БУРХАН БҮХНИЙГ ХИЙЖ ЧАДДАГ ГЭЖ ҮҮ?

БУРХАН БҮХНИЙГ ХИЙЖ ЧАДДАГ ГЭЖ ҮҮ?

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд... (Ефес 3:20)

Бурханы хувьд хийхэд хэцүү зүйл бий гэж үү? Библид энэ асуултыг гурвантаа асуусан байдаг. Тэгвэл та энэ асуултад хэрхэн хариулах вэ? Өнөөдөр бидний өмнө хүнд хэцүү асуудал тулгарлаа гэж бодъё. Энэ тохиолдолд бид нэг бол толгой дохин “Тиймээ, Бурхан бүхнийг хийж чадна” гэж хэлнэ. Эсвэл бид өөрсдийн нөхцөл байдлыг харахдаа Бурхан яагаад бидэнд туслахгүй байгаа юм болоо гэж эргэлзэх болно. 
Тэгвэл нэг зүйлийг бодоод үзэцгээе. Бидний сайн мэдэх Ефес захидлыг элч Паул бичсэн. Гэхдээ Паул сайнмэдээ таарсныхаа төлөө гэрийн хорионд орж, шоронд хоригдож байхдаа энэ захидлыг бичсэн. Энэхүү захидлын гол сэдэв нь чуулган буюу энэ дэлхий дээрх чуулганыг бүрдүүлж буй итгэгчид бид. Тэгвэл Ефес захидал дахь нэгэн залбирлынхаа төгсгөлд Паул “Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшйгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд...” (Ефес 3:20) хэмээн тунхагласан.
Тэгвэл хамтдаа хэсэгхэн хугацаанд Бурханыг Паулын нүдээр харцгаая. Паул энд хамгийн түрүүнд Бурханыг “чадвартай” гэж хэлсэн. Гэхдээ “чадвартай” гэдэг үг дангаараа хангалтгүй. Учир нь өмнө нь ямар нэгэн үйл үг байх ёстой. Жишээ нь “Манай компани өрсөлдөх чадвартай”, “Тэр хүн ажлыг сайн гүйцэтгэх чадвартай” гээд л. Өөрөөр хэлбэл тухайн хүний чадвартай холбоотой ямар нэгэн үйл үг орж байж энэ үг утга төгс болно. 
Тэгвэл Паул энд Бурханы бүхнийг чадагч чанарын талаар өгүүлж байна. Биднээс ялгаатай нь Бурхан цаг хугацаа, орон зай, хүмүүст байдаг аливаа хэмжүүрээр хязгаарлагдахгүй. Тийм учраас Тэр бол Бурхан, харин бид бол хүмүүс. Бид тодорхой цаг хугацаанд төрж, амьдардаг бол Бурханд эхлэл болон төгсгөл гэж үгүй. Бид газар зүй, орон зайд хязгаарлагддаг байхад Бурханд тийм хязгаар гэж үгүй. Хүмүүс бидэнд хийж чадахгүй зүйлс гэж бий. Харин Бурхан тийм хязгаар бий гэж үү?
Мосе Бурханы тухай өгүүлэхдээ “Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?” (Тооллого 23:19) гэсэн байдаг. Мөн эш үзүүлэгч Исаиа Бурханы тухай өгүүлэхдээ “Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ” (Исаиа 59:1) хэмээсэн.
Паул Бурханы хэмжээлшгүй хүч чадлын талаар өгүүлэхдээ Бурхан зөвхөн хоёр зүйлээр л хязгаарлагддаг гэж хэлсэн. Эдгээр нь таны гуйлт болон таны бодол төсөөлөл.
Библид бидэнд юу залбирах ёстойг болон Бурхан бидний залбиралд хэрхэн хариулдаг талаар өгүүлдэг. Тэгвэл энд Бурхан бидэнд “Надад итгэ. Чиний гуйлтад Намайг хариулах эсэхийг шалга. Чиний баяр хөөр дүүрэн болохын тулд илүү том зүйлийг гуй” хэмээн хэлж байна. 
Тэгвэл та энэ эшлэлийг өөртөө итгэлээр хүлээн авч Паулын тунхаглалыг өөрийнхөөрөө гүйцээн хэлж яагаад болохгүй гэж? “Бурхан миний ийм, ийм хэрэгцээг хангах чадвартай” хэмээн тунхаглаж яагаад болохгүй гэж? Жишээ нь: “Бурхан миний замаа алдсан хүүг эргүүлэн авчрах чадвартай”, “Бурхан миний гэр бүлийн амьдралыг эдгээж өөрчлөх чадвартай” эсвэл “Бурхан Өөрийн алдар дахь баялгаараа миний хэрэгцээтэй бүхний хангах чадвартай” гэхчилэн та тунхаглаж болно. 
Та Бурханы хүслийн дагуу юуг ч Бурханаас гуйж болно. Та дотроо төсөөлж чадаж л байвал түүнийгээ Бурханаас гуйн залбирч болно. Найз минь, та Библийг хэдий чинээ мэддэг болно таны итгэл төдий чинээ баттай болно. Үр дүнд нь Бурхан таны амьдралд гайхамшигтайгаар ажиллахыг улам илүү харах болно. Тиймээс би таныг Ефес 3:20-г гаргаад тэнд гарч буй амлалтуудыг өөрийнхөө нэртэй холбон уншиж үзээрэй гэж зөвлөх байна.
Үнэхээр бидний уншсан эшлэлд бичигдсэнчлэн Бурхан бүхнийг хийх чадалтай. Бидний бодож төсөөлж чадахаас ч илүүг үйлдэх чадалтай. Гэхдээ Бурхан тэр бүх агуу ажлуудаа хийхдээ биднийг шатрын хүү шиг түлхэж биш харин бидний дотор Ариун Сүнсээрээ гүн гүнзгий ажлуудаа хийх замаар гүйцэлдүүлдэг юм шүү.


БИДНИЙ БОДОЖ ТӨСӨӨЛСНӨӨС Ч ИЛҮҮ ХЭМЖЭЭЛШГҮЙ БЯЛХЛААР ҮЙЛДЭХ ЧАДВАРТАЙ ТҮҮНД ИТГЭ.