ТАНД ХАНДСАН БУРХАНЫ ХҮСЛИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?

ТАНД ХАНДСАН БУРХАНЫ ХҮСЛИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?

Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Ефес 5:17

Нэгэн эмэгтэй чуулганыхаа зохион байгуулж буй аялалд оролцож Израиль явах эсэхээ шийдэж чадахгүй тээнэгэлзэж байв. Тиймээс тэрээр Бурханд хандан “Бурхан минь, хэрвээ би явах ёстой бол надад тэмдэг харуулаач” гэж залбирч гэнэ. Тэгээд өглөө сэрээд цагаа хартал цаг нь яг 7.47 болж байжээ. “Танилцуулга дээр биднийг Боинг 747-р явна гэсэн байсан биш үү?” гэж тэр эмэгтэй бодоод брошураа хартал үнэхээр тийм байв. Үүнийг харсан даруйдаа тэр эмэгтэй “Яг тийм байна. Энэ бол Бурханаас надад өгсөн тэмдэг гарцаагүй мөн” гэж дуу алдсан гэдэг. 
Тэгвэл би танаас асууя. Та шийдвэр гаргахдаа Бурханы бодол санааг хэрхэн мэддэг вэ? Тохиолдлын зүйлст анхаарлаа хандуулдаг уу? Эсвэл зүүд зөнд итгэдэг үү? Эсвэл нөхцөл байдал, үйл явдлуудыг харьцуулж боддог уу? Эсвэл зоос шиддэг үү? Эсвэл Бурхан таны асуудалд анхаарлаа хандуулдаг гэдэгт та төдийлөн итгэдэггүй юу?
Би нэг зүйлийг хувьдаа итгэлтэй хэлж чадна. Бидний хүн нэг бүрийн дотор өөрсдийн хүсэл зориг бий. Маш хүчтэй хүсэл. Бид төрөлхийн өөрийн гэсэн хүсэл зоригийг тээж төрдөг. Улмаар бидний хүсэл зориг бидний эцэг эхийн хүсэл зоригтой тулж тэднийг өөрийнхөөрөө байлгахын тулд уйлан тэмцэлдэж эхэлдэг. 
Христийг ирэхээс өмнө Бурханы хүслийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд одоогийнхоос хавьгүй хэцүү байсан. Дуулал номд “Ухаангүй адуу, луус шиг бүү бай. Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол чамд ойртон үл ирэх буюу” (Дуулал 32:9) хэмээн өгүүлдэг.
Морь малыг жолоодохдоо хүмүүс хазаар ногт ашигладаг. Тэгж байж тэр мал өөрийнхөө хүслээр биш харин эзнийхээ хүссэн зүгт явдаг. Хэрвээ тэр мал эзнийхээ хүссэн зүг рүү биш өөр тийшээ зөрүүдлэн зүтгэвэл өвдөлтийг мэдэрнэ. Үүний нэгэн адил итгэгчид бид Бурханы удирдамжийг дагахгүй юм бол үр дагаврыг нь ч мөн амсах болно гэсэн үг.
Паул Ефесийн чуулганд хандан бичсэн захидалдаа тэдэнд итгэгчид бид Бурханы хүслийг үл тоох биш харин Бурханы хүсэл юу болохыг таньж мэдэх нь чухал болохыг сануулсан байдаг.
Ингэхдээ Паул энд Бурханы хүслийг үл тоох болон Бурханы хүслийг ойлгох гэсэн хоёр ойлголтыг эсрэгцүүлэн тавьсан. Бурханы хүслийг үл тоодог нэгний талаар өгүүлэхдээ Паул нилээд хатуу үг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Паул ийм хүнийг шууд л “мунхаг” хэмээн нэрлэсэн. Энэ нь яг л замаа мэдэхгүй байж их зангаасаа болоод газрын зураг, луужин зэргийг ашиглахаас татгалзаж байгаа аялагчтай адил. 
Бид эцэг эх болсон цагаасаа эхлээд арван найман жилийн турш хүүхэдтэйгээ хэн нь хэндээ захирагдахаа үзэх ширүүн тэмцлийг хийдэг. Тэгвэл бидний Бурхан Эцэгтэйгээ харилцах харилцаа ч мөн үүнтэй төстэй. Бид Христэд итгэсэн цагаасаа эхлэн бидний амьдралыг бид өөрсдөө удирдах уу эсвэл Бурхан удирдах уу гэдэг тэмцлийг бид Бурхантай хийж эхэлдэг. Гэтэл үнэндээ Бурхан бүхий л зүйлсийн эхлэл болон төгсгөлийг мэдэж байдаг. Тийм учраас Түүний шийдвэр, Түүний төлөвлөгөө ямагт зөв байдаг. Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг ч Тэр хамгийн сайн мэдэж байгаа. Бидний харж чадахгүй байгаа тэр аюул эрсдэлүүдийг ч Тэр мэдэж байдаг.
Тэгвэл Бурханы энэхүү сайн хүслийг таньж мэдэх тухай өгүүлэхдээ Паул энд “ухаар” гэдэг үгийг ашигласан. Өөрөөр хэлбэл бид Бурханы хүслийг тархиараа, оюун ухаанаараа ойлгох ёстой гэсэн үг. Энэ бол бидний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлөөр гаргах шийдвэр биш, харин бидний толгойгоороо гаргах ёстой шийдвэр юм. 
Бурхан Өөрийн үг болох Библид бидний амьдралд хандсан төлөвлөгөө, луужин, газрын зураг бүхнийг тодорхой буулгаж өгсөн. Бидэнд хандсан Бурханы хүслийг ойлгож чадалгүй алдаа гаргахад биднийг хүргэдэг гол шалтгаан бол бид олон тохиолдолд тархиараа биш харин сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадагт оршдог. Бид Бурханы үгийг уншиж, тэр үгийн дагуу эргэцүүлэн бодож, тэр үгийн дагуу тархиараа шийдвэр гаргах нь бидэнд Бурханы өгч буй удирдамжийг дуулгавартай дагах боломж олгодог. 
Тиймээс та Бурханы хүслийг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Түүний хүсэл юу болохыг олж мэдэж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Ингэхдээ та Бурханы үг болох Библийг уншиж, Библийн үгсээс Бурханы хүслийг эрэлхийлээрэй.


ЖИНХЭНЭ АЯЛАЛ БИБЛИЭС ЭХЭЛДЭГ.