ТАНЫ ГЭРЛЭЛТИЙГ ЮУ ТҮШИЖ ТУЛЖ БАЙДАГ ВЭ?

ТАНЫ ГЭРЛЭЛТИЙГ ЮУ ТҮШИЖ ТУЛЖ БАЙДАГ ВЭ?

Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу ингэж тайлагдав. Эхлэл 24:67
 
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уран барилгуудын нэг болох Нотр Дамын сүм орчин үеийн Парисын зүрхэнд, Сиена мөрний эрэг дээр сүндэрлэдэг. Энэ гоёмсог барилга дундад зууны үед баригдсан. Аварга том тулгуур баганууд, тэдгээрийг холбосон сүрлэг нумнууд энэхүү үзэсгэлэнт барилгын ханыг гаднаас нь тулж байдаг юм. 
Дундад зууны үед энэ мэт томоохон сүмүүдийн барилгыг барих үед готик хэлбэрийн дааман хаалгууд болон өндөр таазуудыг хэрхэн тулж тогтоох вэ гэдэг асуудал архитектор болгонд тулгардаг байжээ. Мэдээж тэр үед ган төмрөөр хийсэн дааман хаалга, угсардаг хана байсангүй. Эдгээр сүрлэг барилгуудыг барихын тулд чулуу, байгалийн материалуудыг хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийг бат бэх болгож тогтоон барихын тулд архитекторын зүгээс асар их ур ухаан шаарддаг байв. Улмаар энэ мэт өндөр ханануудыг тогтоон барихын тулд барилгын хананы гадна талд аварга том багануудыг босгож, багануудаа хооронд нь хүчирхэг нумаар холбож, улмаар тэдгээр багануудаараа барилгын ханыг гаднаас нь тулах шийдлийг бий болгожээ.
Тэгвэл бидний гэр бүлүүдийг нурж унахаас сэргийлэн ийнхүү тулж байдаг тулгуур баганууд нь юу юм бол? гэж би үе үе боддог. Олон зуун жилийн турш сүндэрлэж буй үзэсгэлэнт уран барилгуудын нэгэн адил гэр бүл хэмээх гайхамшигтай харилцааг Бурхан Өөрөө буй болгосон. Гэхдээ барьж байгуулахын тулд маш их цаг хугацаа шаардсан энэ эрхэм харилцааг богинохон хугацаанд нураах боломжтойг бид мартах ёсгүй. 
Эртний аварга том барилгуудын ханыг гаднаас нь тулж байдаг сүрлэг багана мэт олон чухал зарчим гэрлэлтийг ч мөн адил тогтоон барьдаг. Эдгээр зарчмууд нь таны гэр бүлийг 21-р зууны ачаалалтай амьдралын дарамтыг даван гарахад тусална.
Тэгвэл таны гэр бүлийг тогтоон барьж байдаг хамгийн эхний, хамгийн чухал багана бол Бурханд итгэх итгэл. Францын нэр гүн ухаантан Блэз Паскал хүн бүрийн зүрхэн дотор Бурханы хэлбэртэй хоосон орон зай байдаг тухай, тэр хоосон орон зайг зөвхөн Бурханл дүүргэж чадах тухай өгүүлсэн. Үнэхээр бидний гэр бүлийг нураах эрсдэлд оруулж байдаг зөрчилдөөн сөргөлдөөнийг шийдвэрлэх аргуудыг Бурхан бидэнд Өөрийн үгээрээ дамжуулан өгсөн. 
Хэрвээ таны гэр бүлийн хүн тантай адил итгэл үнэмшилтэй бол, та хоёр хоёулаа Есүс Христэд итгэдэг бол, хамтдаа нэг чуулганд хамрагддаг бол таны гэр бүл бат бэх байх боломж илүү өндөр. Бурханд итгэх итгэл бол бидний амьдралыг ганхуулах ямар ч хүчин зүйлийг ялах хүчирхэг зэвсэг.
Бидний гэр бүлийг түшин тулж байдаг хоёр дахь багана бол ижил сонирхол. Эхнэр нөхөр хоёр хамтдаа нэг зүйлийг сонирхдог байна гэдэг чухал. Хийх дуртай зүйл, сонсох дуртай хөгжим гэх зэрэг ханьтайгаа хамтдаа хийх дуртай тэдгээр зүйлс таны гэр бүлийг түшин тулж байдаг. Тиймээс ч би зөвлөгөө авахаар ирсэн хосуудаас ихэвчлэн “Та хоёрт адилхан сонирхол хобби байдаг уу?, Та хоёр ямар төрлийн хөгжимд дуртай вэ?” зэргийг асуудаг. Энэ зүйлс тийм чухал уу гэвэл мэдээж чухал! Ямар ч адил сонирхолгүй, ямар ч адил зорилгогүй тэс өөр хоёр хүн зөвхөн бие биедээ хайртай гээд хамтран амьдарна гэвэл энэ нь тэдний хувьд маш хэцүү байх болно.
Таны гэр бүлийг түшиж тулах гурав дахь багана бол харилцан хүндлэл. Хүн бүрт тодорхой хэмжээнд ганцаараа байх цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Мэдээж хамтын амьдрал дунд ийм цагийг тогтмол гаргах нь амаргүй. Гэхдээ бид бие биеэ хүндэлж, бие биедээ ганцаараа байх, дуртай зүйлээ хийх боломжийг олгож, тэдний хүсэл зорилгыг хүндэлж чаддаг байх хэрэгтэй.
Эцэст нь өөр нэгэн чухал баганыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол өнөөгийн дарамтыг даван гарахад чинь туслах өнгөрсөн үеийн дурсамжууд. “Бид өнгөрсөн амьдралынхаа дурсамжаар амьдраад байж болохгүй шүү дээ” гэж та бодож байж болох. Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ та өнгөрсөн үеийн дурсамжуудыг ор мөргүй арилгаж ч бас чадахгүй. Тиймээс гэр бүлийн амьдралаа нурааж, гэр бүлийн амьдралдаа цэг тавихаас өмнө тэдгээр сайхан дурсамжуудыг эргэн санаарай. Эртний сүмийн цонхон дээрх шилэн зураг мэт тэдгээр дурсамжууд танд хуучны сайхан түүхүүдийг эргэн сануулна. 


ЭДГЭЭР ЗӨВЛӨМЖ ТАНЫ АМЬДРАЛД ТУС БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.