ГАЛ ДУНДААС ГАРСАН ИТГЭЛ

ГАЛ ДУНДААС ГАРСАН ИТГЭЛ

Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.  Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв. Исаиа 43:2-3 

Төрсөн нутаг Англиа орхиж Энэтхэгийг зорьсон Уиллам Кэри бол орчин үеийн илгээлтийн эздийн анхдагчдын нэг. Энэтхэгт очсон даруйдаа Кэри тэндэхийн хүмүүсийн хэл дээр Библийг орчуулах ажилд ханцуй шамлан орсон. Түүнд туслах хэл шинжээчид байсангүй. Компьютер, тусгай програм ч байгаагүй. Тиймээс Библи орчуулах ажил нь маш удаан урагшилж байв. Замын дунд туслах хүмүүс түүнтэй нэгдэж улмаар тэд удаан боловч тууштайгаар урагшилсаар байжээ.
Эцэст нь тэд орчуулгын ажлаа дуусч Библиэ хэвлэн тарааж эхлэв. Гэвч нэг өдөр Кэриг үйлчлэлийн ажлаар өөр газар яваад ирэхэд оффист нь аймшигтай гал гарч хэвлэлийн газар байрлаж асан барилга бүхэлдээ шатаж орхижээ. Хамгийн гол нь түүний орчуулгын бүх ажил, тэмдэглэл, толь бичгүүд бүгд шатаж үгүй болсон. Энэ бол тэдэнд маш хүнд цохилт болжээ.
Тэр үед юу болсон, тэр бүх нөхцөл байдлыг Кэри хэрхэн хүлээн авсан талаар хамтран зүтгэгч нь хожим дурсан ярьсан байдаг. Тийм байдалд орсон Кэри уурлаж бухимдсангүй, цөхөрч гутарсан ч үгүй. “Тэр Бурханы өмнө өвдөг сөгдөн тэр бүх ажлыг дахин хийх хүч чадалтай байгаагийнхаа төлөө талархсан юм” гэж хамтран зүтгэгч нь дурсан ярьсан. Өөрийгөө өрөвдах, харуусан гашуудахын оронд Кэри ажлаа эхнээс нь эхэлж өмнөхөөсөө илүү сайныг хийсэн гэдэг.
Кэри бидний олонхтой адил “Сайн хүмүүст яагаад муу зүйлс тохиолддог юм бэ?” гэсэн асуултаар толгойгоо гашилгаагүй. Зохиолч Уоррен Вирсбе “Яагаад бид гэж?” хэмээх номдоо “Бидний хүн нэг бүрийн дотор өөрийн гэсэн “итгэлийн тунхаг” байдаг бөгөөд энэ нь бидний асууж байгаа асуултуудаар илэрч байдаг” гэж бичжээ. Хэрвээ “Бурхан яагаад надад ийм зүйлийг зөвшөөрсөн юм бэ?” гэж асуусан бол Кэригийн энэхүү итгэлийн түүх бичигдэхгүй ч байж болох байсан.
Өнөөдөр маш олон хүн Бурхан өөрт нь ямар нэгэн өртэй юм шиг санаж амьдардаг. Бид Бурханы хүүхдүүд болсон учраас бидэнд муу зүйл тохиолдох ёсгүй мэт боддог. Мэдээж Есүс Христэд итгэвэл бүх асуудал шийдэгдэж, бид бүгд эрүүл саруул, баян чинээлэг, аз жаргалтай болчихдог бол сайхан л даа. Гэхдээ харамсалтай нь тийм биш. Библи ч бидэнд ингэж хэлдэггүй.
Таны Бурханд итгэх итгэл чинь таны Бурханаас асууж байгаа асуултаар илэрдэг. Эрт цагт Бурхан эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан бидэнд айлдахдаа “Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан Чи Минийх” хэмээсэн. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү? Гэхдээ Бурхан үргэлжлүүлэн “Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй.  Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв” (Исаиа 43:2,3) гэмээсэн.
Бурхан бидэнд “Би чамайг гол усны, гал түймрийн аюулд хэзээ ч өртүүлэхгүй” гэж хэлээгүй. “Харин тэр бүхэнтэй нүүр тулах үед чинь Би чамтай хамт байх болно” гэж амласан. Энд “хэрвээ” гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл бидний амьдралд ийм зүйлс тохиолдох нь гарцаагүй гэдгийг хэлсэн. Учир нь бид бүгд гэм нүгэлд унасан дэлхий ертөнцөд амьдарч байна.
Нэг удаа би студидээ ажиллаж байтал толгой дээрээс хүнд юм унаж маш ноцтой байдалд орсон юм. Тэр өдөр би духан дээрээ 34 оёдол тавиулсан. Харин яг тэр өдөр эхнэр маань машинтайгаа явж байгаад осолд орж машин маань базсан цаас шиг болж орхив. Харин аз болоход эхнэр маань үхлийн аюултай ослоос эсэн мэнд үлдсэн юм. Хэдий тийм ч Бурхан биднийг тэр бүх ноцтой байдлаас эсэн мэнд авч гарсан.
Ром 8-р бүлэгт “Бурханыг хайрладаг... хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” гэж бичигдсэн байдаг. Энд “Бид таамаглаж байна” эсвэл “Бидэнд ингэж санагдаж байна” гэж хэлээгүй. Харин “бид мэднэ” гэж хэлсэн.


ЭНЭ Л ИТГЭЛ ДОТОР БИД УРАМ ЗОРИГТОЙ БАЙЖ ЧАДНА.