ТАНЫ ХҮЧИН ЧАРМАЙЛТ, АМЖИЛТ БОЛОН БУРХАНЫ ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБОО

ТАНЫ ХҮЧИН ЧАРМАЙЛТ, АМЖИЛТ БОЛОН БУРХАНЫ ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБОО

Үйлсээ ЭЗЭНд даатга, бодол санаа чинь биелнэ. Сургаалт үгс 16:3

Зарим хүмүүс үүнийг “Протестант ажлын ёс зүй” гэж нэрлэдэг. Гэхдээ үнэндээ, энэ нь зүгээр л Библид бичигдсэн үгсийг амьдралдаа хэрэгжүүлсэн хэрэгжүүлэлт. Тэдгээрийг нэгтгээд бид “Хэрвээ үүнийг хийх нь зөв бол, хэрвээ энэ нь үүнийг зөвөөр хийх арга зам мөн бол, та бүх хүчээрээ хий” гэсэн үгээр илэрхийлэх боломжтой.
Библид “та нар юу ч хийсэн...” гэсэн үг дөрвөн удаа давтагддаг. Ингэхдээ үүнийгээ Бурхантай харилцах харилцаатай холбож тайлбарласан. Хамгийн эхнийх нь Хуучин Гэрээний Сургаалт үгс номд бичигдсэн байдаг. Сургаалт үгс 16:3-т хэлэхдээ “Юу ч хийсэн ажил үйлсээ ЭЗЭНд даатгаарай” гэсэн байдаг. Хэрвээ тэгвэл “бодол санаа чинь биелэх болно” хэмээн үргэлжлүүлэн өгүүлжээ. Эндээс харвал хэдийгээр бид ажил үйлсээ төлөвлөдөг ч үр дүн нь Бурханаас байдаг гэдгийг тодорхой хэлсэн. “Та нар юу ч хийсэн...” гэдэг энэ үг бидний хичээл зүтгэл, Бурханы оролцоо болон амжилтын харилцаа холбоог харуулж байна. Тиймээс хэрвээ та Бурханыг амьдралынхаа хамтрагч болговол таны ажил төрөл, гэр бүл гээд бүхий л зүйл Бурханы ивээл ерөөлөөр дүүрэн байна гэдгийг бид харж болно.
“Та нар юу ч хийсэн...” хэмээн өгүүлсэн хоёр дахь тохиолдол нь Паулын бичсэн Коринтын захидалд гардаг. 1Коринт 10:31-т Паул хэлэхдээ “Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” гэсэн байдаг. Энэхүү зөвлөгөөний цаадах утга санааг ойлгохын тулд бид Коринтын чуулганы нөхцөл байдлыг мэдэх хэрэгтэй. Тухайн үеийн Коринтчууд бүгд найр наадам, зугаа цэнгэлд бүрэн автсан хүмүүс байв. Тэд худалдаа наймаагаар арвин их ашиг олж түүндээ эрдэж бардсан, наргиан цэнгээн, садар самуун байдалд бүрэн автагдсан байлаа. Тэдний хувьд зугаа цэнгэл, хувийн таашаал хамгийн эрхэм зүйл болсон байв.
Харин ийм амьдралаас эргэж Бурханд итгэсэн шинэхэн итгэгчдэд хандан Паул хэлэхдээ “та нар юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө алдаршуулахын тулд, өөрсдийнхөө хүсэл зоригийн төлөө биш харин Бурханы төлөө хийгээрэй гэж хэлсэн. Паулын энэ зөвлөгөө тухайн үеийн нийгмийн амьдралын хэв маягийн яг эсрэг зөвлөгөө байсан. Та амьдралдаа шулуун шударга, зарчимч байвал энэ нь таны амьдарч буй нийгмийн нийтлэг чиг хандлагын эсрэг байх болно. 
Харин Паул Колоссайн итгэгчдэд хандан бичихдээ “та нар юу ч хийсэн...” гэдэг үгийг хоёр удаа давтсан. Эхлээд Колоссай 3:17-д хэлэхдээ Паул “Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн” хэмээсэн. Харин хоёр дахь удаагаа Колоссай 3:23 эшлэлд Паул “Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн” гэсэн байдаг.
Паул энд итгэгчдийн өдөр тутмын ажил хөдөлмөртэй холбогдуулан энэ үгийг хэлжээ. Ингэхдээ Бурхан Өөрийнхөө хүүхдүүдээс илүү ихийг хүлээдэг болохыг, итгэгчид бид ажил хөдөлмөртөө хамгийн сайнаараа хичээх ёстой гэдгийг, бидний хичээл зүтгэлийг Бурхан өгөөмрөөр шагнадаг болохыг Паул итгэгчдэд сануулжээ.
Эцэст нь, “та нар юуг ч хийсэн...” гэдэг үгэнд бидний хийж үйлдэж буй бүхэн багтана. Есүс Христийн дагалдагч гэгдэж байгаа хүмүүсийн хувьд дутуу дулимаг гүйцэтгэл зохихгүй. Учир нь бидний хийж үйлдэж байгаа бүхэн биднийг Өөртөө үйлчлүүлэхээр дуудсан Түүнийг гэрчилж байдаг бөгөөд бидний хичээл зүтгэлээр дамжуулан тэнгэр дэх Эцэг маань алдаршдаг.
Бидний амьдрал хэр амжилттай байх нь Бурханы ивээл ерөөлөөс шууд хамааралтай. Тэр бол бидний амьдралыг өөрчилж чадах хамгийн агуу үл үзэгдэх хүчин зүйл. Дуулал 1:1-2-т өгүүлэхдээ “Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ! ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана” (Дуулал 1:1,2) гэсэн байдаг.
“Та нар юуг ч хийсэн...” гэдэг нь бидний амьдралын бүхий л үйлстэй холбоотой. Нөгөөтэйгүүр энэ үг бидний хийж үйлдэж буй бүхнийг Бурхан анхааран харж байдаг гэдгийг баталж байдаг. 

БИДНИЙ ҮЙЛС БҮРИЙГ БУРХАН АНХААРАН ХАРЖ БАЙДАГ НЬ ЮУТАЙ ГАЙХАЛТАЙ ХЭРЭГ ВЭ!