АРСЛАН, НАЖ МОГОЙ, ЛУУ

АРСЛАН, НАЖ МОГОЙ, ЛУУ

Чи арслан, наж могойг гишгэж, залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ. Дуулал 91:13

Дуулал 91-р бүлэгт Бурханд итгэгчдэд хандан “Чи арслан, наж могойг гишгэж, Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ” хэмээсэн. Энд гарч буй амьтдаар төлөөлүүлэн бидний амьдралд тохиолддог саад бэрхшээлүүдийг илэрхийлжээ.
Арслан бол зоригтой амьтан. Тэд бидэнтэй шууд нүүр тулдаг. Биднийг төлөвлөөгүй, бэлтгэлгүй байхад бидэн рүү довтолдог. Яг л шөнө дунд ирсэн утасны дуудлага шиг. Эсвэл шуудангаар ирсэн нэхэмжлэх шиг. Гэнэт ажлаас халсан тухай мэдэгдэл шиг. Бидний амьдралд тохиолддог зарим асуудлууд яг л арслан шиг бидэнтэй шууд нүүр тулдаг. Тэр үед бидэнд тэр асуудлаас зугтмаар, нуугдмаар санагддаг. Гэхдээ бодит байдал дээр бидэнд тэдгээрийг даван гарахаас өөр арга зам байдаггүй. 
Наж могой бол маш хортой могой. Могойнууд дундаас хамгийн аюултай нь. Сатан хүртэл Еден цэцэрлэгт Адам Ева хоёрыг мэхлэхдээ могойн дүрд хувирсан шүү дээ. Гэхдээ могойнууд арслангаас тэс өөр. Арслан архирдаг бол наж могой исгэрдэг. Тэд өвсөн дундуур сэмхэн гулссаар олз руугаа ойртож, ганц дайралтаар хортой соёогоо зоодог. Наж могой архирч сануулалгүйгээр гэнэтхэн довтолдог. Бидний урьдаас таамаглаагүй асуудлууд яг л наж могой мэт байдаг. Анд нөхдийн урвалт, итгэж явсан хүний мэхлэлт, ардуур сэмхэн ярьсан хов жив гээд олон зүйл яг л наж могой мэт биднийг гэнэдүүлэн довтолдог. 
Дуулал 91:13-т гарч буй гурав дахь дүр буюу могойг өөр орчуулгад “луу” хэмээн орчуулдаг. Бидний хэн нь ч амьд лууг хараагүй. Хятадын уламжлалт баярын үеэр том, том луу хотын гудамжаар явдаг ч мэдээж тэд жинхэнэ луу биш харин дотор нь хүмүүс орсон аварга том баг.
Луу бол домгийн амьтан. Бидний төсөөллийн араатан. Луу бол бидний бодол санаанд оршиж, биднийг айлгаж, бидний амар тайвныг булааж байдаг зүйл. Үүний нэгэн адил бид маш олон зүйлээс оюун санаандаа айж, болгоомжилж байдаг. Хорт хавдар тусчихвал яах вэ, мөнгөө алдчихвал яах вэ, осолд орчихвол яах вэ, үр хүүхдүүдэд маань муу зүйл тохиолдчихвол яах вэ? Гэх зэрэг олон бодол биднийг айдас хүйдэст автуулдаг.
Луу бодитоор оршдоггүй ч луунаас үүдэн бий болдог айдас нь маш бодитой. Тиймээс луу мэт бидний дотор айдсыг бий болгож байдаг төсөөллүүд нь бидний оюун санааг туйлдуулан ядрааж байдаг.
Тэгвэл энэ гурван том аюулын эсрэг бид ямар алхам хийх ёстой вэ? Дуулал 91-т “Хамгийн Дээд Нэгэний халхавчинд орших...” хэмээн өгүүлсэн. Бурхантай харилцах бидний харилцаа бидний амьдралд тулгарч болох арслан, наж могой, луунуудыг ялан дийлэх нууц юм. Бидний амьдралд архирах арслан мэт, исгэрэх могой мэт, аймшигт луу мэт асуудал тулгарах үед Бурхан бидний хоргодох газар болдог. Тиймээс ч Давид хаан “Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана” (Дуулал 27:5) хэмээн шүлэглэжээ. Энд Давид хаан “зовлонгийн өдөр” гэмээсэн. Бидний амьдралд зовлон бэрхшээл тулгарна гэдгийг Бурхан анхнаасаа мэдэж, биднийг хүлээж байдаг.


ТЭР НАМАЙГ ХАЙРЛАСАН УЧИР БИ ТҮҮНИЙГ АВАРНА. ТЭР НЭРИЙГ МИНЬ МЭДСЭН УЧИР БИ ТҮҮНИЙГ ӨРГӨМЖИЛНӨ. ТЭР НАМАЙГ ДУУДАХ АГААД БИ ТҮҮНД ХАРИУЛНА. ЗОВЛОН ШАНАЛАНД БИ ТҮҮНТЭЙ ХАМТ БАЙНА. БИ ТҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖ, ХҮНДЛЭЛД АВААЧИХ БОЛНО. 
ДУУЛАЛ 91:14-15