагыг илтгэх амьдралаар амьдарч чадаж байна уу? хэмээн асуух нь зүйтэй. Хэрвээ Бурханы дуудлага надад нөлөө үзүүлээгүй бол би одоо ч Бурханы төлөө биш харин өөрийнхөө төлөө амьдарсаар байна гэсэн үг юм.
2. Бурханы дуудлага бол нигүүлслийн үйлс. Бид тодорхой шалгуурт тэнцсэн учраас Бурханаар дуудагдсан биш харин Бурханы Дуудлага ирсэн учраас бид тэнцсэн. Бурхан бидэнд дуудлагаа өгөхдөө бидэнд тэрхүү дуудлагыг биелүүлэхэд шаардлагатай хүч чадлыг дүүргэж өгдөг. Тиймээс ч 1Коринт 7:20 эшлэлд “Хүн бүр дуудагдсан дуудлагадаа байг” хэмээсэн. Бидний нөхцөл байдлыг, авъяас чадварыг, мөн сул талуудыг Бурхан хамгийн сайн мэддэг. Тиймээс ч Бурхан Өөрийнх нь дуудлагыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай бүхнийг бидэнд хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл Бурханы дуудлага бидний амьдралд өөрчлөлтийг авчирдаг!
3. Бидэнд өгсөн Бурханы дуудлага нь бусад хүмүүсийг ивээж ерөөхийн тулд байдаг. “Бурханы дуудлагын өмнө бид өөрсдийн хүсэл зоригийг хойш тавих нь хамгийн чухал” хэмээн Келлер бичсэн юм. Бурхан Абрахамыг дуудахдаа “Төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиод Миний чамд зааж өгөх газар луу яв” хэмээн тушаасан. Еврей 11:8-аас харвал Абрахамын талаар өгүүлэхдээ “Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав” гэсэн байдаг. Абрахам ийнхүү Бурханы хүсэл зоригийг дагасан учраас түүгээр дамжуулан дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх боломжтой болсон. Тэгвэл өнөөдөр бид өөрсдийн тухтай орчноос гарч, өөрсдийн төлөвлөгөө, өөрсдийн бодол санаагаа хойш тавин Бурханы дуудлагыг дуулгавартай дагахдаа бэлэн байна уу? Үүний тулд бидэнд итгэлээр тэтгэгдсэн дуулгавартай байдал хэрэгтэй. Гэхдээ хэрвээ бид Түүний дуудлагын өмнө бууж өгвөл бидний энэхүү дуулгавартай байдлын нөлөө олон хүний амьдралд хүрч эцсийн дүндээ Бурханы Хаанчлалыг энэ дэлхий дээр байгуулах үйлст хувь нэмрээ оруулах боломжийг бидэнд олгох болно.
Бурханы дуудлагыг хүлээн авахдаа “хаашаа ч байсан, хэзээ ч байсан, юу ч байсан хамаагүй” гэсэн итгэлээр хүлээн авна гэдэг хэцүү. Бид өөрсдийн амьдралд буй хиймэл шүтээнүүдийг таягдан хаяж, өөрсдийн хувиа хичээсэн хүсэл зоригийг хойш тавихаас нааш бид ийм шийдвэрийг гаргаж чаддаггүй.
2Петр 1:10-11 эшлэлд “Тиймээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй. Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно” хэмээсэн байдаг.


БУРХАНЫ ДУУДЛАГА АМЬДРАЛД МААНЬ ИРЭХДЭЭ БИДНИЙГ ӨӨРЧЛӨХ, ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ, БИДНЭЭР ДАМЖУУЛАН БУСДЫГ ИВЭЭЖ ЕРӨӨХ ТЭРХҮҮ ТЭНГЭРЛЭГ ХҮЧИЙГ ДАГУУЛАН ИРДЭГ.