БИД ЯАГААД ДАЙСНУУДЫНХАА ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ ЁСТОЙ ВЭ?

БИД ЯАГААД ДАЙСНУУДЫНХАА ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ ЁСТОЙ ВЭ?

Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм. Матай 5:44-45 

Есүсийн сургаалыг сонсохоор цугларсан хүмүүс “Энэ хүн шиг ярьж байсан хүн нэг үгүй” гэж хэлдэг байсан. “Уулан дээрх сургаал” нэртэй сургаалдаа Есүс “... ингэж хууччуулд айлдсаныг та нар сонссон... ” хэмээн хэлээд үргэлжлүүлэн “харин Би та нарт хэлье...” хэмээсэн. Өөрөөр хэлбэл Есүс хүмүүсийн түгээмэл баримталдаг зүйлийг эхэлж хэлээд дараа нь Өөрийнхөө сургаалыг эсрэгцүүлэн айлдсан байдаг. Уулан дээрх сургаалдаа Есүс нийт 10 удаа ийнхүү өгүүлсэн юм. 
Ингэхдээ Есүс "Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. ... Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу?” (Матай 5:43-46) хэмээн айлдсан.
Ирмгард Вүүд охин энэ үгэнд багаасаа итгэдэг байв. Тэр бүү хэл бяцхан Ирмгард ээжийнхээ хамт өөрсдийг нь бөмбөгдөж буй дайсны онгоцны нисэгчийн аюулгүй байдлын төлөө залбирдаг байсан гэдэг. Ирмгард охины төрөлх хот болох Германы Штутгарт хот Дэлхийн 2-р дайны үед хүчтэй бөмбөгдөлтөд өртөж байв. Нэг удаа тэднийг гэртээ байх үед гэнэтхэн аюулын дохио дуугарч бөмбөгдөгч онгоц нисэх нь сонсогджээ. Удалгүй онгоц руу буудах, онгоцны мотор доголдох чимээ сонсогдов.
Бяцхан Ирмгард охин эгчийнхээ хамт гэрээсээ гүйн гарч “Бурхан минь нисэгчийг хамгаалж өгөөч” хэмээн залбирчээ. Түүний эгч ч мөн “Бурхан минь, түүнд туслаач” хэмээн залбирч байлаа. Гэтэл тэр залбирч байгаа хүн нь угтаа бол тэдний дайсан шүү дээ. 
Тэр орой тэд сонин уншсан ч залбирлын хариултаа авсан эсэхээ мэдэж чадсангүй. Удалгүй дайн дуусаж Ирмгард охины ээж хоёр охиноо аван Америк рүү дүрвэжээ. Улмаар Ирмгард Америкт гэр бүлтэй болж, сувилагчаар ажиллах болов.
Олон жилийн дараа нэгэн удаа нэг өвчтөн түүний аялгыг сонсоод хаана өссөн болохыг нь асуужээ. “Штутгарт” хэмээн түүнийг хариулахад өвчтөн “Намайг онгоцтой минь хамт Штутгартын тэнгэрт буудаж унагааж байлаа” хэмээн дурсан ярив. Гэнэтхэн Ирмгардын дурсамж тодорч “хэзээ тэр вэ?” хэмээн яаран асуужээ. Ингээд тэд удтал ярилцсаны эцэст Ирмгардын өмнө сууж байгаа эрхэм бага байхдаа Бурханд даатган залбирч байсан нисэгч мөн болохыг олж мэдсэн байна.
Тэрхүү Америк нисэгч онгоцны ослоос гайхамшигтайгаар амьд үлдэж, дайсандаа олзлогдоод хорих лагерт хүргэгдсэн бөгөөд дайн дуусах үед тэндээсээ суллагдав. “Эзэн Бурхан надтай хамт байсан юмаа...” хэмээн тэр хүн гэрчилжээ. Үнэхээр Ирмгардын залбирал хариултаа авсан болохыг тэд олон жилийн дараа олж мэдсэн нь энэ байлаа. 
Тэгвэл би танаас асууя. Та дайснуудынхаа төлөө залбирдаг уу? Хэдийгээр энэ нь хүмүүсийн нийтлэг баримталдаг зарчим биш боловч хэрвээ бид Бурханы Хүүгийн сургаал, Түүний үлгэр дуурайллыг дагавал бид чухамдаа үүнийг л хийх болно.
Бид дайсныхаа төлөө залбирах үедээ өөртэйгөө адил хүний төлөө залбирч байдаг. Тэр ч гэсэн бидэнтэй адил хүн. Эцэг эхдээ үр нь. Ямар нэгэн шалтгаанаар буруу замыг сонгосон, алдаж эндэж яваа хүн.
Хэдийгээр энэ дэлхий үүнийг зөв гэж харахгүй байж болох ч бид дайсныхаа төлөө залбирах үедээ өөрсдийнхөө дотроос үзэн ядалт, хорсол заналыг зайлуулдаг. Улмаар бидний үзэн ядалт, өрөвдөх сэтгэлээр солигдож, та дайснаа харахдаа дайсан биш харин бидэнтэй л адил сул дорой хүн гэдгийг харах болно. 
Тиймээс та Матай 5-р бүлгийг унших цаг гаргаарай. “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье...” гээд Есүс юу гэж сургасныг та уншаарай. Есүс энд биднийг хавчиж, доромжилж буй хүмүүсийн төлөө залбирахыг сануулсан. 
Энэхүү ер бусын мэргэн ухааныг баримтлан амьдардаг хүмүүсийг эргэн тойрныхон нь ойлгохгүй байж болох ч тэд энэ үйлдлийнхээ ач тусыг заавал хүртэнэ. Эцсийн дүндээ тэд Эзэний өмнө зогсохдоо “Сайн байна, итгэмжит сайн зарц минь!” гэсэн сайшаалыг сонсох болно.
Тиймээс энэ л ер бусын мэргэн ухаанаар амьдарч, Есүсийн алхаж явсан тэр л мөрийг даган алхах шийдвэр гаргаарай. Энэ шийдвэр таны амьдралын хамгийн зөв шийдвэр байх болно.


ЭЗЭНИЙ ХЭЛСЭН, ҮЙЛДСЭН ҮГИЙН ДАГУУ...