ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХАД БИДНИЙ ӨМНӨ ИРДЭГ ХОЁР СОНГОЛТ

ЗОВЛОН БЭРХШЭЭЛ ТУЛГАРАХАД БИДНИЙ ӨМНӨ ИРДЭГ ХОЁР СОНГОЛТ

Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа. Иохан 16:33 

“Хэрвээ би энэ асуудлыг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна”. Энэ бодол танд танил сонсогдож байна уу? Бид ингэж бодоод шүдээ зуун зовлон бэрхшээлийг туулан гардаг. Гэтэл нэг асуудлыг даваад гарахад цаана нь дахиад нэг асуудал биднийг хүлээж байх тохиолдол цөөнгүй байдаг. Заримдаа бидний амьдрал яг л дугуйгаар аялж яваа мэт санагддаг. Уул өөд өгсөхөд их удаан, маш их хүчин чармайлт шаарддаг хэрнээ уулаас уруудахдаа маш хурдан буучихдаг. Тэгээд дахиад л дараагийн уул өөд мацаж эхэлдэг.
Тиймээс ч Эзэн Есүс нэгэнтээ “Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан 16:33) гэж хэлсэн. Энэ үгээрээ дамжуулаад Есүс Өөрийг нь дахин ирж хаанчлалаа байгуулах хүртэл нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг бидэнд тодорхой хэлжээ. 
Сонирхуулж хэлэхэд “хямрал” гэдэг Хятад ханз нь аюул болон боломж гэсэн хоёр ханзнаас бүрддэг. Үнэхээр бидний өмнө асуудал тулгарахад энэ хоёр зүйл хоёулаа бидний өмнө үүдээ нээдэг.
“Хэрвээ би энэ асуудлыг л давчихвал... ” гэж бид боддог. Мэдээж аливаа асуудлыг даван гарахад буруу зүйл огт байхгүй. Гэхдээ нэг асуудлыг давлаа гээд ар араасаа ирэх асуудлууд дуусна гэж бүү бодоорой. 
Шинэ Гэрээнд “санаа зовнил”, “түгшүүр” гэж орчуулдаг үг нь их сонирхолтой. Чуулгануудад хэрхэн санаа тавьдаг тухайгаа өгүүлэхдээ Паул энэ үгийг хэрэглэсэн бол нөгөөтэйгүүр нөхцөл байдалдаа санаа зовнилгүй Эзэнд даатган залбирах тухай өгүүлэхдээ ч мөн Паул энэ үгийг хэрэглэжээ. 
“Санаа зовних” гэсэн Грек үг нь өөрөө “мэримна” гэсэн үг бий. Энэ үйл үгийн утга нь “хоёр шийдвэрийн дунд тээнэгэлзэх” гэсэн утгатай. Та өөрөө ийм байдалд орж үзсэн л биз дээ? Тархи зүрх хоёр маань бидэнд хоёр өөр зүйлийг хэлээд байдаг даа. Тархи маань бидэнд “Наад асуудал чинь ч давахын аргагүй том асуудал байна шүү” гэж хэлж байхад зүрх маань бидэнд “Бурхан энэ асуудлаас ч илүү том шүү дээ. Бурханд итгэсэн нь дээргүй юу” гэж хэлдэг. Ингээд л бид хоёр шийдвэрийн дунд тээнэгэлзэж эхэлдэг. Эцсийн үр дүнд нь санаа зовнил бий болдог. 
Би өөрөө ийм байдалд орох үедээ энэ хоёр шийдвэрийн үр дүнг эргэцүүлэн боддог. Санаа зовнилоо дагах эсвэл “Бурханд итгэ!” хэмээн хэлж буй Ариун Сүнсний ятгалгыг дагах хоёрын эцсийн үр дүн юунд хүргэхийг төсөөлөн боддог. 
Швейцарийн нэрт сэтгэл зүйч Пол Турниер “Бурханаас бидэнд өгсөн хамгийн хүчирхэг атлаа бидний хамгийн бага хэрэглэдэг бэлэг бол сонголт” хэмээн хэлсэн. Энэ үг өөрөө Бурханы үг болох Библиэс эхтэй үг. Үнэндээ нөхцөл байдал ч биш, хувь тавилан ч биш, таны дайсан ч биш харин та өөрөө сонголтыг хийдэг гэдгийг та санаарай. Энэ бол таны сонголт. Санаа зовних уу, итгэх үү гэдэг сонголт нь таных. Урагшлах уу, ухрах уу, Бурхантай хамт алхах уу эсвэл ганцаараа үлдэх үү гэдэг нь таны сонголт. 
“Ертөнцөд та нар зовлонтой байна” гэж Есүс хэлсэн. Гэхдээ ингээд зогсоогүй. Хэрвээ зогссон бол бидний ирээдүй их бүрхэг байх байсан. Харин Есүс үргэлжлүүлэн “Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иохан 16:33) хэмээн айлдсан. 
Есүс бидэнд хэлэхдээ бидний урагшлах замд Тэр бидэнтэй хамт алхаад зогсохгүй, Тэр аль хэдийн ертөнцийг ялсан хэмээсэн билээ. Тэр аль хэдийн ЯЛСАН. “Хэрвээ би энэ асуудлыг л давчихвал...” гэдэг бодол үнэндээ зөв бодол биш! Харин тэрхүү асуудалтай нүүр тулах үедээ бид Бурханаас хүч чадлыг авах, мөн тэрхүү асуудлыг давах үйл явцаасаа суралцахыг чухалчлах ёстой.
“Яагаад бид гэж?” хэмээх номдоо Уоррен Вирсбе нэгэн сохор охины залбирлын тухай бичсэн байдаг. Тэр охин Бурханд хандан залбирахдаа “Энэ зовлонг дэмий өнгөрүүлэхгүй байхын төлөө залбирч байна” гэсэн байдаг. Тэр охин өөрт нь хандсан Бурханы зорилгыг олж харсан учраас ийнхүү залбирч чаджээ. Тиймээс та ч бас үүнийг олж харж чадна. Таны амьдралд юу ч тохиолдож байсан тэр бүхнийг та Бурхантай хамт даван гарч чадна. 


ЗОВЛОН БЭРХШЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН ИХИЙГ СУРЧ МЭДДЭГ.