ТАНЫГ ҮҮРД ӨӨРЧЛӨХ ХҮРЭЛТ

ТАНЫГ ҮҮРД ӨӨРЧЛӨХ ХҮРЭЛТ

Тэр гараа сунган түүнд хүрч—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. Лук 5: 13

Бурхан Өөрийнхөө бүтээлд мутраараа хүрэх тэрхүү мөчийг харсан бол та тэр мөчийг хэзээ ч мартаж чадахгүй гэж би боддог. Энэ тухай бодохоор Микеланжелогийн Систиний сүмд урласан гайхалтай бүтээл өөрийн эрхгүй санаанд ордог юм. Уг бүтээлд энгийн нэгэн зураглалаар Библийн түүхийг бүхэлд нь буюу Бурхан бидэнд хүрч бидний хэрэгцээг хангахыг хүсэж буй дүр зургийг илэрхийлдэг. Бүхий л теологи зөвхөн энэ л үнэнийг тунхагладаг. Бүхий л түүх зөвхөн үүнийг л гэрчилдэг. Цусан тахил өргөхөөс нааш сэтгэл нь ханадаггүй, тэр бүү хэл ууган хүүхдүүдийнх нь амь насыг хүртэл нэхдэг харгис хэрцгий хиймэл шүтээнүүдээс ялгаатай нь Библийн Бурхан бол хайр энэрлийн Бурхан билээ. Тэр бол таны хэрэгцээ болон өвчин зовлонд хүрэхээр мутраа сунгадаг Нэгэн юм.
Исаиа “Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино бишээ, сонсож чадахааргүй дүлий биш ээ” (Исаиа 59:1) хэмээсэн. Тэгвэл би танаас асууя. Хэрэв хэн нэгэн танд гараараа хүрэх гэж оролдвол та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Таны гаргах хариу үйлдэл таны өсөж төлөвшсөн соёл уламжлалын талаар олон зүйлийг өгүүлэх боломжтой. Хамгийн гол нь тэрхүү хариу үйлдэл чинь таныг ямар хүн болохыг илтгэн харуулах боломжтой.
Энэ нь нэг бол таны айдас хүйдсийг эсвэл таны зоригтой итгэлтэй байдлыг илэрхийлж байдаг. Яаж тэр вэ? Жишээ нь хэн нэгэн хүн өөрт нь хүрэхэд дургүй хажиг эсвэл айх эмгэгтэй хүмүүс байдаг. Би нэгэн пасторын гэрт байснаа санаж байна. Түүний эхнэр нь бактериас айх эмгэгтэй хүн байсан. Тэр хэнтэй ч гар барьдаггүй. Ямар нэгэн зүйлээс бактер авна гэсэн айдастай учраас гараа улайж, үрчийтэл нь угаадаг.  Байнгын гар гараасаа хөтлөлцдөг залуу хосуудын хариу үйлдэлээс хэр ялгаатай вэ гэдэг нь илэрхий. Гэтэл эсрэгээрээ гарыг нь нийлүүлээд гагначихсан юм шиг байнга хөтлөлцөж явдаг залуу хосууд олон байдаг.
Социологич Сидней Гуэррон дэлхийгээр аялан хүмүүсийг ажиглаж, хэрхэн нэгэндээ хүрдэг талаар судалгаа хийсэн. Тэрээр хүмүүс олон нийтийн газар буюу кофе шоп, цайны газар, ресторан зэрэг газруудаар уулзан харилцдаг болохыг анзаарч улмаар тухайн газруудад бүтэн өдрийн турш сууж хүмүүсийг нэг нэгэндээ хэр олон хүрдэг болохыг тоолжээ. Латин Америкчууд бие биедээ түлхүү хүрдэг болохыг тэрээр ажиглажээ. Тэд өдөрт дундажаар 180 орчим удаа бие биедээ хүрдэг. Харин Францчуудын хувьд тийм ч их биш, өдөрт 110 удаа хүрэлцдэг. Гэтэл Англид бие биедээ хүрч байгаа хүмүүсийг тэр бараг нэг ч олж хараагүй байна. Харин Япончуудын хувьд барууны соёлд хэт автчихаагүй л бол хэн нэгэнд хүрэхээс илүүтэйгээр бөхийж харилцдаг ажээ.
Харвардын судалгаагаар хоорондоо бие махбодын хувьд хүрэлцэж харилцдаг халуун дулаан гэр бүлд өсөж торнисон хүмүүс зүрхний буглаа болон хорт хавдраар өвчлөх магадлал 71 хувиар бага байдаг гэдгийг тогтоожээ. Мэдээжийн зүйлийг шинжлэх ухаанаар батлах хэрэгтэй гэж үү?
Микеланжелогийн уран бүтээл рүү буцаад очицгооё. Бурхан танд хүрэх гэж байгааг дүрсэлсэн энэхүү зураг бидэнд Тэр Өөрөө энэ хайгуулыг эхлүүлсэн гэдгийг илтгэж байна. Тэр бидэнд хүрэх гэж Өөрийн Хүүг илгээсэн нь биднийг Өөрийн зорилго болон төлөвлөгөөнд эргүүлэн нэгтгэхийн тулд байсан.
Гэхдээ Есүс нийгмийн уламжлалыг зөрчиж хэний ч хүрэхийг хүсдэггүй тэр хүмүүст хүрсэн. Есүс хэний ч хүрэхээргүй, нийгмээс гадуурхагдсан, уяман өвчтэй тэр бүү хэл амьсгал хураасан хүмүүст ч хүрч байв. Есүс тэдэнд хүрэхдээ Өөрийгөө бузарлагдана хэмээн эмээлгүйгээр хүрч байсан юм.
“Хүрэлтэд эдгэрэл байдаг” гэж нэрт зохиолч, эмч Др.Меннингер хэлсэн юм. “Харин эсрэгээрээ бид бусдын хүрэлтээс дайжиж, хажиглах тусам өөрсдийгөө бусдаас ч тэр, Бурханаас ч тэр холдуулж байдаг юм” хэмээн Др.Меннингер үргэлжлүүлэн өгүүлсэн.
Бурхан таны амьдралд хүрэхийг та зөвшөөр. Тэрхүү хүрэлтээр дамжуулан сэтгэлийн болон сүнслэг эдгэрэл ирэх болно. Мөн та өөрөө бусдад хүрч чадах тэр эрх чөлөөг ч та хүлээн авах болно.
“Хэн нэгэнд хүрч, холбогд” гэдэг уриатай нэгэн үүрэн телефоны компани байдаг. Энэхүү тайван бус, үймж шуугисан дэлхий ертөнцөд үнэхээр боломжийн уриа. Гэхдээ эхлээд Бурхан танд хүрэх үед та бусдад хүрч эхэлдэг гэдгийг та битгий мартаарай. Энэ зарчим одоо ч үнэн хэвээрээ байна.


    ХҮРЭЛТЭД ЭДГЭРЭЛ БАЙДАГ.