БИД ӨӨРСДИЙГӨӨ ХЭРХЭН ХАРАХ ЁСТОЙ ВЭ?

БИД ӨӨРСДИЙГӨӨ ХЭРХЭН ХАРАХ ЁСТОЙ ВЭ?

Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. Ефес 1:6

“Эргэлзэгчдийн элч” гэгддэг Си.Эс.Льюис “аливаа зүйл хоёр туйлтай байдаг нь бидний өмнө алдаа гаргах хоёр боломж байна гэсэн үг” гэж хэлсэн. Хэрвээ бид нухацтай бодоод үзвэл түүний үнэн болохыг ядах юмгүй ойлгоно. Жишээ нь: бид өөрсдийгөө бодох ёстойгоос хэт өндрөөр бодвол бид ихэрхэг бардам болно. Эсрэгээрээ бид өөрийгөө хэт доогуур үнэлбэл бид өөрийгөө голж, сэтгэл гутралд автана.   
Бидний эргэн тойронд буй зарим хүмүүс урдах ажлаа маш сайн хийдэг атлаа өөрийгөө сайн гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэдэнд ажлаа сайн хийж байгааг нь ямагт хэлж урамшуулж байх ёстой болдог. Учир нь тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч сураагүй учраас, тэдний дотор өөртөө итгэлгүй байдал бий болсон байдаг. Магадгүй та өөрөө ч тийм хүмүүсийн нэг байж болох. Гэтэл зарим хүмүүс болохоор өөрсдийгөө хэт үнэлдэг. Тэд ажил дээр нь өөр хэн нэгэн өөрөөс нь илүү үнэлэгдэхийг хөндлөнгөөс харж тэвчдэггүй. Энэ нь ч мөн тэдний өөрийгөө харах хараатай нь холбоотой. Учир нь түүний дотор буй бардамнал, бусдаас өөрийгөө илүү гэж бодсон бодол нь түүнийг бусдын амжилтыг хүлээн зөвшөөрч чадахгүйд хүргэдэг. Бид бүгд л өөрийгөө харахдаа энэ хоёр туйлын хооронд хэлбэлзэж байдаг. Үнэндээ энэ асуудал сүүлд бий болсон цоо шинэ асуудал биш. 
Одоогоос 1900 гаруй жилийн өмнө элч Паул Ром хотын чуулган дахь хүмүүст хандан бичихдээ дараах зөвлөмжүүдийг өгсөн. Тэрээр “Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод” (Ром 12:3) хэмээсэн. Мөн Коринтын чуулганыханд хандан Паул бардамналаас болж бүдрэх вий гэдгийг сануулдаг. Ингэхдээ Паул тэдэнд “Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил” (1 Коринт 10:12) хэмээн сэрэмжлүүлсэн. 
Бид өөрсдийнхөө дотор төрж буй мэдрэмжийг Бурханы өмнө авчирч, мөн Христийн улмаас Бурхан биднийг байгаагаар нь хүлээн авна гэдгийг мэдэх үед бидний зүрх сэтгэл гайхамшигтай амар тайвныг мэдэрдэг. Библид хэлэхдээ биднийг Бурхан Христийн дотор хайрлаж, хүлээж авсан гэсэн байдаг (Ефес 1:6). Бурхан биднийг хүлээж авах үед бид итгэлээр Түүний хүүхдүүд болдог. Тийнхүү бид Бурхантай харилцах цоо шинэ харилцааг хүлээн авдаг. 
Товчхондоо бол бидний амьдралд хандсан Бурханы хүсэл зориг гэж бий. Тиймээс бидний амьдралд тохиолдож байгаа бүхэн Бурханы энэ хүсэл зоригийн төлөө байдаг. Харин Бурханы энэхүү төлөвлөгөөнд итгэхээс татгалзах үедээ бид бусдын дээр гарахын тулд өөрийгөө өргөмжилж эхэлдэг. Харин Дуулал номд “Учир нь өргөмжлөл Дорноос ч үгүй, өрнөөс ч үгүй, Цөлөөс ч үл ирнэ. Харин Бурхан Шүүгч бөгөөд нэгийг бууруулж нөгөөг өргөмжилнө” (Дуулал 75:6) хэмээсэн. Хэрвээ та биш өөр хэн нэгэн хүн өргөмжлөгдөж байгаа бол тэр хүнд атаархахын оронд харин таныг байгаагаар чинь хүлээн авсан Бурханд талархаарай. Паул бидэнд сануулан хэлэхдээ “Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм” (Филиппой 4:11) гэсэн байдаг.
Нөгөөтэйгүүр бид өөрсдийгөө доош нь хийж, хэн ч биш, юунд ч хэрэггүй гэж бодох ёсгүй юм. Та юу ч биш байж болно. Гэхдээ тань дээр Христийг нэмэх үед таны амьдрал тэнгэрлэг амьдрал болон хувирдаг. Таны амьдрал тэнгэрлэг үнэ цэнтэй. Харин бид өөрсдийгөө дорд үзэх үедээ энэ агуу үнэ цэнийг үгүйсгэдэг. Бурхан биднийг уучилсан. Тиймээс бид ч бас өөрсдийгөө уучлах ёстой. Бурхан биднийг хайрласан. Тиймээс бид ч бас өөрсдийгөө хайрлах ёстой. Бурхан бидэнд санаа тавьдаг. Тиймээс бид ч бас өөрсдөдөө санаа тавих ёстой. 
Ихэрхэл бардамнал ч тэр, өөрийгөө дорд үзэх үзэл ч тэр аль нь ч бидний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгож чадахгүй. Харин амьдралдаа тохиолдож буй аливаа нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, тэдгээр зүйлсээр дамжуулан Бурхан ажиллаж байгаа гэдэгт итгэж найдах нь Бурханд итгэх итгэлийн амьдралын гол түлхүүр. Тэр цагт бид өөрсдийгөө өргөмжлөх гэсэн, эсвэл өөрсдийгөө доош нь хийсэн аливаа хандлагаасаа ангижирч чадна.


АМЬДРАЛДАА ТОХИОЛДОХ ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР.  УЧИР НЬ ТЭРХҮҮ ЗҮЙЛСЭЭР ДАМЖУУЛАН БУРХАН АЖИЛЛАЖ БАЙГАА.