УРАМ ЗОРИГГҮЙ БОЛОХ ЦАГТ ЯАХ ВЭ?

УРАМ ЗОРИГГҮЙ БОЛОХ ЦАГТ ЯАХ ВЭ?

Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров. Үйлс 28:15 

Таны байгаа бүхнээ зориулсан зүйл нуран унахыг та харж байсан уу? Таны хичээл зүтгэл, зориулалт, нойргүй хоносон шөнүүд, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бүгд талаар болохыг харж байв уу? Таны бүхнээ зориулсан ажил эсвэл бүхнээ зориулсан харилцаа аль нь ч тэр. Хамгийн чухал үед урам хугарах шиг хэцүү зүйл үгүй. 
Нэгдүгээрт, бид бие махбодын хувьд ядарч сульдсан үедээ хамгийн ихээр урам зориггүй болдог. Та ядарч байна уу? Амарч сэргэсэн, хүч чадлаа сэлбэсэн үед хүмүүс тийм ч амархан урам хугарч, зориг мохдоггүй. Харин ядарч туйлдсан үед дайсны цохилт бидэнд хамгийн хүчтэйгээр мэдрэгддэг. 
Та зоригт эш үзүүлэгч Елиа Баалын олон зуун эш үзүүлэгчийн эсрэг ганцаараа зогсож Бурханы шүүлтийг тэдний дээр буулгасан гайхамшигтай түүхийг санаж байна уу? Тэдгээр эш үзүүлэгчдийн эсрэг Елиа цор ганцаараа зогсож тэднийг ялан дийлсэн. Гэвч дараа нь тэр туйлдаж ядарсан үедээ дайснаасаа айж Хоребын цөл рүү амиа хоохойлон зугтаасан. Тэрээр цөхөрсөндөө “Эзэн минь, би үхмээр байна. Би надаас өмнө байсан эш үзүүлэгчдээс ямар ч ялгаагүй нэгэн” хэмээн залбирсан. Елиа шиг Бурханы агуу хүн хүртэл сэтгэлээр унаж цөхөрдөг болохыг бид эндээс харж байна. Тэр үед харин Бурхан Елиаг гүн гэгч унтуулж амраасан.
Хоёрдугаарт, урам зориггүй байдал маш халдвартай зүйл юм. Нэрт бизнесмэн, уран илтгэгч Чарльз Трэмэндус Жонесоос нэгэн хүн “Танд урам хугарах үе тохиолдож байсан уу?” хэмээн асууж. Харин Чарльз хариуд нь “Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ энэ тухайгаа би бусдад яривал бүгд л надтай адил болно шүү дээ” хэмээн хэлсэн гэдэг. Хэн нэгэн хүн урам зориггүй болох үедээ уулзсан болгондоо урам зориггүй байдлаа халдааж байдаг. Хуучин Гэрээнд Амлагдсан газрыг туршуулахаар Иошуагийн илгээсэн 10 туршуул бүхэл бүтэн үндэстнийг урам зориггүй болгож орхисныг та санаж байгаа байх. Тиймээс урам зориггүй байдал гэдэг маш өндөр өртөгтэй.  
Гуравдугаарт, урам зориггүй байдал бол бидний итгэлийг мохоохоор тэмцэж байдаг дайсан. Итгэл бидэнд “Би Бурханд итгэхийг хүсэж байна” гэж хэлдэг. Харин урам зориггүй байдал бидэнд “Ямар ч найдвар алга” гэж хэлдэг. Тэгвэл урам зориггүй байдлын өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй вэ?
1. Урам зориггүй болно гэдэг гэм нүгэл биш. Агуу сүнслэг хүмүүс ч, итгэлийн баатрууд ч бүгд л урам зориггүй байдалд орж үзсэн байдаг. 
2. Та урам зориггүй болсон бол тэр байдлаа Бурханд өргө. Тэгээд эр зориг, хүч чадлыг шинээр сэлбэж өгөөч хэмээн гуй. Дуулал 55:17 дээр хэлэхдээ, “Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно” хэмээсэн байдаг. Есүсийг цөлд соригдож байх үед Бурхан Түүнд үйлчлүүлэхээр Тэнгэрэлч нараа илгээж байсан. Бурхан өнөөдөр ч урам зориггүй болсон нэгэнд итгэл найдвар, урам зориг өгсөөр байгаа гэдгийг та битгий мартаарай. 
3. Элч Паул Ром руу аялан явахдаа өөрийг нь цаазын ял хүлээж байгааг гадарлаж байсан. Паул Ром хүрэхээр салхи шуургатай Газар дундын тэнгисээр аялж явсан. Тэр бие махбод, сэтгэл санааны хувьд ихэд ядарч туйлдсан байв. Харин түүнийг Ромд ирэх үед итгэгчид түүн дээр ирж уулзсан. Улмаар тэр Бурханд талархаж, урам зоригтой болсон.
Хэрвээ таны урам хугарч, зориг мохсон бол та Бурханы дотор амраарай. Исаиа 41:10-г цээжил. Энд хэлэхдээ “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” гэсэн байдаг.  Энэ л үгэнд итгэж Бурханы тусламжтайгаар дахин урагш алхаж эхлээрэй.


ЭЗЭН ЧАМАЙГ ТЭНХРҮҮЛНЭ. ЧАМД ҮНЭХЭЭР ТУСАЛНА. ЧАМАЙГ ДЭМНЭНЭ.