ҮЙЛЧЛЭЛИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХ НЬ

ҮЙЛЧЛЭЛИЙН АМЬДРАЛААР АМЬДРАХ НЬ

Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.  Матай 25:40

Х.А.Хожес Английн Оксфордын их сургуулийн шилдэг оюутнуудын нэг байжээ. Тухайн үед Хожес бурхангүй үзэлтэн байв. Нэгэнт Бурханыг байдаг гэдгийг хэн ч баталж чадахгүй учраас Бурханд итгэх боломж байхгүй гэж тэрээр үздэг байжээ. Гэхдээ нөгөөтэйгүүр Бурхан байхгүй гэдгийг ч баталж чадахгүй гэдгээ тэр хүлээн зөвшөөрдөг байв. Нэг өдөр тэрээр Оксфордын төв гудамжаар алхаж явахдаа нэгэн дэлгүүрийн шилэн лангууг харжээ. Тэр лангуун дотор Христитгэлт нэгэн зураачийн зурсан энгийн нэгэн бүтээлийг тавьсан байв. Тэр зурагт Есүс дагалдагч нарынхаа хөлийг угааж байгааг дүрсэлжээ. Тэрхэн мөчид Хожесын дотор “Хэрвээ Бурхан ийм байдаг бол тэр Бурханд би итгэмээр байна” гэсэн бодол төрсөн гэдэг. Бусдад хайраар үйлчлэхийг үлгэрлэн харуулсан тэр Бурханаас Хожес татгалзаж чадаагүй юм. 
Есүсийг баригдахын өмнөхөн дагалдагчид нь Түүнтэй хамт Алгаслын баярын зоогийг барьсан тухай Библид бичигдсэн байдаг. Тэр үеэр Есүс дагалдагчдынхаа хөлийг угаасан. Тэдний Багш, Эзэн атлаа тэдний хөлийг ийнхүү угаасан нь үнэхээр хэний ч санаанд багтамгүй үйлдэл байв. Тухайн үед нэр нөлөө бүхий хүмүүс бусдаар хөлөө угаалгана уу гэхээс бусдын хөлийг хэзээ ч угааж байгаагүй. Тухайн үед гадуур явж тоос шороонд дарагдсан хөлийг угаах нь зарц нарын хийх ёстой ажил байв. Тиймээс Есүс хөлийг нь угааж эхлэх үед дагалдагчдад нь маш эвгүй байсан. Тиймээс Петр “Үгүй ээ, Та хэзээ ч миний хөлийг угаахгүй шүү” гэж эсэргүүцсэн юм. Харин Есүс хариуд нь “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно” гэсэн байдаг.
Та хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүний хөлийг угааж үзсэн үү? Өнөөдөр хуучны тэр цаг шиг хүмүүс бусдаар хөлөө угаалгахаа больсон. Гэхдээ Христэд итгэгчид одоо ч даруу зүрх сэтгэлийнхээ үүднээс бусдын хөлийг угаасаар байна. 
“Уяман өвчтэй нэгний хөлийг угаах үедээ чи Есүсийн хөлийг угааж байдаг юм шүү” хэмээн Тереза эх хамтран зүтгэгчдэдээ хэлсэн. Өнөөдөр хөл угаах гэдгийг бид хүнд өвчтэй нэгнийг асрах, өлсөж цангасан нэгэнд хоол хүнс бэлдэж өгөх, өндөр настай эцэг эхийгээ асарч тэтгэх зэргээр орлуулан ойлгож болох. Дагалдагч нарынхаа хөлийг угаасны дараа Есүс тэдэнд “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайлал өгөв” хэмээн айлдсан. Мөн “Үүнийг мэдэж үйлдвээс та нар ерөөлтэй” хэмээн айлдсан юм. 
Хамтдаа үйлчлэлийн тухай бодоод үзэцгээе. Есүсийн үлгэрлэн харуулсан үйлчлэл болон зохиолч Ричард Фостерын нэрлэсэн “өөрийгөө зөвтгөх үйлчлэл” хоёр хоорондоо эрс ялгаатай.
“Дагалдагчдын баяр хөөр” номдоо зохиолч Ричард Фостер “Өөрийгөө зөвтгөх үйлчлэл нь түр зуурынх юм. Энэ нь ихэвчлэн ганц хоёрхон удаагийн үйлчлэл. Харин жинхэнэ үйлчлэл бол амьдралын хэв маяг. Энэ нь амьдралын хэв маягаас урган бий болсон үйлчлэл. Энэ нь бусдын хэрэгцээг хангахын тулд тасралтгүй ундарч байдаг үйлчлэл” хэмээн бичжээ.
Нэгэн удаа Денверийн Библийн сургуулийн төгсөлтийн ёслол дээр Библийн сургуулийн Ерөнхийлөгч Др.Вернон Граундс төгсөгчдөдөө төгсөлтийн бэлэг гардуулжээ. Тэр нь Библи байсан уу? Эсвэл урам зориг өгөх ном байсан уу? Үгүй ээ. Др.Граундс хүн бүрт энгийн нэгэн нүүр гарны алчуур бэлэглэсэн гэдэг. Энэ эгэл жирийн бэлэг тэдэнд Есүсийн үйлчлэлийг сануулсан юм. Тэр алчуурыг харах бүртээ тэд өөрсдийгөө эзэд биш харин үйлчлэгч нар гэдгийг санах учиртай байлаа. Өнөөдөр тэр алчуурууд дэлхийн өнцөг булан бүрт тархсан.
Тэгвэл бид ч бас аялан явахдаа “савтай ус, хөл угаах алчууртай” явах болтугай. Ингэхдээ бид Есүсийн айлдсан үгийг үргэлж санах болтугай. Есүс бидэнд айлдахдаа “... та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд бирсэн билээ” (Матай 20:26-28) хэмээсэн. 
Бид үйлчилдэг нь Есүс Христийн үлгэр дуурайллын улмаас юм. Тэр бидний хувьд эрхэм учраас, бид Түүнийг сонсож дагадаг учраас үйлчилдэг. 


ЖИНХЭНЭ ҮЙЛЧЛЭГЧ НЭГЭН ХРИСТИЙГ ГЭРЧЛЭХИЙН ТУЛД ҮЙЛДДЭГ.