УРТ УДААН, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН НУУЦ

УРТ УДААН, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН НУУЦ

“Тэр Намайг хайрласан учир Би түүнийг аварна. Тэр нэрийг минь мэдсэн учир Би түүнийг өргөмжилнө... Би түүнийг урт амьдралаар хангаж, Түүнд авралаа үзүүлнэ.” Дуулал 91:14, 16

Элч нарын итгэлийн тунхаг “Би Бурханд итгэдэг...” хэмээн эхэлдэг. Тэгвэл таны энэ л итгэл үнэмшил таныг урт наслахад тус болох боломжтой юу? Өөрөөр хэлбэл таны энэ итгэл үнэмшил таны амьдралын чанарт нөлөөлөх үү? Энэ асуултанд би тийм гэж хариулах байна. Зөвхөн би ч биш шинжлэх ухааны маш олон баримт нотолгоо үүнийг баталсаар байна.
Бидний итгэл үнэмшил бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалсаар, судалгааны үр дүнгүүд ар араасаа гарсаар байна. Дюкийн их сургуулийн Шашин ба Эрүүл мэнд судлалын төвийн захирал, Др. Харолд Г. Коиниг хэлэхдээ “Үүнийг эрдэмтэд болон эмч нар улам бүр хүлээн зөвшөөрсөөр байна. Итгэл үнэмшил, шашин шүтлэг тухайн хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг улам бүр баталсаар байна” гэсэн байдаг. 
Энэ сэдэв анх 90-ээд оны үед олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Нэгэн эмч зөвчтөнтэйгөө хамт залбирч эхэлтэл өвчтөнийх нь биеийн байдал эрс сайжирч эхэлсэн байна. Улмаар энэ үзэгдлийг илүү шинжлэх ухаанчаар тайлбарлахын тулд тэрээр хэсэг өвчтөнүүдийг бүлэг болгож, тэдэнд мэдэгдэлгүйгээр тэдний төлөө залбирах залбирлын багийг бүрдүүлсэн байна. Үр дүнд нь өвчтөнүүдийн биеийн байдал дээрджээ. Улмаар энэхүү судалгаагаа тэрээр нэгтгэн хэвлүүлсэн байна. Гэвч түүний энэхүү судалгааг маш олон хүмүүс шүүмжлэн буруутгасан юм. Учир нь тэдгээр хүмүүс итгэл болон залбирал гэдэг нь зүгээр л нэг шашны мунхруулал гэж үзэж байсан юм. 
Тэр цагаас хойш энэ сэдвээр 200 гаруй томоохон судалгаанууд хийгдсэн байдаг бөгөөд Бурханд итгэх итгэл болон эрүүл мэнд хоорондоо холбоотой болохыг нотолсоор байна. Тэгвэл хамтдаа Др.Коинигийн судалгааны үр дүнг аваад үзэцгээе.
1.    Цуглаандаа тогтмол явдаг хүмүүс нь цуглаанд явдаггүй эсвэл хааяа явдаг хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь харьцангуй бага байдаг байна. 
2.    Тогтмол залбирч, Библи уншдаг хүмүүсийн цусны даралт бага байдаг байна. 
3.    Цуглаанд тогтмол явдаг хүмүүс цуглаанд явдаггүй хүмүүсээс илүү дархлаа сайтай байдаг байна.
4.    Аливаа хүний шашны итгэл үнэмшил болон эрүүл мэнд хоорондоо шууд хамааралтай байна.
5.    Бурханд тууштай итгэдэг хүмүүсийн хувьд Бурханд итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс болох нь бага байдаг бөгөөд зүрхний шигдээс болсон ч илүү хурдан тэнхэрдэг, урт насалдаг байна.

Судалгаа үнэндээ цоо шинэ зүйлийг гаргаад ирсэн юм бишээ. Харин мэдээжийн зүйлийг л ил болгосон юм. Пасторууд, Христитгэлт эмч нар гээд маш олон хүмүүс үүнийг мэддэг байсан. Библийн дагуу амьдардаг хүмүүс санаа зовнил багатай, стресс багатай амьдарч чаддаг. Тэд итгэлгүй нэгнийг арчин хаяхуйц хүчтэй салхийг Бурханд итгэх итгэлээр даван гарч чаддаг. 
Яагаад? Яагаад гэвэл та Бурханы үгэнд итгэх үед энэ нь таны стрессийг бууруулж байдаг. Учир нь стресс нь бидний оюун санааг ядрааж, цусны даралтыг нэмэгдүүлж, биднийг аажмаар үхүүлсээр байдаг.
Гэхдээ мэдээж итгэгч хүмүүст зовлон бэрхшээл бага тулгардаг уу гэвэл үгүй. Гэхдээ тулгарсан зовлон бэрхшээлийг даван туулахдаа тэд илүү сайн байдаг. Үр дүнд нь тэдний амьдралд тулгарсан аливаа зовлон бэрхшээл тэднийг сульдаах биш харин хүчирхэгжүүлж, тэд илүү урт удаан амьдарч чаддаг. 
80 гарсан нэгэн хөгшнөөс нэг танил нь “Танд ямар ч дайсан байхгүй та хэлж байсан энэ үнэн үү?” гэж асууж гэнэ. Настай эр хэсэг бодсоны эцэст “Тиймээ, тэр үнэн” гэж хэлж гэнэ. “Гайхалтай, үнэхээр гайхалтай. Нууц нь юунд байнаа?” гэж хариуд нь асуухад настай эр нилээд бодсоны эцэст “Зүгээр л би тэднээс бүгдээс нь илүү урт насалсан байхгүй юу” хэмээн хариулсан гэдэг. 
Бусдаас хариугаа авах гэж хичээх, өс санах, үл уучлах нь биднийг дотроос нь хөнөөж байдаг. Харин Библи бидэнд хэлэхдээ “Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй хүн ерөөлтэй еэ”, “Эцэг эхээ хүндэлдэг хүн энэ дэлхий дээр урт наслах болно” гэх мэт олон гайхамшигтай амлалтуудыг өгсөн байдаг.
Өнөөдөр судлаачид нотолсон байна. Хэрвээ та Бурханы замаар амьдрах юм бол та илүү эрүүл, илүү урт, илүү сайхан амьдрах болно. Мэдээж зөвхөн урт наслахын тулд Бурханд итгэх гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ бид Бурханд итгэх итгэлийнхээ дагуу амьдрах үед Бурхан энэ бүхнийг бидний амьдралд нэмж өгдөг ажээ.