ТАНЫГ БУРХАНААС ХОЛДУУЛЖ БАЙДАГ ГУРВАН ТӨРЛИЙН АЙДАС

ТАНЫГ БУРХАНААС ХОЛДУУЛЖ БАЙДАГ ГУРВАН ТӨРЛИЙН АЙДАС

Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.  Матай 14:25

Дэлхийн бараг бүх л томоохон хотыг тойроод олон урсгалтай хурдны замууд баригдсан байдаг. Тэдгээрийг тойрог зам, бүслүүр зам, хурдны зам гэх зэрэг янз бүрээр нэрлэдэг. Тэдгээр тойрог замуудыг хотын төв рүү холбосон бусад замуудтай холбосон байдаг бөгөөд хотоос гарах замуудыг ч мөн эсрэг талд нь холбож өгдөг. Эдгээр замууд нь хүмүүст хотоос орж гарах, хот дотуур саадгүй зорчих боломжийг бий болгодог. 
Тэрхүү тойрог замаар зорчиж буй хүмүүс нэг талаасаа яг л тойрог замаар эргэлдэж буй дагуул мэт харагддаг. Гараг эрхэсийг даган эргэлдэж буй дагуулууд тухайн гарагаас холдох ч үгүй, ойртох ч үгүй тогтмол зайд эргэлдэж байдаг даа. Тэгвэл маш олон хүний хувьд Бурхантай харилцах харилцаа нь яг л ийм байдалтай байдаг мэт надад санагддаг. Тэд Бурханаас холдохыг хүсдэггүй ч нөгөөтэйгүүр Бурханд хэт ойртохыг хүсдэггүй. Тэд Бурхантай харилцах харилцаандаа тав тухтай нэг бүсийг тодорхойлж тэндээ л эргэлдсээр. Нэг талаас Бурханы талд зогсох нь тэдэнд таатай байдаг ч нөгөө талаас Бурхан руу хэт ойртохоос болгоомжилдог.
Тэгвэл Бурхан биднийг Өөрөөсөө тодорхой зайд барьж байхын тулд биш харин бидэнтэй ойр дотно харилцаатай байхын тулд биднийг дуудсаныг амьдрал үйлчлэлээрээ дамжуулаад Есүс бидэнд харуулсан. Харин олон хүн сүнслэг ч бай, бодит ч бай дотно харилцааг бий болгохоос айдаг. Тэд хүмүүсийг болон Бурханыг өөрөөсөө тодорхой зайд байлгаж байхыг хүсдэг.
Тэгвэл бид яагаад Бурханд ойртохоос айдаг вэ? Эсвэл яагаад Түүнийг өөрсдөдөө ойртуулахаас болгоомжилдог юм бол? Бидний энэхүү сүнслэг тойрог замд хөдөлгөөнгүй барьж байдаг гурван төрлийн айдас байдаг гэж би боддог. 
1. Би Бурханд хэзээ ч таалагдахгүй. Магадгүй танд ийм бодол байдаггүй байж болох. Гэхдээ маш олон хүн ийм бодолтой явдаг. Ялангуяа багад нь эцэг эх нь өөрт нь маш өндөр хүлээлт тавьдаг байсан хүмүүст ийм бодол түгээмэл байдаг. Тэд өөрсдийгөө Бурханы хүлээлтэд хүрэхүйц сүнслэг, зөвт, сайн хүн байж чадахгүй гэж голдог. Тэд өөрсдийгөө ямагт буруутгаж, өөрсдийгөө голж амьдардаг.
2. Бурханд хэт ойртох нь бүх хяналтаа алдана гэсэн үг. Зарим хүмүүс “бүхнийг хяналтдаа байлгах” гэсэн хүслээсээ болоод сүнслэг тойрог замд гацаж орхидог. Ийм шалтгааны улмаас тэд өөрсдийгөө Бурханд бүрэн зориулахаас зайлсхийдэг. Тэд хүнд хэцүү цаг ирэхэд Бурханд ойртдог ч бусад үед Бурханд ойртохоос зайлсхийдэг. 
3. Бурхан надаас хүсээгүй зүйлийг минь хийлгэхээр шаардвал яах вэ? Хүсээгүй газар руу минь илгээх гэвэл яах вэ? Биднийг алс холын орон руу илгээчихвэл яах вэ? Цуглаандаа хөршөө, ажлын газрынхнаа урь гэвэл яах вэ? Энэ мэт олон бодол биднийг болгоомжлоход хүргэдэг. Гэтэл үнэндээ бидний Эцэг Бурхан бидэнд хамгийн сайныг л хүсдэг. Бурхан биднийг зовоож, тэр зовлонгийн хэмжээгээр бидний зориулалтыг хэмждэг юм биш. 
Харин Бурхан биднийг ямар ихээр хайрладаг болохыг, бидэнтэй нөхөрлөхийг ямар ихээр хүсдэг болохыг ухаарах үедээ бид энэхүү тойрог замаасаа гарч, Бурхан руу ойртож чаддаг. 
Эртний нэгэн магтуу дууны үгэнд “Хэрвээ Таны агуу хайрыг би ухаарсан сан бол би өөрийнхөө ганцаардмал зүрхийг аль эрт Танд өргөх байлаа” хэмээн өгүүлдэг. Энэ үг одоо ч үнэн хэвээр. 


БИДЭНТЭЙ ОЙР ДОТНО НӨХӨРЛӨХИЙГ ХҮСДЭГ БУРХАНЫ ХҮСЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ ҮЕДЭЭ БИД ТУХТАЙ ОРЧНООСОО ГАРЧ БУРХАН РУУ ИЛҮҮ ОЙРТОЖ ЧАДДАГ.