БУРХАНД БУУЖ ӨГНӨ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

БУРХАНД БУУЖ ӨГНӨ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Марк 15:39 

Есүсийг Аврагчаа болгосон хэрнээ Түүнийг Эзэнээ болгохгүй байх боломжтой юу? Өөрөөр хэлбэл бид нэг зүйлд бүрэн итгэсэн ч тэр зүйлдээ өөрийгөө зориулахгүй байх боломжтой юу? Магадгүй та дотроо “Би мөнхийн улсад очихыг хүсэж байна. Гэхдээ би шашны фанат болмооргүй байна” гэж бодож байж болох. 
Дээр үед нэгэн залууд яг ийм асуудал тулгарчээ. Түүний амьдрал садар самуун явдалд живсэн байв. Тэрээр амьдралынхаа тэрхэн үеийн тухай хожим дурсахдаа “садар самуун явдлын хүлээст орж сүйрлийн ёроолгүй гүн руу гулсаж байлаа” гэсэн байдаг. Хэдийгээр тэр сүмд явж эхэлсэн ч тэрээр гаднаа шашинлаг дүртэй боловч амьдрал нь ёс бус байдлаар дүүрэн хэвээрээ байсан. Түүний дотор ёс суртахууны маш том дайн өрнөж байсан тухай хожим тэрээр дурсан бичсэн юм. 
Тэр хүний нэр хэн бэ? Өнөөдөр бид түүнийг Гэгээн Августин гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ түүний амьдрал анхнаасаа ариун гэгээн байгаагүй. Харин явцын дунд Августин Миланы Бишоп Амбросегийн номлолд ихэд татагдах болж, түүний номлолуудаар дамжуулан Августин үнэн төрхөө олж харсан гэдэг. Ингээд Августин Бурханд итгэхээр шийдэж улмаар түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн.
Бид Христийн өмнө өвдөг сөгдөж, Түүнийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхгүйгээр Түүнийг Аврагчаа болгон хүлээн авч чадахгүй хэмээн Августин итгэж байсан. Дагалдагч байх гэдгийг Августин хэрхэн ойлгож байсан талаар өгүүлэхдээ судлаач Ричард Фостер ийнхүү бичжээ. “Өнөөдрийн биднээс ялгаатай нь, хэн нэгэн хүн Христийн дагалдагч бололгүйгээр Христэд итгэгч болох боломжгүй хэмээн Августин үзэж байсан. Түүний хувьд Христэд итгэх, Христийн дагалдагч болох гэдэг нь нэг хаалганы хоёр тал байсан юм. “Христийг хүлээн авах” гэдэг нь амьдралаа эрс өөрчлөхийн нэр хэмээн Августин үзэж байв. Сайтар эргэцүүлэн бодсоны эцэст амьдралын хэв маягаа өөрчлөөгүй итгэл бол “хууран мэхлэлт” хэмээн тэр дүгнэсэн юм... Августины хувьд Христэд итгэнэ гэдэг нь ямар нэгэн онолын ойлголтыг хүлээн зөвшөөрөх төдий биш харин амьдралаа бүхлээр нь өөрчлөх явдал байсан” хэмээн Фостер бичжээ.
Тэгвэл өнөөдөр Христэд итгэгч байх гэдэг нь яг ямар утга учиртай юм бэ? Энэ нь цуглаанд явахын нэр үү? Эсвэл судалгаанд өөрийгөө Христэд итгэгч гэж бөглөхийн нэр үү? Эсвэл үйлчлэлийн багт элсэхийн нэр юм уу? Энэ асуултад хариулахаасаа өмнө та Библийн дараах үгнүүдийг дахин нэг санаарай. 2Коринт 5:17-д хэлэхдээ “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” хэмээсэн. Мөн Есүс дагалдагч нартаа шийдэмгийгээр "Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй” (Матай 6:24) хэмээн сануулсан байдаг.
Хэрвээ Христэд итгэх итгэл, Түүнд зориулах зориулалт чинь жинхэнэ бол энэ нь таны зан байдал, амьдралын хэв маягт нөлөөлөх болно. Эс тэгвээс энэ нь зүгээр л хий хоосон зүйл. Тийм ч учраас Есүс дагалдагч нараасаа “Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?” (Лук 6:46) гэж асууж байсан.
Бидний хувьд дүр эсгэж, хоёр нүүр гаргаж явахад амьдрал дэндүү богинохон. Хэрвээ та Христэд итгэсэн ч таны амьдралын хэв маяг өөрчлөгдөөгүй бол магадгүй та Христэд үнэнээсээ итгээгүй байж ч болох. Магадгүй та Библийн түүхүүдийг мэддэг, магтан дуунуудыг сурсан байж болно. Магадгүй та Христэд итгэгч хүн шиг дүр эсгэж найз нөхдийнхөө нүдийг хуурч байж болох ч хэрвээ та зүрх сэтгэлдээ Бурханы өмнө бууж өгч, Түүний өмнө чин сэтгэлээсээ өвдөг сөгдөөгүй бол таныг жинхэнэ итгэгч гэж хэлэх аргагүй!
Тиймээс бид Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авахдаа Түүний мөн Эзэнээ болгон хүлээн авах учиртай. Тэр цагт бид Христтэй хамт, Түүний үгийн дагуу амьдрахын гайхамшигийг мэдэрнэ. Тэр цагт бид Христ бидний гэм нүглийг уучилсан гэдгийг бүрэн ухаарч, бид Есүс Христийнх болсон гэдгээ жинхэнэ утгаар нь ойлгоно. 


ЕСҮС ХРИСТИЙГ АВРАГЧАА БОЛГОН ХҮЛЭЭН АВАХДАА ТҮҮНИЙ МӨН ЭЗЭНЭЭ БОЛГОН ХҮЛЭЭН АВ.