ТАНЫ АМЬДРАЛ ТҮЙМЭРТ ШАТСАН МЭТ БОЛОХ ҮЕД

ТАНЫ АМЬДРАЛ ТҮЙМЭРТ ШАТСАН МЭТ БОЛОХ ҮЕД

Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.  Иохан 12:24

Манай оффисын ойролцоох Лагуна хавцалд түймэр дэгдэх үед тэр хавийн маш олон байшин барилга шатаж балгас болсон юм. Галд сүйдсэн олон байшин барилгын дунд хоёр мянга гаруй нэр төрлийн ургамал цэцэгсийг агуулсан Хортенс Милле Гарден нэртэй  ботаникийн цэцэрлэг байлаа. Харамсалтай нь гал түймэр тэр сайхан талбайг юу ч үгүй шатааж орхив. Хүн бүр халаглан харамсаж байлаа. Гэтэл ердөө таван сарын дараа тэр толгод бүхэлдээ үзэсгэлэнтэй сайхан зэрлэг цэцэгсээр дүүрсэн бөгөөд тэр хавийн нутагт 30-100 жил үзэгдээгүй цэцэгс тэнд ургасан юм.
Учир нь олон жилийн өмнө тэр газрыг тусгайлан хашиж ургамал цэцэгсийн шилжүүлэн суулгах үед тэдгээр ургамлууд нарны гэрэл, хөрсний шим тэжээлийг бүгдийг нь булааж байжээ. Гэвч зэрлэг цэцэгсийн үр үхэж мөхөлгүй, хөрсөнд агуулагдсаар байв. Улмаар түймэр дэгдэж хүний нүдээр харахад гамшиг нүүрлэсэн боловч гал түймэр зөвхөн хөрсөн дээр ил байсан ургамал цэцэгсийг шатаажээ. Харин нар тусаж, бороо орж тэр хавийн хөрс эргэн сэргэхэд үхэлгүй, нуугдмал байдалд шилжсэн байсан зэрлэг цэцэгсийн үр эргэн соёолж тэр хавийн үзэмж урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэйгээр сэргэсэн юм даа.
Тэрхүү цэцэрлэгийн эзэн хатагтай Миллер “Түймэр болсон нь надад харамсалтай байсан ч нөгөө талаар би баяртай байна” гэж хэлсэн. Учир нь тэр цэцэрлэг одоо урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй, илүү натурал харагдах болсон. Хүмүүсийн нүдээр харахад гамшиг сүйрэл мэт харагдаж байсан тэр үйл явдал өөр нэгэн төрлийн гоо үзэсгэлэнг бий болгосон нь энэ байлаа. Бидний амьдрал ч мөн.
Бидний амьдралд тохиолдож буй зарим үйл явдал бидний нүдээр харахад сүйрэл мэт харагдаж болох ч үүний цаана Бурханы мутар ажилласаар, бидний амьдралыг удирдан чиглүүлсээр, эцэст нь бидний ойлгож ухаарахааргүй гайхамшигтай ажлуудаа хийдэг. Гүйлтийн нэрт тамирчин Рожер Баннистер “Хэрвээ та чин сэтгэлээсээ хичээн зүтгэсэн бол бүтэлгүйтэл нь амжилтаас дутуугүй гайхалтай байх болно” хэмээсэн.
Итгэгч бидний хувьд үл итгэгчдээс ялгаатай нь бид Бурханы зорилго төлөвлөгөөнд итгэдэг. Бидний амьдралд тохиолдож буй бүхий л үйл явдлын цаана Бурхан ажилласаар байгаа гэдэгт бид итгэдэг. Хэдийгээр бид том зургийг бүхэлд нь харж чадахгүй ч Бурхан ажилласаар байгаа гэдэгт бид итгэдэг. Гал түймрийн дараа Бурхан зэрлэг цэцэгсийг хэрхэн гайхамшигтайгаар ургуулсан шиг бидний амьдралд ч бас гайхамшигтай ажлуудаа хийсээр байдаг гэдэгт бид итгэдэг.
“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана” (Иохан 12:24) хэмээн Есүс айлдсан. 
Бурхан хэзээ ч худлаа хэлдэггүй. Библи бидэнд амлахдаа “Бурханы хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйлс эцэстээ тэдний сайны төлөө байдаг” гэсэн байдаг.
Заримдаа бид гал түймэрт идэгдсэн хөрсөн доороос үзэсгэлэнтэй зэрлэг цэцэгс ургахыг тэвчээртэйгээр хүлээх ёстой болдог. Үүний тулд бид хүнд хэцүү нөхцөл байдал дунд ч итгэлээр алхаж, өдөр бүрийг Эзэнтэй хамт даван туулах ёстой болдог. 
Надад Тайландын дүрвэгсдийн хуаранд орогнож буй Камбож итгэгчдийн оёж бэлэглэсэн нэгэн хатгамал байдаг. Тэрхүү хатгамлыг ар талаас нь харвал хайш яайш сарзайсан утаснууд харагддаг. Харин эргүүлээд харвал өнгө өнгийн утас бүхий үзэсгэлэнтэй зураг харагддаг.
Гал түймэр мэт хүнд хэцүү нөхцөл байдал тохиолдсоны дараа бидний амьдрал яг л энэ хатгамлын ар тал шиг хайш яайш болсон мэт харагддаг. Харин түүнийг Бурхан гайхамшигтай уран зураг болгон хувиргана гэдгийг бид итгэлээр харж чаддаг. Бидний амьдралыг түймэр дайрсан мэт болох тэр үед та Бурханы эдгэрэл, сэргээлтийг тэвчээртэйгээр хүлээгээрэй. Учир нь түймэрт идэгдсэн хөрсөн доороос үзэсгэлэнт цэцэгс дэлгэрнэ. Тиймээс та зүрх сэтгэлээ Бурханд өргөж Түүний амар тайвнаар дүүргээрэй. Учир нь харлаж шатсан газраас үзэсгэлэнт цэцэгс дэлгэрэх мэт таны амьдралд ч мөн Бурханы гайхамшигтай сэргэлт ирэх болно. Та үүнд битгий эргэлзээрэй.


БУУДАЙН ҮР ГАЗАР ЭС УНАН, ЭС ҮХВЭЭС ТЭР ГАНЦААРАА ҮЛДЭНЭ. ХАРИН ТЭР ҮХВЭЭС ОЛОН ҮР ГАРГАНА.