ХАРУУСЛЫН ШОРОНГООС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НЬ

ХАРУУСЛЫН ШОРОНГООС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НЬ

“Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН зааварлах. Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох?” Сургаалт үгс 20:24

“Хэрвээ тэгсэн сэн бол...”. Энэ үг өөртөө маш их утга учир, маш харуусал гуниг тээж байдаг. Хэрвээ би сонссон бол, хэрвээ би тэр зүйлийг хийгээгүй байсан бол, хэрвээ би тэр үгийг хэлээгүй байсан бол, хэрвээ энэ зүйл надад тохиолдоогүй байсан бол., хэрвээ би бүхнийг дахиад эхнээс эхэлж чаддаг сан бол... харуусал гэдэг яг л хорсолтой адил биднийг дотроо түгжиж орхидог нэгэн төрлийн шорон.
Гэхдээ Христэд итгэгчид бид энэхүү харууслын шоронд хоригдон амьдрах шаардлагагүй. Учир нь ийм бодол санаа нь бидний махбодоос эхтэй. Энэ нь угтаа бол бид битүүхэндээ бүхнийг өөрийнхөө хүчээр, өөрийнхөө мэргэн ухаанаар шийдэж, зохицуулж чадна гэж итгэдэгтэй маань холбоотой. Харин Сургаалт үгс 20:24-д “Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН зааварлах. Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох?” хэмээн өгүүлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан бидний алхааг чиглүүлж байхад бид бүхнийг Бурхан мэт ойлгож мэдэж чадна гэж үү? хэмээн энд асуусан. Гэвч бид бүхнийг ойлгож мэдэхийг хүсдэг. Учир нь бид аливааг ойлгох үедээ тухайн зүйлийг мэдэж, хянаж байгаа мэт сэтгэгдэл бидэнд төрдөг. Энэ нь бидний махбодын хүсэлтэй шууд холбоотой. Учир нь бидний махбодын хүсэл өөрөө бүхнийг хяналтдаа байлгах гэсэн хүсэл юм. 
Пастор Эрвин Люцер хэлэхдээ итгэгчид бид өөрсдийн дотор буй “хэрвээ...” гэсэн харууслуудаа бүгдийг жагсаагаад тэдгээрийг дугуйлах хэрэгтэй гэсэн байдаг. Тэгээд бид тэрхүү тойргоо “Бурханы хангалтын тойрог” хэмээн нэрлэх хэрэгтэй гэж хэлсэн. Учир нь бидний итгэдэг Бурхан бол бидний “хэрвээ...” гэсэн эргэлзээнээс илүү агуу. Түүний хангагч мутар бидний амьдралыг бүхэлд нь хамгаалан сахидаг. Жаргалтай сайхан өдрүүдэд ч, зовлон бэрхшээлээр дүүрэн өдрүүдэд ч Бурханы мутар бидэнтэй хамт. 
Тэгвэл бидний “хэрвээ...” гэсэн бодлуудад Бурханы үг ямар хариултыг өгдөг вэ? Хэрвээ та Бурханд итгэдэг бол дараах найман чухал үнэн таны амьдралтай шууд холбоотой. Та эдгээр эшлэлүүдийг Библиэ гаргаад уншаарай. 
1.    Дуулал 31:15-д бидний амьдралын цаг хугацаа бүхэлдээ Бурханы мутарт атгаастай байдаг гэдгийг хэлдэг. Тиймээс таны амьдралд хэтэрхий оройтсон... эсвэл хэтэрхий эртэдсэн гэх зүйл байхгүй. 
2.    Үйлс 17:26-д хэлэхдээ бидний хэзээ, хаана, хэрхэн амьдрахыг Бурхан тогтоосон гэж айлдсан.
3.    Эхлэл 50:20-г уншаад үзвэл Бурхан аливаа таагүй нөхцөл байдлууд дунд ч бидний сайн төлөө ажилладаг тухай өгүүлдэг. Иосефийн түүхээс харвал өөрийг нь боол болгон худалдсан ах нартаа хандан Иосеф хэлэхдээ “Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм” хэмээн хэлсэн.
4.    Сургаалт үгс 16:9 болон 19:21-д хэлэхдээ, хэдийгээр бид төлөвлөгөө гаргадаг ч бидний алхмыг Бурхан чиглүүлж, эцсийн дүндээ Бурханы хүсэл зориг биеллээ олдог тухай өгүүлдэг.
5.    Дуулал 31:15-с үзвэл бидний ирээдүй бүхэлдээ Бурханы мутарт атгаастай байдаг.
6.    Үйлс 5:39-д хэлэхдээ хэрвээ ямар нэгэн зүйл Бурханаас бол үүнийг бид эсэргүүцэн дийлж чадахгүй гэдгийг тайлбарласан. Хэрвээ таны амьдралд хандсан Бурханы төлөвлөгөөг та зориудаар эсэргүүцэж байгаа бол та үүнийгээ дахин нэг бодож үзэх нь зүйтэй. 
7.    Таны амьдрал дахь аливаа эд баялаг, алдар хүндлэлийн аль аль нь Бурханаас эхтэй гэдгийг 1Шастир 29:12-т өгүүлсэн.
8.    Тэр бүү хэл таны төрөх болон үхэх цаг ч Бурханаар тогтоогдсон гэдгийг Дэд хууль 32:39-д өгүүлдэг.
Бид өөрсдийгөө Бурхан биш, бүх зүйл Бурханы хяналтад байдаг гэдгийг ойлгох үед бидний “хэрвээ...” гэсэн бодлууд хүчээ алдаж эхэлдэг. Учир нь бид алдаа гаргасан ч Бурханы өмнө ирээд уучлал өршөөлийг гуйх боломжтой гэдгээ ойлгодог. Харин бид алдаа гаргалаа гээд харуусал гашуудал дотроо байсаар байх хэрэггүй. Итгэгчид бид бүгд үнэндээ Бурханы хангалтын тойрог дотор амьдардаг. Тиймээс бид энэ чухал үнэнд анхаарлаа хандуулан амьдрах учиртай.
Өнөөдөр таны дотор “хэрвээ...” гэсэн ямар харуусал нуугдаж байна вэ? Таны хүнд хэцүү өнгөрсөн амьдрал уу? Ашиглаж чадаагүй боломжууд уу? 
Хэрвээ та Есүс Христээр дамжуулан Бурхантай харилцаатай болсон бол Бурхан таны амьдралд гайхамшигтай ажлуудаа хийсээр байгаа гэдэгт итгээрэй. Мөн Бурхан таныг хайрлаж, танд анхаарал хандуулж байдаг гэдгийг батлах эшлэлүүдийг Библиэс гарган уншаарай. 
Бид үе үе Бурхан бол Бурхан гэдгийг мартдаг. Бас бид өөрсдийгөө Бурхан биш гэдгийг ч мартдаг. Гэхдээ Бурханы авралаар итгэгчид бид өнөөдөр ч Бурханы хангалтын тойрог дотор амьдарсаар. Энэхүү гайхамшигтай итгэл найдварын төлөө Бурханд талархан амьдарцгаая.


БУРХАНЫ ИВЭЭЛЭЭР БИД БУРХАНЫ ХАНГАЛТЫН ТОЙРОГТ АМЬДАРДАГ.