АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА

Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв. Матай 21:22

Танд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал тулгарчээ гэж бодъё. Ийм тохиолдолд бид хар зөнгөөрөө л тэр асуудлыг шийдэх гэж хичээж эхэлнэ. Гэхдээ нөгөөтэйгүүр бидэнд Бурханы туслалцаа хэрэгтэй гэдгийг Бурханд хандан залбирах хэрэгтэй гэдгийг ч санаж байдаг. Энэ хоёр сонголтоос зөвийг нь сонгож сурахын тулд би маш олон саад бэрхшээлийг давж, олон удаа алдаа гарган бүтэлгүйтэж байсан. Эцэст нь би аливаа асуудлыг Бурханы арга замаар шийдэх нь хамгийн зөв алхам гэдгийг ойлгосон. 
Анхны үеийн итгэгчид ч бас үүнийг амьдралынхаа туршлагаар олж мэдсэн. Үйлс номд Лукийн бичиж үлдээсэн нэгэн аюултай нөхцөл байдлыг та санаж байна уу? Херод хаан улстөрийн зорилгоор Иоханы ах Иаковыг хөнөөж, улмаар Петрийг баривчлан цаазлахыг завдаж байсан. Чуулганд тохиолдоод байсан асуудал маш тодорхой байв. Тэд Петрийг хэрхэн шоронгоос суллах вэ? гэж толгойгоо гашилгаж байсан. Энэ бол маш хүнд хэцүү нөхцөл байдал. Тухайн үед тэдэнд дараах дөрвөн боломж байсан.
1) Тэд шорон руу халдаж болох байсан. Энэ хэдийгээр аюултай боловч маш сүртэй алхам. Шорон руу халдан орж Петрийг сулласнаараа бүх дэлхий даяар Бурхан тэдэнтэй хамт байгааг тунхаглах боломжтой шүү дээ. Тэгээд ч “Хэрвээ Бурхан бидэнтэй хамт бол хэн бидний эсрэг зогсож чадах вэ?” хэмээн Библид бичигдсэн байдаг биш билүү? Гэхдээ энэ нь практик дээр хэрэгжүүлэхэд маш хэцүү алхам байсан. Учир нь Петрийг 16 харуул манаж байснаас гадна хоёр харуулыг Петртэй хамт гавласан байсан. Тэгэхээр энэ нь хэрэгжихэд маш хэцүү хувилбар байна.
2) Тэд хаанд өргөх бичиг хүргүүлж болох байсан. Энэ бол муугүй санаа. Итгэгч хүмүүст ч бас эрх бий шүү дээ? Тэгээд ч олон мянган итгэгч хамтдаа нийлээд гомдол мэдүүлвэл үр дүнгээ өгч болно шүү дээ. Гэвч Ариун Сүнс тэдний толгойд ийм санааг төрүүлээгүй юм.
3) Тэд мөнгө цуглуулж Херод хааныг хахуульдаж болох байсан. Хүний мөн чанар өнгөрсөн хугацаанд төдийлөн өөрчлөгдөөгүй бололтой. Олон зууны туршид эрх мэдэл бүхий хүмүүс алт мөнгөний төлөө шийдвэрээ өөрчилсөөр ирсэн. Өнөө үетэй адилхан тэр үед ч бас улстөрчид авилгал хээл хахуульд идэгдсэн байсан. Гэхдээ мэдээж Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг үгийг нь зөрчих үйлдэл рүү хэзээ ч хөтлөхгүй шүү дээ. Тиймээс энэ хувилбар мөн л тэдний хувьд хаалттай байсан.
4) Тэд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж болох байсан. Шоронгийн үүдэнд суулт хийж, шударга ёсыг нэхэж яагаад болохгүй гэж? Петр буруу хэрэг хийгээгүй. Тиймээс түүнийг суллахыг эрх мэдэлтнүүдээс шаардаж яагаад болохгүй гэж? Гэвч энэ ч мөн зөв шийдэл байгаагүй. 
Тэгвэл анхны үеийн чуулганыхан энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Миний саяын дурдсан хувилбаруудыг тэд бодож үзсэн болов уу? Энэ талаар бичигдэж үлдсэн зүйл лав алга. Харин тэдний тухай бичихдээ Лук тэднийг залбирлын цуглаан зохион байгуулсан гэсэн байна. Үйлс 12:5-д “Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв” хэмээсэн. Тухайн үед дайснууд нь тэднийг шоолж байсан байх аа. “Бид толгойлогчийг нь барьчихаад байхад тэд залбирахаас өөр юу ч хийж чадахгүй гэж үү?” хэмээн дооглож байсан байх. Гэвч тэд тун удалгүй залбирал ямар үр нөлөөтэй болохыг ойлгосон. Бурхан хүмүүс бидний бодол санаа, аливаа логик ойлголтын эсрэгээр ажиллаж, шоронгийн үүд хаалгыг гайхамшигтайгаар нээж Петрийг сулласан. 
Магадгүй яг одоо танд хүнд хэцүү асуудал тулгарсан байж болох. Мэдээж та хар зөнгөөрөө үүнийг шийдэх гэж оролдож байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдэх Бурханы арга зам таныхаа тэс өөр байж болзошгүй гэдгийг та санаарай. Тиймээс энэ асуудлаа Бурханд өргөж, Түүний шийдлийг харахгүй гэж үү? Асуудлынхаа төлөө Бурханд даатган залбирна гэдэг нь юу ч хийхгүй байхын нэр биш. Залбирал гэдэг бол Бурханд асуудлаа өргөж буй итгэлийн үйлс. Учир нь Бурханд чадахгүй зүйл гэж үгүй. Тиймээс аливаа асуудлын өмнө эхлээд Бурханд хандан залбирна гэдэг нь өнөөдөр та бидэнд өгөгдсөн хамгийн хүчирхэг, хамгийн зөв алхам.
Алфред Теннисон “Энэ дэлхийн бүх хүний төсөөлж чадахаас ч илүүг залбирлаар дамжуулан гүйцэлдүүлэх боломжтой” хэмээсэн. Энэ үг өнөөдөр ч үнэн хэвээрээ байна. 


ЗАЛБИРАЛ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ, ХҮЧ ЧАДАЛ НЬ БҮРЭН СУДЛАГДААГҮЙ ХАМГИЙН АГУУ ЗЭВСЭГ.