САНАА ЗОВНИЛООС ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ?

САНАА ЗОВНИЛООС ХЭРХЭН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ?

Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Филиппой 4:6

Санаа зовних нь үнэхээр буруу зүйл гэж үү? Бидний амьдралд санаа зовних зүйл дэндүү их байдаг гэдэгтэй санал зөрөх хүн үгүй байх. Бид бүгд л өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг, улс орны нөхцөл байдал гэх зэрэг маш олон зүйлд санаа зовдог. Гэхдээ тэр олон зүйлд санаа зовсноороо бид тэдгээрийг өөрчилж чаддаг билүү?
“Би төрөлхийн л юм бүхэнд санаа зовж явдаг байсан. Бурхан намайг ингээд бүтээчихсэн болохоор ямар ч арга алга” гэж хэлэх хүмүүс бий. Үнэндээ би ч бас аливаа зүйлд амархан санаа зовох гээд байдаг сул талтай. Харин миний дотны найз өөрийн номдоо “Бид санаа зовсноороо асуудлаа шийдэхэд биш харин өөрийгөө хөгшрүүлэхэд л хувь нэмрээ оруулж байдаг” гэж бичсэн.
Зарим хүмүүст төрөлхийн бусдаас илүү санаа зовних хандлага байдаг байж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ бид санаа зовнилдоо эцэг эхээ, генийн бүтцээ буруутгахаас илүү Бурхантай ойртвол энэ асуудлаа бид илүү хялбархан шийдэж чадна. 
Санаа зовнил нь бидний амьдралд хандсан Бурханы зорилго болон төлөвлөгөөний эсрэг үйлдэл гэдгийг нотлох хоёр хэсгийг Библиэс эш татмъя. Матай 5-7-р бүлэгт гардаг Есүсийн сургаалыг бид Уулан дээрх сургаал гэдгээр нь сайн мэддэг. Тэрхүү сургаалдаа Есүс дагалдагч нараа юу идэх билээ, юу өмсөх билээ гэж бүү санаа зов хэмээн сургасан. Тэнгэрийн шувуудыг хооллогч Тэнгэрлэг Эцэг тэднийг ч бас харж хандах болно гэдгийг Есүс сануулсан. Энд Есүс Тэнгэрлэг Эцэг хайртай хүүхдүүдээ ханган тэтгэдэг учраас бид өмсөх хувцас, идэх хоолны төлөө санаа зовох хэрэггүй гэдгийг онцолсон юм. 
Мөн Паул бидэнд “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл” (Филилппой 4:6) хэмээн захисан. 
Хэрвээ би өөрийнхөө хүчээр хийх гэж оролдвол энэ үгсийг дагаж чадахгүй гэдгээ сайн мэднэ. Гэхдээ Бурхан бидэнд тушаалаа өгсөн бол тэрхүү тушаалыг биелүүлэх хүчийг ч мөн бидэнд өгдөг гэдэгт би итгэдэг. 
Хэрвээ Бурхан надад санаа бүү зов гэж хэлсэн л бол энэ асуудлыг шийдэх ерөндөг Бурханд байгаа гэсэн үг. Нөхцөл байдал миний хүссэнээр болохгүй үед, тухайн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй гэдгээ мэдрэх үед би хамгийн ихээр санаа зовдог. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал миний хяналтаас гарах үед миний санаа зовдог. Эсрэгээрээ нөхцөл байдал бүхэлдээ миний хяналтад байгаа мэт санагдах үед миний санаа зовдоггүй. Гэхдээ бидний хяналтаас гарсан ямар ч асуудал Бурханы хяналтад байсаар байгаа гэдгийг бид санах хэрэгтэй. Хэрвээ биднээс хэн нэгэн хүн “Бидний хянаж чадахгүй зүйлсийг Бурхан хянаж чадах уу?” гэж асуувал бид эргэлзээгүй “Тийм ээ” гэж хариулна. Тэгсэн хэрнээ бид санаа зовниж байгаа байдлаараа дамжуулаад “Бурхан минь, Та энэ асуудлыг хянаж чадахгүй юм шиг байна. Тиймээс Таныг бүтэлгүйтвэл яах вэ гэдгээ би одооноос бодож байя” гэж хэлж байдаг. 
Тэгвэл бидний энэ асуудлыг шийдэх шийдэл байгаа гэж үү? Заавал байх ёстой. Юуны түрүүнд бид Бурханы зан чанарыг, Түүний мөн чанарыг таньж мэдэх хэрэгтэй. Тийнхүү бидний Бурханд итгэх итгэл улам бүр нэмэгддэг. Улмаар бидний амьдралд тохиолдох аливаа салхи шуургыг Бурхан бүрэн хяналтдаа байлгаж чадна гэсэн итгэл маань батаждаг.
Тиймээс та эхлээд Исаиа 40-г уншаарай. Тэнд Бурханы агуу хүч чадлын талаар өгүүлдэг. Дараа нь Сургаалт үгс 3:5-6 эшлэлийг уншаарай. Тэнд Бурханд итгэх тухай болон бүх үйлээрээ Бурханд итгэж найдах тухай өгүүлдэг. Орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан унтдаггүй, зүүрмэглэдэггүй гэдгийг та өөртөө сануулаарай. Тэгээд гэрлээ унтраагаад амар тайван нойрсоорой. Бурхан өдрөөр ч, шөнөөр ч таныг хэзээ ч орхихгүй. 


БУРХАН ХЭЗЭЭ Ч БҮТЭЛГҮЙТЭХГҮЙ ГЭДЭГТ ТА БҮРЭН ИТГЭЭРЭЙ.