Дэд хууль

Дэд хууль нь Канаан нутагт орохоор олон жил цөлөөр хэрэн тэнүүчилсэн аянаа зогсоож, Моабын нутагт ирсэн израильчуудад Мосегоор дамжуулан Бурханаас өгсөн цуврал айлдвар хэлбэрийн зохион байгуулалттай ном юм.
Эл номд тэмдэглэгдсэн чухал хэрэг явдалд 1) Мосе өнгөрсөн 40 жилд тохиолдсон чухал үйл явдлуудыг эргэн дурсаж, тэднийг үнэнч дуулгавартай байлгахын төлөө цөлөөр Бурхан
хэрхэн удирдан дагуулсныг санаж явах талаар ард түмэндээ хэлсэн тухай; 2) Мосе 10 тушаалыг тоймлон, эхний тушаалын утгыг онцолж, өөрсдийгөө зөвхөн Эзэн Бурханд зориулахыг ард түмэндээ уриалж улмаар амлагдсан нутагт израильчуудын дагаж мөрдөх олон хуулийг дахин сануулсан тухай; 3) Мосе ард түмэндээ Бурханы гэрээний учир утгыг сануулж, үүнийг үнэнчээр даган биелүүлэхийг уриалсан тухай; 4) Бурханы хүмүүсийн дараачийн удирдагчаар Иошуа томилогдсон мөн Бурханы итгэмжийг магтан дуулж, Израилийн овгуудыг ерөөснийхөө дараа Моабын нутаг, Иордан голын зүүнтээд Мосе нас нөгчсөн тухай хэсгүүд тус тус багтана.
Номын хамгийн агуу сэдэв бол хайрладаг, сонгосон хүмүүсээ Бурхан ерөөж хамгаалдаг агаад Эзэнийг хайрлан дуулгавартай амьдарваас урт нас, үүрдийн ерөөл тасрахгүй байх тухай юм. Харин номын түлхүүр эшлэл нь “бүх тушаалын хамгийн агуу нь” хэмээн Есүсийн нэрлэсэн “Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн (6:4–6) нь билээ.
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн Дэд хууль номын танилцуулга/