МӨНГӨНИЙ АСУУДЛААС БОЛЖ ГЭР БҮЛЭЭ НУРААХААС СЭРГИЙЛЭХ ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

МӨНГӨНИЙ АСУУДЛААС БОЛЖ ГЭР БҮЛЭЭ НУРААХААС СЭРГИЙЛЭХ ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.  1 Тимот 6:10

Гаднаас нь харахад Жэк болон түүний эхнэр Сью хоёрт дутагдах зүйл нэг ч байхгүй мэт харагдана. Жэк бол зургаан оронтой тоогоор тоологдох долларын цалинтай, нэр хүнд нь өсч буй өмгөөлөгч. Харин эхнэр нь интерьер дизайнер. Арван жилийн өмнө Жэк багаасаа үерхсэн сэтгэлт бүсгүйтэйгээ гэр бүлээ зохиож аз жаргалтай амьдралаа эхлүүлсэн. Тэд гэртээ хэдэн цагаар ч хамаагүй ярилцан сууж, ярих зүйлгүй болвол зүгээр л бие биеэ тэвэрч хэдэн цагаар ч суудаг байлаа.
Гэтэл тэр цагаас хойш тэдний орлого эрс нэмэгдсэн ч тэд асар их хэмжээний өрөнд оров. Тэдний харилцаа хурцдаж, гэр бүлдээ тулгараад буй асуудалд бие биеэ буруутгах болжээ. “Чи ажиллахаас өөр юу ч мэддэггүй” гэж эхнэрээ хашхирахад “Би чиний санаанд нийцэх хэмжээний мөнгө олох гэж зүтгэж байна” гэж Жэк уурлана.
Сонирхолтой нь мөнгөтэй холбоотой үл ойлголцол гэр бүлийг нураадаг хамгийн том хүчин зүйл гэдгийг судалгаагаар баталсан. Гэрлэлтээ цуцлуулсан гэр бүлүүдийн 85 хувь нь гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаанаа мөнгөтэй холбоотой үл ойлголцолтой холбоотой гэж мэдүүлсэн байна. 
Тэгвэл мөнгөтэй холбоотой асуудал таны гэр бүлийг нурааж байна уу? Гол асуудал танд хэр их мөнгө эсвэл хэр бага мөнгө байгаад биш, харин өөрт байгаа мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэгтэй холбоотой. Мөнгөө хэн захиран зарцуулах вэ гэдэг нь эрх мэдлийн асуудал бөгөөд мөнгө захиран зарцуулахтай холбоотой тэмцэл нь эцсийн дүндээ эрх мэдлийн төлөөх тэмцэл юм.
ЗӨВЛӨМЖ #1: Мөнгийг нэг нэгнээ хохироох зэвсэг болгохоо боль. “Нүдийг нүдээр” гэдэг шиг зээлийн картаа бие биетэйгээ барьцан хэрэглэх нь ухаалаг алхам биш. Учир нь энэ нь хосуудыг харалган болоход хүргэж улмаар харилцаа улам бүр сэвтдэг. Энэ нь бие биеэсээ хариугаа авахын тулд хамтдаа сууж яваа завиныхаа ёроолыг цоолж байгаатай адил асуудал. Ийм байдлаар нөхцөл байдал сайжрахгүй. Тиймээс та өөрөөсөө “Мөнгөнөөс болж харилцаагаа сэвтээх нь зөв үү” гэж асуугаарай.
ЗӨВЛӨМЖ #2: Тэмцэлдэхээ зогсоож, ярилцаж эхэл. Эхний эерэг алхам бол төсөв гаргаад түүнийгээ дагах явдал. Гэхдээ хэрээсээ хэтэрсэн байдлаар бүү төсөвлө. Томоохон худалдан авалт хийхгүй гэж анхнаасаа тохиролц. Бие биедээ мэдэгдэлгүйгээр томоохон худалдан авалт бүү хий. Та хуримаа хийхдээ нэг нэгэндээ үнэнч байна гэж амласан гэдгээ бүү март. Тиймээс мөнгө санхүүгийн тал дээр ч бие биедээ үнэнч бай.
ЗӨВЛӨМЖ #3: Худалдан авалтаа зөвхөн бэлэн мөнгөөр хийж эхэл. Зээлийн карт бүү хэрэглэ. Хэрвээ бэлэн мөнгө байхгүй бол битгий худалдан авалт хий. Энэ нь ухаалаг алхам төдийгүй Библийн дагуух зарчим. Ром 13:8-д Паул “Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай” хэмээсэн. Зээлийн хүүнээс ангижрахад л таны худалдан авах чадвар дор хаяж 40 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
ЗӨВЛӨМЖ #4: Өөрт байхгүй хэмжээний мөнгийг зарцуулж байгаа эсэхээ хянаж үз. Зарим хүмүүс өөрсдийн дургүй хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрт байхгүй хэмжээний мөнгөөр зээлээр худалдан авдаг. Гэтэл үнэндээ энэ тохиолдолд та бусдыг биш өөрийгөө л хохирооно. Харин зарим хүмүүс бусдад хайраа харуулахын тулд өөрт байхгүй мөнгөөр худалдан авна. Гэтэл зарим хүмүүс архи дарс, хар тамхи зэрэгт донтсон донтолтын улмаас өөрт байхгүй мөнгөө үрдэг. Тиймээс бид өөрт байхгүй мөнгийг зарцуулж байгаа эсэхээ хянаж үзэх нь маш чухал.
ЗӨВЛӨМЖ #5: Дахин, дахин оролд. Та гэр бүлээ сүйрүүлэхээс өмнө дахин, дахин оролдож үзэх хэрэгтэй. Учир нь гэр бүл нэгэнт салсан бол дахин оролдох боломж олдохгүй. Тиймээс гэр бүлээ батлуулах үедээ бүх андгай тангаргийн өмнө “тиймээ” гэж хэлсэн тэр нэгэнтэйгээ хамт дахин, дахин оролдож үз. Тийнхүү та хоёр гэрлэлтээ дахин босгон байгуулж, санхүүгийн хувьд ч ахиц дэвшил гарах болно. 
ЗӨВЛӨМЖ #6: Бие биеэсээ уучлал гуйж, Бурханаас тусламж хүс. Библи “Ганцаараа байхаас хоёулаа байх нь дээр” хэмээдэг. Тэр тусмаа тэр хоёр хүн хамтдаа Эзэний өмнө ирээд “Эзэн, бидэнд Таны тусламж хэрэгтэй байна. Энэ ачаа бидэнд дэндүү хүнд байна” хэмээн залбирах үед гайхамшигтай зүйл болдог.
Мөнгө санхүүгээ удирдаж чадахгүйгээс болоод гэр бүлээ нураахад дэндүү хайран! Ингэх ямар ч хэрэггүй.


АЛИВ ШУНАЛААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛ, БОЛГООМЖИЛ. ХЭН НЭГНИЙ АМЬ ӨМЧ ХӨРӨНГӨНИЙХ НЬ ХАНГАЛУУНААС ХАМААРДАГГҮЙ. ЛУК 12:15