ГЭРЛЭЛТЭЭ ХАЙРААР ДҮҮРГЭХ ГУРВАН НУУЦ

ГЭРЛЭЛТЭЭ ХАЙРААР ДҮҮРГЭХ ГУРВАН НУУЦ

Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой. (Галат 3:28).

Тавин жил хамт амьдарсан эхнэрээ хараад хөгшин фермер эр өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсана. “Хань минь, хуримын дараахан их үер болж ферм маань бүхэлдээ усанд автахад чи дэргэд минь байсан, тийм үү?” гэж түүнийг дурсахад эхнэр нь “Тийм ээ, хонгор минь” гэж хариулж гэнэ. “Тэрнээс хэдэн жилийн дараа намайг аянганд ниргүүлэхэд чи ч бас миний дэргэд зогсож л байсан, тийм ээ?” гэхэд эхнэр нь “Тийм ээ” гэж даруугаар хариулж гэнэ. “Сүүлд өнгөрсөн жил, түймэр дэгдэж байшин маань юу ч үгүй шатахад чи ч бас миний дэргэд хамт зогсож байсан, тийм биз дээ?” гэхэд эхнэр нь ч мөн гурав дахь удаагаа “Тийм ээ” гэж хариулж гэнэ. Тэгсэн тариачин өвгөн “Би бодлоо л доо, ер нь чи миний дэргэд зогсох их аюултай юм аа” гэж хэлсэн гэдэг.
Зарим хүн ийм дүгнэлт хийж болох ч, угтаа бол амьдралд юу ч тохиолдож байсан амьдралаа холбосон ханийнхаа дэргэд зогсох шиг аюулгүй газар гэж үгүй. Энэ амьдралыг ганцаараа биш харин хоёулаа туулах нь Бурханаас бидэнд өгсөн төлөвлөгөө. Ингэхдээ нэг нь нөгөөгийнхөө урд биш эсвэл ард биш харин мөр зэрэгцэн алхах нь Түүний хүсэл. Ингэлээ гээд нөхөр нь гэр бүлээ удирдах ёсгүй гэсэн үг үү? Мэдээж үгүй. Харин ч эсрэгээрээ өрхийн тэргүүн нь эхнэрийнхээ тусламжийг ямар чухал болохыг санаж амьдрах ёстой гэсэн үг. Эхнэрээ үнэлж хүндэлж, амьдралын дундаар хамтдаа гар гараасаа барилцан, мөр зэрэгцэн алхах учиртай. 
Бурхан Еваг бүтээхдээ Адамын хавиргаас бүтээсэн. Адамыг захируулах гэж толгойноос нь бүтээгээгүй. Эсвэл Адамын зарц болгох гэж хөлнөөс нь бүтээгээгүй. Харин Адамын зүрхэнд ойр байлгах гэж түүний хавиргаас бүтээсэн. Амьдралын аливаа салхи шуурга, нийгмийн үзэл бодлын нөлөөнөөс үл хамааран хамтдаа алхаг гэж Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хосоор нь бүтээсэн. Тэгвэл хосууд ийм харилцааг хэрхэн бий болгох вэ? 
1. Гэрлэлт бол хамтын амьдрал гэдгийг сана. Гэрлэлт нь хамтын амьдрал болохоос хэн нэгнийг өмчлөхийн нэр биш. Бурхан нөхрүүдийг өрхийн тэргүүн байхаар дуудсан нь үнэн. Гэхдээ энэ нь тэднийг дарангуйлагчид болгоно гэсэн үг биш. Бурхан эрчүүдийг багийн ахлагч эсвэл симфони найрал хөгжмийн удирдаач мэт байлгахын тулд дуудсан. Тийнхүү өрхийн тэргүүн хүн өөрийн үүргийг сайн гүйцэтгэснээр гэр бүл нь нэгдмэл, нэг хараатай, нэг зорилго чиглэлтэй байж чаддаг. Амос 3:3-т “Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?” хэмээн асуусан байдаг. Мэдээж хамт алхаж чадахгүй шүү дээ. 
Үүний тулд хосууд Библийн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, өнөө үеийн нийгмийн зарим байр суурийг үл тоох ёстой гэсэн үг. Жишээ нь “Эмэгтэйчүүдийг даврааж болохгүй” гэдэг ч юм уу, “Жинхэнэ эр хүн хэзээ ч нэг эмэгтэйд үнэнч байж чадахгүй” гэх мэт ойлголтуудыг бид хойш тавих ёстой. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хүлээн зөвшөөрч, бие биедээ харьяалагдаж, хамтдаа Эзэнд харьяалагдан амьдарч байж жинхэнэ гэр бүлийн амьдралыг цогцлоож чадна. 
3. Нэг нь нөгөөгөө хэзээ ч дорд бүү үз. Харин ч эсрэгээрээ нэг нь нөгөөгөө өөрөөсөө дээр хэмээн хүндэлж харьц. Эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө хүсэл, хэрэгцээг өөрийнхөө хүсэл, хэрэгцээнээс дээгүүр тавь. Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адилхан үнэ цэнэтэйд тооцдог. Тэд бие биеэ бүрэн гүйцэд болгох ёстой болохоос бие биетэйгээ өрсөлдөх ёсгүй. Хүмүүс өөртөө итгэлгүй байх үедээ хэн нэгэн хүнийг доош нь хийж, дорд үзэж байдаг. 
Эхнэр нь нөхрөө эсвэл нөхөр нь эхнэрээ дорд үзэн доромжлох, үгээр идэх, үг хэлээр дооглон тохуурхах нь гэр бүлийн харилцааг хэзээ ч хүчтэй болгохгүй гэдгийг та санаарай. 
3. Ханьдаа бүрэн итгэж, дотроо байгаа бүхнээ хуваалцаж бай. Нэг эр ажил дээрээ хүнтэй муудалцсанаас болоод эхнэртэйгээ зөвлөлдөлгүйгээр ажлаасаа гарч, тэр бүү хэл гэр орноо хүртэл нүүлгэх шийдвэр гаргасан юм. Энэ бол маш хариуцлагагүй удирдлага. Бид ханьтайгаа дотроо буй бүхнээ уудлан ярилцдаг, хамтдаа залбирдаг, хамтдаа шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ бол хамтын амьдрал болон дарангуйллын ялгаа. 
Дээр өгүүлсэн тэр эхнэр нөхөртэйгөө тавин жил амьдрахдаа гал ус, аянга цахилгаан гээд ямар ч зовлон бэрхшээлийн дунд нөхрөө орхилгүй хамт байсан. Энэ бол санамсаргүй явдал биш. Бурханы төлөвлөгөөг дагах дуулгавартай алхам юм шүү.


                   ГЭРЛЭЛТ БОЛ СОНГОЛТ, ЗОРИУЛАЛТ