ТА ЮУНД ИТГЭДЭГ ВЭ?

ТА ЮУНД ИТГЭДЭГ ВЭ?

Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм. 1 Коринт 15:50

Нэгэн цуглааны үеэр пастор нь итгэгчдээ удирдан хамтдаа Элч нарын итгэлийн тунхгийг уншиж байжээ. Харин тэр үеэр нэгэн эр “Би итгэдэг...” гэсэн хэсгийг хэлэхдээ “Би итгэдэг байсан...” хэмээн амандаа аяархан хэлсэн гэдэг.
Өнөөдөр чуулган өөрсдийнхөө яг юунд итгэдэг вэ гэдэгт төдийлөн анхаарлаа хандуулахаа больжээ. Аль болох олон хүнд таалагдах гэсэн оролдлого нь тэднийг итгэл үнэмшилдээ бат зогсоход нь саад болдог. Үр дүнд нь маш олон хүн цуглаанд хамрагдаж байдаг ч тэдний олонх нь чухамдаа юунд итгээд байгаагаа тэр бүр мэддэггүй. Тиймээс ч тэд итгэлийн тунхагаа уншихдаа ч утга учрыг нь ойлголгүйгээр тоть шиг давтдаг. 
Чуулганы түүх судлаач, эрдэмтэн Эдуард Паносиан хэлэхдээ чуулганд үнэн итгэл, сэтгэл хөдлөл хоёр хоёулаа байх ёстой хэмээн онцолсон. Итгэлийн тунхаг гэх мэт уламжлалт зан үйлүүдэд хэт анхаарлаа хандуулаад сэтгэл хөдлөлийг орхигдуулах үед чуулган илүү албаны, хүйтэн хөндий, үхмэл шинжтэй болдог бол зөвхөн сэтгэл хөдлөлд анхаарлаа хандуулах нь чуулганыг хөнгөн хийсвэр, онолын хувьд алдаа мадагтай байдал руу хөтөлдөг.
Тиймээс ч өнөөдөр итгэгчид юунд итгэдэг вэ гэдгээ, мөн яагаад итгэдэг вэ гэдгээ мэддэг байх ёстой. “Гэхдээ үүнийг жирийн итгэгч би шийдэхгүй, чуулган л шийдэх байлгүй дээ” гэж та бодож байж болох. Тэгвэл таны хамрагддаг чуулган яг юунд итгэдэг вэ гэдгийг та мэдэх үү? Мэдэхгүй ч байж болно.
Үнэндээ бидний жинхэнэ итгэл үнэмшил тийм ч ойлгоход хэцүү, ярвигтай зүйл биш. Энэ л итгэл үнэмшлийн гол цөм нь нэгдүгээр зуунаас хойш огт өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн. Тэгвэл тэдгээр нь яг юу юм бэ?
Маш олон итгэгч Элч нарын итгэлийн тунхгийг Христитгэлийг томъёолон нэгтгэсэн хамгийн эртний эмхэтгэл гэж үздэг. Хэрвээ үүнийг үнэхээр Элч нар томъёолсон нь үнэн бол гарцаагүй хамгийн эртнийх байж таарна. 
Элч нарын итгэлийн тунхагт ийнхүү өгүүлсэн байна: "Би газар тэнгэрийг бүтээгч, төгс хүчит Бурхан Эцэгт итгэдэг. Ариун Сүнсээр олдож, онгон Мариас мэндэлсэн, Понти Пилатын үед зовж явсан, цовдлогдон нас барж оршуулагдаад, гурав дахь өдрөө үхлээс дахин амилсан, тэгээд мөнхийн улс руу одож, төгс хүчит Бурхан Эцэгийнхээ баруун гарт заларсан, тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх Түүний цорын ганц Хүү бидний Эзэн Есүс Христэд би итгэдэг. Би Ариун Сүнсэнд итгэдэг. Ариун, нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмийн уучлал, биеийн дахин амилал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен."  Ердөө л энэ.
Өнөөдөр маш олон итгэгч итгэл үнэмшлээ тодорхойлохыг оролдсоор. Магадгүй та өөрөө ч тэдний нэг байж болох. Тэгвэл та нэг дасгал хийж үзэх үү?
Та Библиэ аваад, бал цаас аваад суугаарай. Тэгээд цаасныхаа дээр “Би итгэдэг” гэж гарчиг тавиарай. Тэгээд та юунд итгэдэг вэ гэдгээ бичээрэй. Хэрвээ боломжтой бол тухайн итгэл үнэмшилтэй чинь холбоотой эшлэлүүдийг ард нь бичээрэй. Маш богинохон жагсаалт болсон ч хамаагүй. Хамгийн анхны итгэлийн тунхагуудын нэгийг Паул бичсэн. Тэрээр товч бөгөөд тодорхойгоор “Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан...” гэсэн байдаг.
Өнөөдрийн нийгэм бол үнэндээ бидний итгэл үнэмшилд халтай. Гэхдээ бид “Би итгэдэг” хэмээн итгэлтэйгээр тунхаглах үедээ бид хөдлөшгүй гадсыг газарт хатгаж байдаг. Би итгэдэг хэмээн тунхаглах үедээ бид итгэлийн амьдралын үндсээ илүү гүн бат суулгаж байдаг. Энэ нь бидэнд энэ цаг үеийн хий хоосон үгүйсгэлийг даван туулахад тусална. Юунд итгэдэг болохоо мэднэ гэдэг биднийг итгэл дотор минь бат суурилуулж, энэ цагийн эхэнд өгүүлсэн тэр нэгэн эр шиг “би итгэдэг байсан...” гэж амандаа бувтнахаас таныг хамгаална.


БИ ИТГЭДЭГ...